2014/08/24

Г.Золжаргал - Киноны хашаанаас төрсөн бодол

Ажил, гэр гэж явсаар "Монгол кино" үйлдвэр хавиар очилгүй уджээ. Одоо "Кино нэгтгэл" гэсэн арай өөр нэртэй болсон. Миний багад манай гэр Кино үйлдвэрийн ажилчдын хашаанд байж билээ. Одоо гэрийн маань буурин дээр олон давхар байшин баригдаж байна. Олон жилийн өмнө бол энд найруулагч нар цэргийн генерал шиг бүгдийг командалж, түм түжигнэж бум бужигнадаг байв. Яг тэр газар одоо эвдэрхий машин ёнхойж, хог сэг хөглөрч харагдана. Зэвхий өвлийн хахир хүйтэн салхи хацар хайрна. Хүүхэд нас маань өнгөрсөн болохоор эргэж дурсах сайхан түүх энд өчнөөн бий. Явсаар Кино архивын байрны хаалга татаж орлоо.

Хэдэн жилийн өмнө бас л киноны тухай асуухаар ороход жигтэйхэн хүйт даасан, тохигүй байр угтаж байсан, одоо дулаахан тохилог болж. Цэвэрхэн, ижил халаад өмссөн танихгүй хүүхнүүд нааш цааш гүйлдэнэ. Уг нь дээхнэ үеийнхнийг нь дажгүй таньдаг байсан юм аа. Дээшээ гарлаа. Цэмцийгээд сайхан болж. Нэг хаалга татвал ахмад оператор Давааням гуай сууж байна. Хөөрхий энэ хөгшин аавын минь үеийн буурал. Манайх олон жил айл аймаг явсан. Давааням гуай, манай аав хоёр баримтат кинонд мөн олон жил явсан даа. Нас дээр гарч, залуугийн цог заль нь буурсан боловч дажгүй тэнхээтэй сууж байв. Амьдралын их зам туулсан хүн дээ. Монголын кино урлаг ид цэцэглэн мандаж байх үеийн амьд гэрч яах аргагүй мөн. Тэр дундаа кино мэдээ, аж ахуйн баримтат киноны нэлээдийг бүтээсэн туршлагатай ахмад.

Кино архивын газар очсон миний зорилго гэвэл "Монгол кино" үйлдвэрт бүтээсэн баримтат киноны жагсаалтыг сөхөж, аав минь болоод ахмадууд юу хийж вэ гэдгийг тодруулах гэсэн хэрэг. Монголын баримтат киноны алтан үеийнхнээс гарын арван хуруунд багтахтай үгүйтэй цөөн хүн үлдэж. Аргагүй олон жил өнгөрчээ. Аавынхаа тухай дурсахдаа саяхан гэж хэлчих гээд байгаа би хүртэл тавь хүрсэн байна шүү дээ. Сүүлийн хоёр, гурван жил "Монгол кино"-ны ахмад, дунд үеийнхэн хэд хэд цугласан. Тэр нь ямар нэг баяр ёслол биш, Кино нийгэмлэгээс зохион байгуулсан хурал байв. Монгол киногоо яаж аврах, цаашид хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг асуудлаар хэдэн цаг үргэлжилсэн яриа өрнөсөн. Залуучууд нь кино хийгээд, ахмадууд нь бухимдаад байдаг, гэтэл нийлээд хуралдахаараа "Монгол кино сөнөж мөхөхийн ирмэгт туллаа" хэмээн эзэнгүй шүүмжлэл өрнүүлэн, хэн нэгэнд буруу тохож бухимдацгаасан. Шинэ нийгэмд орсноос 20 жилийн дараах явдал шүү дээ. …Кино архивт ороход цаанаа л нэг бишрэх сэтгэл төрж, далдуур гүн догдлол зүрх судсаар гүйж, эмээх шиг. Аав, ах нарын минь зүрх сэтгэлээ зориулсан бүхэн энд кино хальсанд ороолттой байгаа шүү гэхээр тэгдэг байх. Нөгөөтэйгүүр тусгаар тогтносон Монгол Улсын 70-80 жилийн түүх дуу дүрстэйгээ хадгалагдаж байгаа.

