2014/06/30

Review: Улаан пальто МУСК

Суурин соёлтой  нийгмийн амьдралд бидний өдөр тутамдаа мэдрэх боломжгүй тэр л мэдрэмж, таашаал, гэгээрлийг өгөх боломжтой оюуны үйл ажиллагааны бие даасан нэгэн салбар бол  кино урлаг юм. Нөгөө талаараа кино урлаг бол тухайн улсын гоо зүйн хэм хэмжээ, соёлын чиг хандлагыг тодорхойлдог урлагийн өвөрмөц төрөл.

Нийтийн соёлын хүрээнд хүмүүс бид алжаал ядаргаагаа тайлах, сайн сайхан, үнэнд тэмүүлэх байнгын хүслэнд үндэслэн дотоод хөгжилдөө хөрөнгө оруулах зорилгоор кино театрыг зорьдог. Энэ л  зорилгоор миний бие зохиолч Б.Шүүдэрцэцэгийн саяхан гарсан "Улаан пальто" уран сайхны  киног "Тэнгис" кино театрт үзэв.

"Улаан пальто" кино нэрнээсээ эхлээд надад "яагаад?" гэх энгийн асуултуудыг дагуулсаар эхлэв. Зохиол одоо цаг үе дээр бүтээгдсэн хийгээд үзэгчдэд киноны талаар өөрийн гэсэн таамаг төрүүлэх боломж өгөхгүй байгаа нь мөн цаашид юу болох бол гэсэн сэдлийг хурдтайгаар өгч байгаа нь киног улам сонирхолтой болгох мэт. Тэр дундаа нийгмийн  дээд, доод давхаргыг киноны гол дүрийн эмэгтэй гурван баатраар харуулсан нь бодит мэдрэмж авч ирэв.

Би асуултаа тавьсаар… "ҮХЭЛ", яагаад заавал үхлээр зохиол эхлэв? Сэтгэл сэртхийм машины дуу! Үзэгчдийн сэтгэлийг айх, гайхах хоёр цэг дээр нэгтгэв. Кино дахин эхлэх  мэт дүрс солигдоход  Монголын энгийн нэгэн гэр бүлийн дүр төрх, гэвч өнөөх үхлийн шалтгаан шууд л бяцхан Номин охины дүрээрээ дахин гарч ирэх нь тэр… Эндээс л киноны зорилго, агуулгыг ойлгож болох мэт сэтгэгдэл төрсөн ч дахиад л таамаг дэвшүүлэх боломжгүй олон үйл явдал киног улам тодотгов.

Хөдөөнөөс хотод орж ирэн амьдралд хөлөө олох гэж яваа хүнлэг, шударга, хүүхдэд хайртай Минжмаагийн дүрээр монгол  хүний хүнлэг чанар хийгээд монгол хүн бүрт байвал зохих ёс зүйн хэм хэмжээг тодотгон харуулж чадсан нь энэ киноны бас нэгэн ухаарал нь байв.

Кино үргэлжилсээр… Ганц охиндоо ухаангүй хайртай хоёр ээжийн охиноо гэсэн сэтгэл,  халамж, хайр, үйлдэл бүр нь тухайн нийгмийн х анги давхаргын сэтгэл зүйг давхар харуулж чадсанаараа энэ зохиол нь арилжааны гэхээсээ илүү бүтээлд тооцогдохоор болжээ.  Буддын шашин монгол соёлын хөрсөн  дээр эерэгээр бууж ирсэн бас нэгэн шалтгаан нь хойт нас буюу урьд насны ерөөл бөгөөд энэхүү кинондоо зохиолч үйл явдлын гол сэжмийг уламжлалт  буддын шашны  зан үйл, бэлгэдэлт сэтгэлгээний үүднээс тайлбарлах гэж хичээсэн нь судалгааны үндэслэлтэй санагдаж байв.

Учир юу гэвээс зохиолын мөн чанар,  утга учир одоо л тайлагдах мэт бяцхан охины үг, үйлдэл бүр нууцлагдмал бөгөөд  хүний нандин чанар, итгэл үнэмшил рүү чиглэгдсэн байгаа нь ази тэр дундаа монгол хүний соёл сэтгэлгээний онцлогийг  харуулахыг зорьсныг илэрхийлнэ. Монгол хүний соёл сэтгэлгээ буюу бэлгэдэх сэтгэлгээ нь энэ киноны гол утга учир бөгөөд хойд нас, үйлийн үрийн гинжин хэлхээг эх, үрийн хайраар илэрхийлэн гаргасан нь монгол киноны онцлогийг олсон мэт санагдав. Гэхдээ гол дүр болох Алимаагийн хэд хэдэн өгүүлбэр анхаарал татсан бөгөөд үүнд:
  • Бидний хэлдэгээр "зүрх амаар гарах дөхлөө", "зүрх хагартлаа айх" гэдэг үгийг "цөс хагарлаа" гэж сонгож авсан нь утгагүй,
  • Монголчуудын  жиших, зүйрлэх тэр их үгийн баялаг сангаас "Доороос чинь нэг юм унахаар ойлгоно оо" гэх үгийг хэрэглэсэн нь үгийн сонголтон дээр хэрхэн судалгаа бага,  ядруу хандсаныг илтгэнэ.
  • Мөн гол дүрийн охинтой ярилцагч сүнсийг бодитоор гаргаж ирсэн нь киноны хүчийг сулруулсан бөгөөд логик алдаанд хүргэв…

Эцэст нь кино зохиол  зорилгодоо хүрсэн үү? Бүтээл бүрт өөрийн үнэт чанар байдаг бөгөөд соёл судлаач хүний үүднээс дүгнэхэд энэхүү кино нь эх үрийн хайр, энэрэл, хүйн холбоогоор дамжуулан ухамсарлагдаагүй ухамсарын талаар, хүний хязгаарлагдмал байдлыг даван туулж, оршихуйн ганцаардмал төлөвөөс ангижирч, байгаль, нийгэм, сүнслэг чанар хүмүүстэй өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн холбоосонд хэрхэн оршиж байдгийг харуулж чадсан нь энэ үед үзэгчдэд нэн хэрэгтэй сэдэв бөгөөд  нийгэмд тулгамдаж буй зам тээврийн осол, хүүхдийн эрүүл мэндийн талаарх асуудлыг хөндөж чадсан сайн бүтээл болжээ.

Дуу хөгжим, зураг авалт, жүжигчдийн ур чадвар сайн байсан хийгээд утга санаандаа нэгдэж чадсан нь кино дуусах үед үзэгчдийн сэтгэл хөдлөл, бодлогшронгуй харц бас дахиад л төрөн гарах шинэ асуултуудаас харагдаж байв. Эцэст нь хэлэхэд, "Улаан пальто" кино үзэгч надад урьд насны учгийг тайлж хариуллаа, баярлалаа!!!

Д.Индра 2014.06.27