2014/05/20

Төрөөс кино урлагийг дэмжих шаардлагатай юу?

1990 оноос хойш манай төр засаг кино урлагийг үзэл суртлаас ангид байлгах “бодлого” барьсан гэх ч хэрэг дээрээ огт бодлогогүй орхижээ. Энэ хугацаанд алдаг оног, болсон, болоогүй, олон кино гарсан ч өмнөх социализмийн үе шигээ ганц ч киног төр бүрэн санхүүжүүлсэнгүй. Л.Эрдэнэбулган найруулагчийн “Үхэж үл болно: Чингис” кинонд 200 орчим сая төгрөг Н.Энхбаяр, М.Энхсайхан нар өгсөн дуулддаг. Харин саяхан гарч, Бусаны наадмаас шагнал хүртсэн “Алсын удирдлага” кинонд Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас дэмжлэг үзүүлж, төсвийнх нь багахан хувьтай тэнцэх мөнгө өгсөн нь алдаагүйг кино нь өөрөө баталлаа.

Хэдхэн хоногийн өмнө Соёл, спорт, аялал жуулчлалын яам  “Монгол уран бүтээл – контент төрөөс дэмжих” хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулж, түүнд  миний бие оролцож, хөтөлбөр гаргаж байна. Үндэсний кино урлагт л гэхэд олон тэрбум төгрөг тусгасан ч тэр нь Засгийн газраар хэвээр батлагдах магдлал их муу. Гэхдээ л сайхан эхлэл юм. ССАЖЯ болон Ц.Оюунгэрэл сайд, УИХ-ын дарга З.Энхболд нар ийм санаачилга гаргаж байгаа бөгөөд 10 жилийн хугацаатай төр урлаг, соёлоо дэмжих тухай яригдаж байна.

    
ОХУ-ЫН ТӨР КИНО УРЛАГАА ХЭРХЭН ДЭМЖДЭГ ВЭ?
2012 оны арваннэгдүгээр сараас эхлэн ОХУ төрөөс кино урлагийг дэмжих явдлыг эрчимжүүлэхээр болсон байна. Үүний шалтгаан нь кино үйлдвэрлэлд оруулж буй тус улсын эзлэх байр суурь буурсантай холбоотой ажээ. Судалгаанаас үзэхэд 2011 онд ОХУ-ын Соёлын яам, Кино сантай хамтран нийт 3,2 тэрбум рубль кино бүтээхэд зарцуулснаас эх орны киноноос олсон орлого 9,5 хувь байсан бөгөөд 2012 онд кинонд зарцуулсан төсөв 3,9 тэрбум рубль болж нэмэгдсэн ч прокатын орлого ердөө 7,5 хувь болж буурчээ. Энэ нь төрийн оролцоотой байгууллагууд кинонд хөрөнгө оруулдаг ч төрийн байгууллага бизнес үйл ажиллагаа явуулахыг хязгаарладаг болоод прокат буюу борлуулалт тал дээр таг хаячихсантай шууд холбоотой ажээ.

Төрөөс кино урлагийг дэмжих шийдвэр гармагц кино урлагийн салбарынхан, эксперт-мэргэжилтэн, кино сонирхогчдын санал хоёр эсрэг чиглэлд хуваагдаж эхэлжээ. Нэг хэсэг нь төрийн дэмжлэг уг салбарт зайлшгүй хэрэгтэй гэж үзэж байхад нөгөө хэсэг нь кино урлаг өөрийн хөгжлөөр тухайлбал Холливудын загвараар өөрийгөө санхүүжүүлж явах ёстой гэж үзсэн байна.