Монголын ард түмний дундаас төрсөн билиг авьяаст ахмадуудын сэтгэл зүрхэнд үлдсэн сайхан бүтээлүүд бүгд бүрэн эхээрээ байгаа. Монголын кино урлагийн мастер авьяастнууд барж идэхээргүй баян сан хөмрөг үлдээж, олон мянган хайрцаг бүтээл туурвижээ. Зорилготой, агуулгатай, уран сайхантай, ур чадвартай бүтээлүүд учраас мартагддаггүй юм. Монголын кино 90-ээд оноос хойш хаачсан бэ? Мэргэжлийн киноны тухай асуувал траншейний хүмүүс шиг нүхэнд оров уу, эсвэл доройтоод хаа нэгтээ хэвтэрт байгаа юу гэсэн асуудал босно л доо. Ерээд оны эхээр Монголын нийгэм тэр аяараа бужигнаж, улсын гэх бүх үйлдвэр заводууд хаалгаа барьж, олон хүн ажилгүй болсон. Кино үйлдвэр ч ялгаагүй, баахан хүн гудамжинд гарч байлаа. ЗХУ болон Ардчилсан Германаас ирдэг байсан кино хальс тасарч, юм юм таг зогссон. Айл хунар нүүхэд хаяж болдоггүй, бас эвдэхгүй авч явмаар хэдэн юм байдаг. Тэрүүн шиг бужигнаж үймэх үед нандигнах хэдэн юм байсны нэг нь үндэсний кино урлаг байж. Аваад үлдсэн бол юутай сайхан гэж харамсдаг. Кино урлагийн зах зээл дэлхий дээр далай мэт өргөн учир хөсөр орхилгүй, яаж ийгээд босгоод ирсэн бол наанадаж мөнгө, цаанадаж Монголын маань нэр хүнд байх байлаа.

Кино үздэггүй ард түмэнтэй улс орон гэж дуулаагүй. Нийгэм хөрвөсөн тэр өөрчлөлт манай улсад олон тохиогоогүй учраас бидний монголчууд оносон юмтай ч, бас алдсан юм ихтэй. 90-ээд оны эхээр кино хийх нь битгий хэл хоногийн хоолоо яадаг билээ гэдэгтээ тулж байсан. Юм амархан мартагдана. Ган болоход гол горхи ширгэдэг ч хур бороо элбэгшихэд эргээд цэцэг ногоо ургадаг. Хүмүүс урагш хойшоо явдаг болж, телевизээр гадаадын нэвтрүүлэг, кино гардаг болов. Айл бүр приставктай болоогүй ч энд тэнд нэгнийдээ цугларч, Америк кино үзэж эхэлснээр бидний нүд нээгдэх алхам эхэлсэн. Барууны "боевик", Хонконгийн Шаолины кино үзээд яадаг байлаа даа. Тун удалгүй шал өөр өнгө төрхтэй шинэ монгол киноны эхнийх гарч эхэлсэн. "Нохойн орон","Хүн алж тоглосон залуус","Араанд нь алт, ар нуруунд нь хутга","Гал хам","Талийгаач" гээд нэрлэвэл санах биз. Энэ кинонууд урьдынх шиг биш байлаа. Монгол киноны уламжлал бараг байсангүй. Тэгэхээр киноны гол горхи ширгээгүй гэсэн үг. Нэг удаа Ардын жүжигчин Дамчаа гуай аавтай ярихаар манайд ирсэн юм. Киноныхон уулзалдах нь цөөрсөн болохоор тэд бие биеэ үгүйлдэг байв. Тэрбээр "Нохойн орон" кинонд дуу оруулж байсан бололтой.

