2015/09/23

Киноны тухай хуулийн үзэл баримтлалыг хэлэлцжээ

Засгийн газрын хуралдаанаар Киноны тухай хуулийн үзэл баримтлалыг хэлэлцжээ. Энэ талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр мэдээллэхдээ
"Энэхүү үзэл баримтлалыг дэмжээд хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт үүрэг болголоо. Кино бол нийгэмд үлэмж нөлөө үзүүлдэг урлагийн сонгодог төрөл.  Монголчуудын хувьд өмнө нь киноны тухай хууль байгаагүй тул нийгэмд ийм төрлийн хуультай болохыг хүлээсэн хүлээлт үүссэн байсан. Иймээс тус хуулийн үзэл баримтлалыг хуралдаанаар ярьлаа. Үүнд, юуны өмнө кино үйлдвэрлэл эрхлэгчид ямар эрх үүрэгтэй байх вэ, киногоо хэрхэн үзвэрээр дамжуулан үзүүлэх вэ, кинотеатрын сүлжээ хэрхэн ажиллах вэ, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хэрхэн хангах вэ гэх зэрэг зохицуулалтыг нарийвчлан тусгасан.

Нөгөө талаар киноны үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд төрөөс ямар дэмжлэг үзүүлэх вэ гэсэн асуудлыг хөндөж оруулсан. Тухайлбал, киног бүтээж байгаа болон ийм төрлийн үйлдвэрлэлийг бий болгоход санхүүгийн тусламж үзүүлсэн хүмүүст татварын хөнгөлөлт үзүүлж, 30 хүртэлх хувийн татварын буцаан олголтыг өгөхөөр болсон. Дээр нь улсын захиалгаар хийсэн түүхэн, уран сайхны, хүүхдийн киноны санхүүжилтэд төрөөс дэмжлэг үзүүлнэ гэж заасан.

Түүнчлэн Олон улсын кино наадамд монгол киночдын бүтээлийг оролцуулах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, тэдгээр дэмжлэг үзүүлсэн хүмүүст урамшуулал олгоё гэсэн асуудал хуулийн үзэл баримтлалд тусгасан"
 гэсэн юм.