2014/02/27

Багахангай дүүрэг кино үзвэр танхимтай боллоо

Нийслэлийн алслагдсан дүүргийдийн нэг болох Багахангай дүүргийн соёлын ордонд байгуулсан жишиг кино үзвэрийн танхимыг нээх ёслолын арга хэмжээ өчигдөр боллоо. Уг арга хэмжээнд ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэл, СУБХЗГ-ын дарга Н.Оргил, Багахангай дүүргийн засаг дарга С.Эрдэнэбаяр, "Синема Оф Саунд" ХХК-ийн захирал Х.Жигжидсүрэн зэрэг албаны хүмүүс оролцож, тууз хайчлах ёслолын ажиллагааг эхлүүлсэн юм.

Соёл, спорт, аялал жуулчлалын яам  2012-2013 онд "Синема оф Саунд" ХХК-тай гэрээ байгуулан Нийслэлийн 2 дүүргийн соёлын ордон, 18 сумын соёлын төвд жишиг кино үзвэрийн цэгийг байгуулж, орчин үеийн дуу, дүрсийн өндөр чанартай  кино гаргалтын иж бүрэн тоног төхөөрөмж суурилуулсан нь орон нутгийн ард иргэдэд  соёлын  чанартай үйлчилгээ үзүүлэх, хүртээмжийг дээшлүүлэх, орчин үеийн шинэ технологитой ард иргэд, хүүхэд залуучуудыг танилцуулах, кино үзвэрийн үндэсний сүлжээг сэргээхэд  бодит алхам болж байна.

Цаашид бүх сумын соёлын төвүүдэд кино үзвэрийн танхим байгуулах, орчин үеийн кино гаргалтын тоног төхөөрөмжөөр хангах, нэгдсэн сүлжээнд холбохоор төлөвлөн ажиллаж  байна.

Соёл, спорт, аялал, жуулчлалын яам