-Үгүй ээ, энэ залуучууд их өөрөөр бодож байна, миний ухаанд буухгүй юм. Цаг нь өөр болж дээ гэж хэлсэн үг санаанаас гардаггүй. Удалгүй видео киноны үе хүч түрэн орж ирлээ. Плёнк байхгүй болохоор киног хямд төсөр амархан хийх арга нь видео болсон хэрэг. Тэр үед чөлөөт уран бүтээлчдийн ихэнх нь манай телевизийн дуу бичлэгийн өрөөнд ажил тарсны дараа шөнөөр ирж, дуугаа оруулдаг байсан болохоор би нэлээдийг нь үзсэн. Өнгөрсөн арваад жилд бараг 100 гаруй кино гарч. Кино сэргэсэн тухай товчхон дурдвал ийм. Уг нь учир шалтгааныг тунгааж, нэгбүрчлэн задалж яривал нэлээн юм бий. Орхиод баримтат киноны талаар яриагаа үргэлжлүүлье. Хуучин цагт баримтат киног үзэл суртлын зэвсэг болгон хийж байсан гэж оношлодог. Тэр үеийн "Ху" намын бүхий л ололт амжилтыг амаа олохгүй магтсан гээд л. Яахав, тийм боловч Монгол Улсын их бүтээн байгуулалт ард түмний нөр хүч хөдөлмөрөөр хийгдсэн болохоор ололт амжилтын гэж байгаа кинонууд бүгд л бидний тухай баримт юм. Гэхдээ баримтат кино өөр олон сэдэвтэй байсан. Архивт сууж данс эргүүлж суухдаа олон юм бодлоо. Баримтат киноны мастер Ц.Наваан гуайн "Түмний эх ,"Сүргийн манлай", "Тэмээчин", кино зохиолч бөгөөд баримтат киноны нэрт найруулагч Ч.Гомбын "Их говийн айл", "Ая ээж", "Цаст Алтайн адуучин", "Жаахан шаргын нутгаар", Т.Чимидийн "Түдэвийн нутгаар", "Монгол цам", Б.Чимиддоржийн "Уртын дууны хаан", Д.Довдон гуайн "Цагаан дэглийн бараа", энэ хүмүүсийн багш болох Ц.Зандраа, Д.Дашдорж гуай нарын "Уран нугараач Норовсамбуу" гээд тоолбол хэдэн арван "шедеврүүд "байна.

Ихэнх нь Европын хүндтэй кино наадмуудаас шагнал хүртжээ. Монгол зоны амьдрал ахуй, өв түүх, ёс заншил, дуу хуур, хэл яриа, ая зан, байгаль хангай, ан амьтны тухай мөн ч сайхан кинонууд хийж байжээ. Ялангуяа бэлчээрийн мал маллагааны тухай тохитой өвгөд, тэргүүний малчдын арга туршлагыг харуулж, тэдний сургаал үгийг архивласан үнэ цэнэтэй бүтээлүүд олон. Баримтат киноны дотор аавын минь кино олон байна. Аав минь хөдөө аж ахуйн сэдэвтэй киног бүр 60-70-аад оны дундуур бүтээж байсан. Хадлан, өвс тэжээл, мал маллагаа, худаг ус, сүү сааль, өргөн айлсалт, малын үүлдэр угсаа сайжруулах, эмчлэх гээд сэдэв нь өргөн хүрээтэй. Монгол хүн махнаас гарч өвс иддэг болохгүй л бол мал, малчин хоёрын тухай баримтат кино хийж байх ёстой гэж аав хэлдэг байв. Ахмад оператор Давааням гуай энэ сэдвээр бараг дагнаж, олон кино зураг авсан. Мөн хөдөлмөрийн сайчуулын тухай энгийн сайхан өгүүлэмжтэй кинонууд ч олноор хийж байв. Аав минь чихэр шиг гоё үгээр уянгалж бичихгүй. Элдэв чамирхалгүйгээр энгийн өгүүлнэ. Амьдралын үнэнийг эгэл тунгаана гэдэг их ухаан юм даа гэж бодогдоно. Аварзэд баатрын тухай "Морьтой дарга" гэдэг кино бий. Маш сайхан тайлбартай. Гаднын нэг нэртэй найруулагч "Баримтат кино бол кино урлагийн мөс чанар" /совесть/ гэж хэлсэн юм гэнэ лээ. Эгэл амьдралын сэдвээр хэлэх үг, бодох ухаантай хийсэн кинонуудыг үзэхэд энэ үг санаанд буудаг. Ер нь хүний амьдралын сайн сайхны тухай өгүүлсэн зүйл ямагт гэрэл гэгээтэй байдаг.

