2014/08/06

"Сэрэлт"-ийн Бумаа хөшөөтэй болов

"Сэрэлт"-ийн Бумаа буюу 20-р зууны манлай эмэгтэй жүжигчин Т.Цэвээнжав гуайн дурсгалд зориулан төрсөн нутаг Дорнод аймгийн Матад суманд хөшөөг нь босгожээ.

Жүжигчин Т.Цэвээнжав нь1944 онд Улсын драмын эрдмийн  театраас  уран бүтээлийн гараагаа эхэлсэн бөгөөд  Монголын кино урлагт өөрийн байр суурийг эзэлсэн, олон арван кинонд гол болон туслах дүрийг амжилттай бүтээсэн хүн юм. Тэрээр 58 наслахдаа 50 гаруй үндэсний болон орчуулгын сонгодог жүжгүүдэд олон  сайхан  дүрийг бүтээжээ. Тодруулбал “Сэрэлт”-ийн Бумаагаас гадна  "Морьтой ч болоосой"-ийн Дондогийн ээж, "Хүргэн хүү"-ийн ээж, "Энэ хүүхнүүд" -ийн даргын эхнэр гээд сайхан дүрүүд бүтээсэн хүн. Хиймэл дүргүй, гайхалтай, тод томруун, торгон мэдрэмжтэй жүжигчин. Дүрд тоглодоггүй, дүр бүтээдэг хүн байжээ.

Т.Цэвээнжав 1916 онд Дорнод аймгийн Матад суманд мэндэлсэн бөгөөд энэ жил түүний төрж өссөн Матад сумын 90 жилийн ой тохиож байгаа юм. Ойн хүрээнд нутгаасаа төрөн гарсан алдартны хөшөөг босгохоор болсон нь ийнхүү сүндэрлэжээ.