2014/05/12

Алтан хальс олон улсын андерграунд кино наадам 2014 зохиогдоно

"Алтан хальс" холбооноос 2013 онд амжилттай зохион байгуулсан Монголын андерграунд кино уралдаан нь нэрээ өөрчлөн, хүрээгээ тэлэн Алтан хальс олон улсын андерграунд кино наадам болон зохиогдох гэж байна. Кино наадмын хүрээнд олон улсын шилдэг авангард кинонуудыг албан ёсны эрхтэйгээр Монголын үзэгчдэд толилуулах юм. Уралдаант хэсэгт зөвхөн Монгол богино кинонууд өрсөлдөх болно.


УРАЛДААНТ ХЭСЭГТ БҮРТГҮҮЛЭХ УРАН БҮТЭЭЛЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Уралдаан хэн бүхэнд нээлттэй ба дараах зарчмаар явагдана:
  • Бүтээл шинийг эрэлхийлсэн содон хийцтэй, ямар нэг байдлаар давтагдаагүй өвөрмөц байх ёстой.
  • Бүтээлийн үргэлжлэх хугацаа 20 минутаас хэтрэхгүй.
  • Тухайн бүтээл өмнө нь Монголд зохиогдсон ямар нэг кино уралдаанд оролцоогүй байх, интернетэд тавигдаагүй байх шаардлагатай.
  • Нэг хүн нэг л бүтээлээр оролцоно.
  • Видео бичсэн төхөөрөмжөөс (утасны камер байж болно) үл хамааран эцсийн видео фаилийн формат AVI, MPEG, MP4 (H.264), MOV зэргийн нэг байвал тохиромжтой. Видеоны чанар (битрейт) хамаарахгүй ч фаилийн хэмжээ 2 GB-аас хэтрэхгүй байх шаардлагатай юм.
  • Видео бүтээлүүдийг 6 сарын 9-өөс 13-ны хооронд хүлээн авна. Бүртгэл 6 сарын 13-ны 18:00 цагт албан ёсоор дуусна.
  • Бүртгэлийн хураамж 20,000 төгрөг.

ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ

2014 оны 6 сарын 21-нд кино наадам маань зохиогдох бөгөөд албан ёсны эрхийг нь авсан гадаадын авангард кинонуудыг наадмын уралдаант хэсэгт өрсөлдөж буй монгол бүтээлүүдийн хамт толилуулна. Эцэст нь шүүгчдийн шийдвэрийг олон нийтэд зарлан шалгарсан бүтээлүүдэд шагнал гардуулах ёслол зохиогдох болно. Дараах шагналууд олгогдоно:

Алтан хальс Гран при – 1,000,000 ₮
Шилдэг хүүрнэлт кино – 250.000 ₮
Шилдэг хүүрнэлт бус кино – 250.000 ₮
Шилдэг анимаци – 250.000 ₮
Шилдэг видео клип – 64 GB iPod touch


Ерөнхий зохион байгуулагч: "Алтан хальс" холбоо
Ивээн тэтгэгч: Entera Store