2015/03/23

Үндэс угсаагаа эрхэмлэх амин ухааныг "Содура" мэдрүүлнэ

Үрэгдсэн хойно нь, өтөлснийх нь дараа, ховордсон цагт нь үнэтэйг нь мэдэрч хайр зарлах цадиггүй зан хэнд ч хэрэггүй байх нь. Үүнийг өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн "Содура" уран сайхны киноноос олон хүн ойлгож гарчээ.

Хоймор нутагт минь хэдэн зууны туршид аж төрж ирсэн цаатнуудыг амьдарч байсан гэдгийг батлах баримт архивт л үлдэх хэмжээнд хүрчихээд байна. Арилжааны гэж ад үзэгддэг телевиз харин үндэсний цөөнхийн тухай түүхэн бүтээлийг төрийн данстай аль ч байгууллага хөндөж зүрхлээгүй байхад зориг гарган барьж авсан байх юм. Хожуу хэлд орсон хүүхэд урт насалдаг гэдэг өвгөдийн сургаал бий. Удаан дуншсан энэ бүтээл урт настай байх нь эхний үзэгчдийн нүдний нулимс, амнаас урсах магтаалын үгсээр бэлхнээ илэрнэ. "Содура" бол зүрхнийхээ дуудлагаар тайгыг зорьсон ухаант аавын үргэлжлэл. Үндэс угсаагаа эрхэмлэх амин ухаанаар хүүгээ тайгад үлдээх зоригт эх. Нүүдэл дундаа өтгөсөө үдэж, нялхасаа угтах ардын үнэн түүх та биднийх. Гэтэл өнөөдөр хотын хэмнэлд толгойгоо эргүүлж, хүний соёлд сэтгэлээ автуулчихаад тайгад л хадгалагдаж үлдсэн энэ үнэт өвийг та бид хөндлөнгийн нүдээр хараад суух цөвүүн цаг иржээ. Үндэс гарвал, удам угсаагаа холдчихоогүй дээр нь тогтоож үлдэх, бусдын өмнө биднийх гэж гайхуулах соёлтой, уламжлалтай байхын тухайд энэ бүтээл нэгийг бодогдуулна. Эх нутаг, эхэлсэн цэгтээ эргээд хүн татагддаг гэдгийг "Содура" батална.


Хөлд үхэшгүй мөнх цагаан уул цэцэг хөглөрч, тэргүүн дээр тэртээ алсад Хорьдол сарьдаг сүндэрлэнэ. Байгалийн дөрвөн өнгийг байгаа чигээр нь үзэгчдэд хүргэх гэж зураглаач нарын баг ажилласан бол үнэн түүхийг урнаар өгүүлэх үүрэг найруулагч, зохиолчид иржээ. "Содура" бүрэн хэмжээний уран сайхны кинонд 10 сартай хүүгээс эхлээд Ардын жүжигчид хүртэлх 5 үеийн төлөөлөл дүрээ мөнхөлсөн. Үзэгчдэд өгөөжтэй, ирээдүйд үнэ цэнэтэй энэ бүтээлд амиа өргөж тоглосон авъяаслаг нэгэн ч багтсаныг дурсах ёстой.

Эх хүнд хамгийн зөөлөн сэтгэл, хамгийн хатуу зориг хамтдаа заяадаг ажээ. Өрөөлийн төлөө өөрийгөө золих бүсгүй ухааныг, цаатанд тохиох мөхлийн зовлонг дээрээс нь биш дэргэдээс нь мэдрэх боломж бол "Содура" юм. "Содура" уран сайхны кино "Тэнгис", "Өргөө", "Соёмбо", "Хүннү"-гийн дэлгэцнээ өдөр бүр гарч байна.