2014/07/04

"Татар ажиллагаа", "Аравт", "Бодлын хулгайч", "Адам" Копенгагенд очно

Дани-Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Элизабет Викториа кино найруулагч, зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнхтэй уулзан, чихэнд чимэгтэй сайхан зүйлийн талаар ярилцжээ.

Тэрбээр ирэх жил Копенгагенд Монголын киноны наадам зохион байгуулахаар төлөвлөн, төсвийнхөө тэн хагасыг нь шийдчихсэн тухайгаа дуулгасан байна.

Тэгээд манайхаас ямар кинонууд оролцуулах талаар түүнтэй ярилцаж зөвлөлджээ.

Данийн талаас эхний ээлжинд "Татар ажиллагаа", "Аравт", "Бодлын хулгайч", "Адам" зэрэг бүтээлийг сонгосон бөгөөд дээр үеийн зарим киног олж өгөхийг Д.Төрмөнх найруулагчаас хүссэн аж.

Тэрбээр "Тэд сайн кинонуудыг сонгосон байна билээ. Элизабет Викториа "Нохой орон" киног минь сайн мэдэх учраас намайг зорин уулзаж байгаа нь энэ юм байна. Миний кино хийчих санаатай мөнгө хайгаад байгаа зохиолууд болон бусад холбогдох бичиг баримтыг авч явсан. Наймдугаар сард дахин уулзаж эцсийн байдлаар шийдэх гэнэ" хэмээн цахим хуудастаа бичжээ.

Л.Аргамжин Өнөөдөр