Өнөөгийн залуу киночдын бүтээж байгааг үгүйсгэж болохгүй. 2008 оны сонгуулийн маргааш болсон аймшигт явдлыг баримт болгон авч үлдэхдээ нийтлэлийн кино хийсэн. Бурхан Халдуны төрийн тахилга, Олимпийн анхны алтан медалийн баяр хөөр, Жорж Бушийн айлчлал гээд тоочвол олон үйл явдлыг түүх болгон бичсэн л байгаа. Киноны сэдэв нь энгийн амьдрал. Энгийн амьдралаас үнэнийг олж харах нь баримтат киноны амин зорилго байх ёстой. Германы киночидтой хамтарсан, найруулагч Бямбасүрэнгийн "Ингэн эгшиг" манай говийн амьдралын эгэл жирийн дүр зураг юм. Энэ кино дэлхийг уярааж Монголыг мандуулсан. Энэ сэдвээр тэртээ 1976 онд манай уран бүтээлчид баримтат кино хийсэн боловч дэлхийн сонорт хүргэж чадаагүй. Кино борлуулах, сурталчлах өнөө цагийн арга ухаан тэр үед хориотой байжээ. Түүнээс биш хол явах байсан кино. Гэхдээ ботгоо голсон ингийг хуурын чавхдасаар уярааж байгааг Европын үзэгчид Краковын кино наадмын үеэр үзэж, "Хүрэл луу" шагналаа өгсөн л байдаг. Дөчин жилийн өмнө юм даа. Зах зээлийн шуурганы дараа өмч хувьчлал эхлэхэд арга чаргатай хэдэн нөхдийн гарт хамаг үнэ цэнэтэй юмнууд очиж, алга болсон. Махкомбинат, гурилын үйлдвэр зэрэг нь яахын аргагүй хоол хүнстэй холбоотой учир ард түмний хараан дор байв Харин кино сэлт тэгсгээд олны анхаарлаас холдож, аажмаар мартагдан, хэсэг хүмүүсийн үл хөдлөх хөрөнгө болж, хөлжүүлсэн болов уу.

Миний бие хэд хэдэн удаа киночдын хуралд оролцож, залуучууд болон ахмадуудын яриаг анхааралтай сонссон. "Монгол кино дэлхийн тавцанд гарах цаг нь боллоо" гэж ярих залуус олон. Бас "Кино мөхөж байна" гэж бачимдаж байгаа нь ч бий. Гадаадын киноны мэргэжилтнүүд "Танайхны шинэ бүтээлээс үзлээ. Жинхэнэ монгол кино биш байна" гэдэг. Гэхдээ "Танай залуучууд авьяастай" гэнэ. Уран сайхны киног дэлхийн тавцанд хүргэтэл нэлээн юм болно. Хол байна. Шинэ технологийн түвшний бааз суурь бүрдээгүй байна. Сайн зохиол бичиж чадвал сэдэв баян, бас зохиолчид найруулагчид бий. Харин баримтат киног дэлхийд гаргая гэвэл арай боломжтой. Баримтат киноны уламжлалаа үзвэл монгол аж амьдралын сэдэв зонхилдог. Эрдэнэт сүргээ маллах арга ухаан, нүүдлийн аж амьдралын өвөрмөц онцлогийг харуулсан кино илүү олон. Гэтэл энэ сэдвийн кино хийгдэхээ больж. Дэлхий ертөнц өөрчлөгдөж байна. Цаг уурын өөрчлөлт, хуурайшилт манай орны байгальд ихээр нөлөөлөв. Уул уурхайгаас болж малаа маллах бэлчээргүй болсон малчинд ямар хэцүү байгааг ойлгоход төвөггүй.