ОХУ-ын ШУА-ын нийгмийн ухааны салбарын эрхлэгч, эдийн засгийн ухааны дэд эрдэмтэн В.Ю.Музычук “Соёл урлагийг төр санхүүжүүлэх ёстой юу” гэсэн илтгэлдээ төрөөс үзүүлэх дэмжлэгийг дараах байдлаар харуулсан байна. Үүнд:
  • Соёл урлаг нь олон нийтийн сайн сайхны төлөө зориулагдсан байдаг тул их, бага хэмжээгээр тогтмол төрөөс татаас өгч байх нь зүйтэй.
  • Соёл урлаг нь хувь хүнд зориулагдахаас илүү олон түмэн рүү чиглэдэг онцлогтой.
  • Соёл урлаг нь бүх хүмүүст тэгш хүрдэг бөгөөд хэн нэгэн хувь хүнд тухайлан зориулагдаагүй байдаг.
  • Нийтийг хамарсан урлагийн бүтээлүүд нь орлого олдог байхаас гадна зарлага гаргадаг байна гэж заажээ.
Ийм учраас соёл урлагийн салшгүй нэг хэсэг болсон кино урлаг нь төрийн дэмжлэг зайлшгүй шаардагдах ёстой болохыг тэрээр нотолсон байна. Гэтэл үүнээс үүдэн яагаад АНУ-ын кино урлаг бусдаас огт хамааралгүй чөлөөт зах зээл дээр хөгжиж байхад Европын Холбооны улсуудын кино урлаг төрөөс дэмжлэг авдаг вэ гэсэн асуулт гарч ирэх нь дамжиггүй. Үүнийг тайлбарлах гэж оролдъё.
БУСАД УЛС ОРОНД ХЭРХДЭГ ВЭ?
Европын зарим улсууд, түүнчлэн АНУ нь кино урлагийг төрөөс анхааран хөгжлийг нь дэмжиж ирсэн байна. Ихэнх улсууд кино урлагийг зугаа цэнгээний зориулалттай, найр наадмын хэрэгсэл гэж үздэг бол Италийн фашистууд өөрсдийн улс төрийн дуу хоолой болгохын тулд киног идэвхтэй дэмжин дэлгэрүүлж байжээ. Муссолини 1922 онд засгийн эрхэнд гарах хүртэл Италийн кино урлаг төдийлөн урагштай байгаагүй бөгөөд тэрээр кино урлагийг төрөөс дэмжиж эхэлснээр  Америкийн кинотой өрсөлдөх хэмжээнд хүртлээ хөгжжээ. 1923 оноос Кино боловсрол олгох институт -  Istituto Luce байгуулагдан үзэл суртлын агуулгатай кинонуудыг их хэмжээгээр гаргах болжээ. Гэвч 1933 оноос энэ байгууллагын дангаар ноёрхох явдлыг зогсоосон байна.

Бүр үүнээс ч өмнө 1918 оноос Оросод кино урлагийг дэмжиж эхэлсэн байдаг. Уг санаачилгыг В.И.Ленин гаргасан бөгөөд “Хотын иргэдээс илүү хөдөө тосгодын ард түмэнд  эрүүл саруул агуулгатай кино үзүүлэх” нь ач холбогдолтой гэж үзэж байжээ.  Лениний тодотгосон «эрүүл саруул кино» нь ард түмний ахуй байдлын хөгжлийг харуулсан, хувьсгалын эсэргүү агуулгагүй дүрсүүдийг   хэлж байгаа бөгөөд үүнд цензур зайлшгүй байх бодлого барьж байжээ. Үндэсний соёл урлагт кино урлаг онцгой ач холбогдолтой бөгөөд үүнийг урлаг судлаач, философийн ухааны доктор Андрей Яковлевич Флиер, «хууль сахиулах байгууллагуудын сэтгэл зүйн аналог» гэж нэрлэсэн байна.

Оросод ийм бүтэцтэй төрийн байгууллага 2011 оны долдугаар сарын 20 өдрийн №590 тогтоолоор Соёлын яам дээрх үүргийг гүйцэтгэх болсон бөгөөд  Соёлын яаманд таван хэлтэс бүхий Кино урлагийн газрыг байгуулжээ. Ингэж бас л гагц төрийн яам эрхшээлдээ авснаас болж дээр дурдсан кино прокатын үйл ажиллагаа 7,5 хувь болтлоо буурсан дүн гарчээ. Оросод иймэрхүү 100 гаруй кино урлагийг дэмжих сан байдаг ч нэг бол хувийн, эсвэл улсын гэж хоёр салснаас ахиц гарахгүй байгаа аж.

Кино урлаг нь улс төрийн нөлөө, үндэсний асуудлаас хэзээ ч салангид байдаггүйн тод жишээ нь  АНУ-ын кино урлаг, үндэсний асуудалдаа маш их анхааралдаа авч  “Америк, хэвт ёс, үнэт зүйл”-ээ кино болгондоо тусгахыг зорьдог. Холливудын кинонд ч төрийн далбааг зориуд санаатай болон санаадгүй байдлаар гурван удаа оруулах гэрээ хийгээд төрөөс санхүүжилт өгдөг зэрэг олон жишээ хэлж болно. Хэдийгээр үүнд ямар нэгэн шууд үзэл суртал  харагддаггүй боловч эр зориг, эх оронч үзлийг ихэнх киноноос харж болдог.

Урлаг судлаач Вестбрук  “Шар хальстай кино” өгүүлэлдээ суртал ухуулгыг кинонд дүрээр үзүүлэхийн ач холбогдлыг тодорхой дурьдаад 1990-ээс өмнө коммунизмийн эсрэг санааг АНУ ын кинонд  илэрхий тусгадаг байсны илрэл нь өнөөдөр хүртэл хэвээрээ байна гээд олон жишээ татсан байдаг. Энэ жишээн дотор Жэймс Бондын олон анги орсон байдаг.
    
ГАДААДЫН КИНО УРЛАГИЙГ ДЭМЖИХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН
ҮЙЛ АЖИЛЛАГАА
Франц улс кино урлагийг төрөөс дэмжих талаар хамгийн анхны алхам хийсэн улс юм. Үүний анхны оролдлого нь дэлхийн хоёрдугаар дайны үетэй давхцдаг бөгөөд дайн дууссаны дараа 1948 онд “Үндэсний Кино Төв”-ийг байгуулжээ. Тэр төв “Дэлхийн кино үйлдвэрлэлийг хөгжүүлэн дэмжих тухай” хууль боловсруулж, түүний зохицуулах төрийн механизмыг тодорхойлсон нь өнөөдрийг хүртэл хэрэгжиж байна. 1959 онд ҮКТ нь соёлын яамны харьяалалд орсоноор хоёр арга хэмжээг авсан нь:
1.Орлогыг урьдчилан тооцдог болох,
2.Арт хаус кинотеатрын ангилалыг бий болгосон явдал юм.
 Энэ нь кино театруудыг төсвийн санхүүжилтээр тохижуулах, татаас авах болон татварын хөнгөлөлт эдлэх боломжтой болгожээ.

1998 онд Европын холбоо мөн “Евроимэж” гэж том сан байгуулсан бөгөөд жилийн 24 сая еврогийн төсөвтэй, Европын 34 орныг хамруулсан  энэ сан олон улсын хамтарсан киног заавал санхүүжүүлнэ гэсэн үндсэн чиг баримжаа барихын дээр дөрвөн улсад 40 орчим кино театр барьж, гаргасан мөнгөө эргүүлж олж авдаг тогтолцоотой бөгөөд бараг 90 хувь санхүүжүүлсэн хамтарсан кинонуудаас нь 1200 кино олон улсын шагнал хүртсэн байна. Энэ дотор миний Бельгийн вант улстай хамтарч хийсэн “Нохой орон” ч багтсан бөгөөд тэр сангаас санхүүжсэн билээ. Харин миний бие муу нэртэй болж хоцорсон.

Их Британид 2000 онд байгуулагдсан “Британийн кино урлагийн зөвлөл”-өөр дамжуулан татаас олгодог бөгөөд уг байгууллага нь кино үйлдвэрлэлтэй хамаатай бүх асуудлаар төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажилладаг байна.

БНСУ-ын Засгийн газар бараг захиргаадалтын зарчмаар MPPC гэх байгууллага бий болгож, Солонгосын кино үйлдвэрлэлийг дэмжиж эхэлжээ. Гэхдээ энэ байгууллага "улс төрийн зөв" кино дэмжих нэрээр маш их цензур бий болгож төрөөс шууд сахүүжүүлж эхэлсэн байна. Үүнийгээ "бодлогын кино " гэж нэрлээд дэмжсээр ирсэн бөгөөд кино театруудыг шинээр барьж, асар их үзэгчтэй болгох бодлого барьсан ч нэг их дээшлэхгүй байсаар 1980-аад оноос Засгийн газраас цагдаж хянахаа багасгаж, илүү адал явдалтай, сонирхолтой кино үйлдвэрлэлийн боломж олгосон ч 1993 он гэхэд Өмнөд Солонгосын үзэгчдийн зөвхөн 16 хувь нь дотоодод хийсэн кино үзэж байна гэсэн судалгаа гарчээ.

1997 оноос хойш “Самсунг” зэрэг хувийн хэвшлүүд санд хөрөнгө оруулж эхэлснээр Солонгос кино хөгжиж, өнөөдрийг хүртэлх үеийг “Солонгос киноны алтан үе” гэж үзэх болсон бөгөөд одоо Солонгос кино Азийн хамгийн их үзэгчтэй кино болж чаджээ.