Монгол хүн малаа ч, бэлчээр ургамлаа ч мэднэ. Гэвч цадиггүй, хуульгүй уул уурхайгаас болж тэмцэх хүчин нь мөхөсдөж байна. Үүнийг дэлхийн сонорт хүргэх л ёстой. Хоёр жилийн өмнө Монголын урлагийн зөвлөл "Өрнө-Дорно" нэртэй бэсрэг кино наадам зохиож билээ. Тэгэхэд Америкийн Колорадо мужийн нэгэн их нүүрстэй газрыг хэсэг компани авах гэж хүч түрэн орж ирэхэд нутгийн тав зургаан айл хэдэн жил цөхрөлтгүй тэмцсээр ялсан тухай баримтат кино үзэж билээ. Мундаг кино байсан. Киноны нөлөө хүчтэй юм билээ. Манай Монголд хот руу хөвөрсөн хорьж тогтоох аргагүй их нүүдэл үргэлжилж, хөдөө эзгүйрэх боллоо. Энэ бол баримтат киноны нэг чухал сэдэв. Эх нутаг, газар шорооныхоо талаар хүчтэй дуугарч, хөндлөн гулд хэрэн сайн зураг авъя гэхээр хэн бензин тосны мөнгө өгөх билээ. Шинэ зууны босго давж алхсан энэ хэдэн жилд бидний амьдрал маш хурдан өөрчлөгджээ. Улам эрчээ авсаар даяаршил нэрийн дор ондоошин үргэлжилж байна. Баримтат кино олигтой дуугарсангүй. Яахав ахуй, зан уламжлал, хүний амьдрал гээд хэлбэл нэрлэх хэдэн бүтээл бий. Тухайлбал, олон улсын кино наадамд хэд хэд түрүүлсэн нэртэй найруулагч Бямбаагийн "Хүсэл шунал", баримтат кинонд туршлагажиж яваа уран бүтээлч Банзрагчийн Баярын "Би Монгол хүн", залуу зураглаач, найруулагч З.Батбилэгийн "Тайгын дууч" болон Б.Энхболдын "Титэмгүй аваргууд" зэргийг нэрлэж болно. Гэвч дийлэнх баримтат кино аймаг сум, албан байгууллага, яамдын үйл ажиллагааг сурталчилж, эрээгээ алдтал магтан, төсөл сурталчилгааны зэвсэг болж байгаа.

Түүх хувьсгалын сэдэвтэй ганц нэг бий. Харамсалтай нь улс төрийн намууд өөр өөрсдийнхөөрөө кино түүх бичиж, элдэв чамин хэлбэр маягаар сүр дуулиан хийгээд дуусгадаг болохоор үнэн худлыг ялгахад бэрх. Баримтат киног янз бүрийн үзэл суртлаар хийж байгаа нь цаанаа захиалагч байгаа хэрэг. Баримтат кинонд ухуулах сурталчлах зорилго бий. Гэхдээ баримтат кино үнэнд шүтдэг. Баримтатын уран бүтээлч хүн амьдралыг эргэцүүлэн тунгааж, үгээ хэлдэг. Манайд зохиогчийн баримтат кино бараг алга. Ийм киногоор дэлхий ертөнцийнхөн хоорондоо нухацтай ярилцаж байна. Монгол хүн юу бодож, юунд сэтгэл өвдөж байна гэдгийг дэлхийн хүмүүс анхааралтай үзэж, сонсох ёстой. Товчхон хэлбэл баримтат киног дэмжих цаг аль хэдийнэ болжээ. Төр нь бодлогоор дэмжсэн цагт энэ бүхэн бий болно. Яагаад гэвэл баримтат киног үзэхээр театрт мөнгө төлж хэн ч очдоггүй тул нэг бол тусгай болон олон нийтийн сангууд, эсвэл төрийн бодлогоор л дэмжинэ Энэ бол баримтат киноны тухай миний бодол юм шүү. Уран сайхны кино хаана, юу хийж явна вэ гэж асууя.