Энэ мэт гадны туршлагыг залхтал иш татсан нь манайх эхлээд гадны улс оронтой хамтран бүтээх киног төрөөс заавал дэмждэг болохоос эхлэх бөгөөд ганц төрийн биш харин төрийн 70 хувийн санхүүжилт дэмжлэгтэй хамтарсан сан байгуулах байдлаар хуулиа хийх шаарлага байгааг нотлох гэж нуршив. Олон тэрбум төрөгөөр кино дэмжээд ч эргүүлж олж авах зах зээл манайд байхгүй билээ. Харин төрийн бодлогоор зайлшгүй санхүүжүүлээд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах сэдэв бол өөр хэрэг юм.
БИДЭНД ЯМАР ХУУЛЬ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Солонгосын соёлын довтолгоон манай орныг бүрэн эзэлсэн. Иймээс киноны хууль гаргаад хуульдаа дотоодын киног телевизийн хөтөлбөрийн 60 хувь болгоно гээд заачих маш амархан ч харамсалтай нь одоогоор 20 хувийг ч дүүргэх Монгол кино байхгүй. Хүүхдийн кино, хүүхэлдэйн кино ч мөн адил. Дашрамд дурдахад, манай улс хүүхдийн кино хийхээ болиод уджээ. Миний бие найруулагч Ж.Сэнгэдоржтой хамтран нэг хүүхдийн кино хийсэн ч театрууд хэдхэн хоног гаргаад буулгаж орхисон. Билет хямд учраас орлого олдоггүй юм билээ. Иймээс Соёл, спорт, аялал жуулчлалын яам 10 жилийн хугацаатай хөтөлбөр боловсруулж эхлээд байгаа ч энэ мэт нийтлэл бичсэний дараа тэр яамны зарим мэргэжилтнүүд болоогүй юмыг эрт зарлав гэж унтууцаж байх аж.

Юун түрүүн хууль гаргах гэхээсээ илүүтэйгээр  “Үндэсний кино урлагийг дэмжих сан” гэж зайлшгүй байх шаарлагатай ч Засгийн газрын тусгай сангийн хуульд нэмэлт оруулах замаар цэвэр төрийн сан байгуулж орхивол  дээр дурдсан Оросын байдал  давтагдах магдлал маш өндөр юм.

Тиймээс холимог тогтолцоотой, урт хугацаанд төрийн дэмжлэгтэй цомхон бүтэцтэй сан байгуулах шаардлага урган гарч байна. Сайд Ц.Оюунгэрэлтэй санал солилцоход МҮХАҮТ шиг төрийн бус байгууллага бий болгохгүй бол хэн нэгний хувийн сан байх тийм ч зөв биш гэж санал хэлж байх юм.

Манай улс социализмын үед төрөөс санхүүжүүлэн продюсерийн үүргийг төр хариуцдаг байх үеийн киноны төсөвийг одоо цагийн мөнгөний ханшинд хөрвүүлбэл бараг Холливудийн төсөв гарч ирдэг юм билээ. Үүнээс гадна кино үзвэрийн асуудлыг бас орхиж болохгүй гэх мэтээр ар араасаа хоорондоо уялдаатай олон асуудал урган гарч ирнэ.

Саяхан УИХ-ын дарга З.Энхболдтой ийм сэдвээр ярилцсаныг нүүрний номондоо тавихад 750 гаруй хүн талархал илэрхийлж, лайк дарж, 100 гаруй хүн дэмжсэн санал бичсэнийг харахад ард түмэн Солонгосын соёлын довтолгоон хийгээд манайд хямд мөнгөөр инээдмийн киноноос залхаж байгаа байдал шууд харагдаж байгаа болохоор олны анхаарлыг ийм сэдэвт хандуулах  үүднээс ийм олон үг нуршлаа.

Эцэст нь тэмдэглэн хэлэхэд “Кино урлаг бол хүний далд ухамсарын хар хонгил руу шууд яваад орчихдог урлаг”  учраас  энэ олон телевиз гэхээсээ кино урлагт төр анхаарах цаг болсон санагдана!

Үүнийг нуршигч миний бие 27 жил телевизэд нэвтрүүлэг хийсэн ч үзэгчид байтугай  өөрөө ч төдийлөн нэвтрүүлгүүдээ санадаггүй. Харин хэдхэн кино хийснийг бүгд санах жишээтэй. Дээр дурдсан “Евроимэж” сангийн мөнгөөр кино хийснээс хойш 16 жил эх орноосоо дэмжлэг хайгаад олж чадахгүй явна.

Бид киногоор хүмүүжсэн гэхэд бараг болно. Аман ярианы хэллэгт ардын болтлоо киноны үг хэллэг үргэлж дурдагдаж байдгийг сануулах нь бараг илүүц биз ээ.

Сэтгүүлч Д.ТӨРМӨНХ