Уран сайхны кино үзэхээр гучаас доош насны залуус л театрт очиж байна. Дийлэнх нь сая танилцсан хосууд, оюутан залуус. Кино хийж байгаа нь мөн л залуу хүмүүс. Монголын уран сайхны кинонд инээдэм, зохиомол адал явдал, бүтэлгүй дурлал, хулгайч, улстөрчид л нэлээн гарч байгаа. Хүүхдэд зориулсан хоёрхон кино бүтээж. Хүний алаг эрээнтэй мөс чанар, сувдаг шунаг сэтгэл, амьдралын ээдрээ, үнэн худлын дэнс, бүтээгч, тэмцэгч дуурайлт хүний тухай кино хийхгүй байна. Дийлэнх найруулагч "Тэгж шатсанаас тээглэж үхсэн нь дээр" гэх. Кино урлаг хэдийгээр ашгийн төлөө ч хүн төрөлхтөнд сэтгэлийн ариусал хийгээд үнэний эрлийн тунхаг болсоор өнөөг хүрсэн. Дэлхийн шилдэг кинонууд "Happy end" буюу аз жаргалтай төгсгөлөөр дуусдаг. Сайн нь мууг ялна. Шударга нь худалч, хулгайчдыг ялна. Хүний мөс чанар муудаж байгаа үед энэ сэдвээр кино хийгдэхгүй шахам байгаа учир ингэж хэллээ. Инженер, барилгачин, багш, малчин, тамирчин гээд олон янзын мэргэжлийн хүмүүсийн ажил амьдралын зовлон жаргал, ээдрээ, хүсэл тэмүүллийн тухай ямар ч кино гарсангүй.

Залуу үеийнхэн америк кино, дунд, ахмад үе нь солонгос сериалд бүрэн автлаа. Харж байхад загвар өмсөгч, дуучин, эсвэл бизнесмэн, хулгайч алуурчнаар дүүрсэн кино гарч байна. Жижиг улс хөлгүй хөвөрсөн даяаршил гэгчид автан, суурь хөрснөөсөө хөнгөхөн ховхорч, үнэт зүйлсээ алдах энүүхэнд. Хөдөөнөөс нийслэлд суралцахаар ирсэн шинэ оюутан нутгийн аялгаа бушуухан засахын түүс болдог. Яагаад гэвэл түүнийг хотынхон шоолно. Гэтэл ЮНЕСКО "Танай хамгийн үнэ цэнэтэй эрхэм юм бол бага ястны хэл, ёс заншил юм шүү, битгий устгаарай" гэдэг. Энэ жишээ киноны хөгжлөөс хол юм шиг боловч баримтат кино бүтээж, асуудал дэвшүүлбэл хол биш л дээ. Монголд олон залуус кино хийж байна. Жижиг студиуд хааяагүй. Зориулалтын бус байранд, мэргэжлийн бус техникээр кино хийж байна. Өнгөрсөн жил хэсэг уран бүтээлч гадаадад кино зураг авчээ. Парист авсан нь үнэхээр бахадмаар байв. Гэвч зураг авах албан ёсны зөвшөөрөлгүй тул фото аппаратаар олны нүд хариулж байж хулгайгаар авсан гэдгийг нь хамт явсан жүжигчнээс сонсоод сэтгэл өвдсөн.

Нэгэн цагт Венец, Карловывар, Берлин, Москва, Краковын кино наадамд бүтээлээ сойж, оролцож байсан 80 гаруй жилийн түүхтэй Монголын киноны залгамж халаа ингэж ч явах гэж дээ хэмээн харамссан. "Монгол кино" үйлдвэр 90-ээд оноос хойш хэд хэдэн удаа шинээр зохион байгуулагдсан. Нэгдэл, компани, нэгтгэл, арай л концерн болоогүй. Тэглээ ч кино урлагийн хөгжилд дорвитой өөрчлөлт орсонгүй. Хэрэв манай улс хуультай байсан бол бүтээх, үйлдвэрлэх, түгээх, борлуулах, эзэмших, худалдах, үнэлэх, үнэлүүлэх гээд олон харилцаа хуулиар зохицуулагдаж, ном журмаараа явах байж. Тэгсэнгүй. Олон жилийн өмнө ЛосАнжелес хотод "Парамаонт пикчерз" компанийн байранд очиж билээ. Төв оффисын байр, түүнийг тойрсон баахан павильонууд байсан. Түрээсээр үйлчилдэг байгууллага л юм билээ. Төв байранд нь ороход санхүү болон техникийн алба, продюсерүүдийн албанаас өөр гойд юм харагдаагүй. Зах зээлийн жамаар бол кино хийе гэсэн хүн шинэ камер худалдаж авах гэж толгой гашилгах хэрэггүй юм билээ. Тэдэнд зориулж техникийн бүрэн үйлчилгээ үзүүлдэг компаниуд аяндаа л бий болдог. Энэ бүхэн нь хууль журамтай. Энэ цагийг ойртуулахын тулд бид яах ёстой бэ гэсэн бодол байн байн төрдөг. Одоо "Монгол кино" үйлдвэр хуучин байр, буурин дээрээ байж л байна.

Хятадын сүүлчийн эзэн хааны хаалттай хот шиг байж л байгаа. Нэг хэсэг зочид буудал, баар, ресторан юм юм л болсон. Харин Солонго захирал харам сахиж байсны буянаар нурж таралгүй үлдсэн сайн талтай ч, тийшээ өөр хүн оруулаагүй. Монголын кино урлаг арвин их сан хөмрөгтэй, цаашид хийх зүйл их байдаг. Орц хонгил болоод хоолой боомилсон үнэтэй түрээсийн байранд сайхан кино хийх гээд бэлэн гоймонгоор өл зогоож суугаа олон залуусыг хараад Ч.Лодойдамба, Л.Ванган, Д.Жигжид, Р.Доржпалам, Ж.Бунтар, Б.Сумхүү гуай нар юу гэх байсан бол? "Өнөө байгуулна гэж гайхуулсан нийгэм чинь энэ үү? Ийм ч юм үзэх гэж. Ээ халаг, хайран кино минь. Ийм юм үзээгүй тэнгэрт хальсан минь өлзий болж" гэх байсан болов уу. Залуу үеийнхнийг мансууруулсан шоу урлаг тэднийг амьдралын үнэнээс холдуулж, ашиг хонжоо олох гэсэн хүмүүсийн гар хөл болгож, рекламны клип л хийдэг хөнгөн урлаг руу урин даллаж байна. Энэ цаг үеийн хамгийн үнэтэй, орчин үеийн хэрэгслээр ноосон ороолт, хатаасан гоймон, банкны хонжворт сугалаа хийх ажилд уруу татаж байгаагаас ангаж хуурайшсан эх орныхоо үдээр болсон үржилт хөрсийг хамгаалъя гэж хэн ч даллахгүй байна. Цалин мөнгө өгөхгүй байна. Сор болсон роман, туужуудаар кино хийе гэвч хэн санхүүжүүлэх вэ. Хөрөнгө мөнгө олоод кино бүтээж, театрт очлоо ч наадхыг чинь гаргаж орлого таслахгүй л гэх байх. Хэд гурван төгрөг олбол талыг нь театр халаасалж, Америк боевикт гүнзгий орсон залуус "Хогийн юм хийж" гээд нулимна. Тиймээс кино хийж шатсанаас клипчин болсон дээр гээд залуу уран бүтээлчид зугтдаг.

Өвөрмонголд Хятадын киночид "Ганган харын домог" гэдэг кино хийгээд дэлхийг шуугиулсан. Монгол сэдэв үнэтэй юм билээ. Гадаадын киноны тархи угаалга бидний залуу үеийг гал голомтоо үтэр түргэн арилжихад нь амархан нөлөөлнө бий. Яагаад гэвэл үндэсний гэх бүх юмны хүч суларч, эрлийз хурлийз болж байгаа энэ үед хөнгөн шоунд хууртсан залуу үе үнэн худлыг огт ялгахгүй өндийнө. Энэ цаг үе нэгэнт эхэлсэн. Иймэрхүү бодол хааяа хар үүл шиг сэтгэл бүрхдэг юм. Намайг Кино архивын газраас гарахад цас малгайлсан бүүдгэр өдөр болсон байлаа. Кино үйлдвэрийн салбайсан хуучин лабораторийн араар гарахад Монголын аугаа кино найруулагч Д.Жигжид гуайн хүү, хэдхэн сарын өмнө тэнгэрт хальсан нэрт найруулагч Ж.Биндэрийн амьдралынхаа сүүлчийн өдрийг хүртэл ажиллаж байсан умгар студийнх нь байшин хөсөр орхигдсон нь гунигтай харагдаж билээ. Кино урлагийн хашаа цагтаа түм түжигнүүлж, бум бужигнуулж байж билээ, хөөрхий.

ГОМБЫН ЗОЛЖАРГАЛ Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч