2014/01/20

Жинхэнэ монгол кино - "Шарга даага" (+ Making the movie)

Кино дуусав. Үзэгчдийн сэтгэл өег байгаа нь алга ташилтаас нь мэдэгдэнэ. Бас энд тэнд нулимсаа арчих хүмүүс харагдана. Энэ хүмүүсийн сэтгэлийг юу тэгтлээ хөдөлгөж орхив оо? Учир нь тэд бол монголчууд билээ. Монгол хүний сэтгэлийг юунаас ч илүүтэй хөдөлгөж чадах зүйл бол эх нутаг...

Дөнгөж сая тэдний үзсэн кино эх нутаг, нутагаа үгүйлэх хүний сэтгэл, нутаг руугаа гүйх адууны "сэтгэл"-ийг өгүүлнэ. Адууны сэтгэл гэхээр хачирхалтай сонсогдож болох хэдий ч амьтанд хүртэл сэтгэл байж болохыг чухамхүү эх нутгаа тэмцэн гүйх монгол морины гайхамшигт чанараар энэ кино харуулсан юм.

Урьд хожид хэзээ ч амталж, үнэрлэж байгаагүй өвс, ус агаар... Энэ  бүхнийг гагцхүү зүүд, мөрөөдөлдөө л харсан шарга даага ураг бүрэлдсэн нутгийнхаа зүг хайрт эхийгээ орхин давхин одно. Харин Галт хүү төрсөн нутаг, өөрийн эцэг эх дээрээ ирсэн ч өссөн нутаг, өсгөсөн эцгээ санан бэтгэрнэ. Гүйгүүл шарга, ажаадаа гашуудсан хүү хоёр өөр өөрийн нутагт тэмүүлэх сэтгэлээрээ ижилсэж,эцэстээ хоёул хамтдаа төрөлх нутагтаа үлдсэнээр кино төгсөнө.

"Шарга даага" кино зөвхөн морины тухай мэт боловч монгол ахуй, монгол хүний ёс жудагийг харуулсан бүтээл болжээ. Дүн өвлөөр монгол наадмын талбайд хүн зон багширч, хөхүүрт айраг исч, хүүхэд гийнгоолох, морьд салхи татуулан хурдлахыг үзэж суухад сэтгэл хөхин баясч, омогшиж, эцэст нь уясч тэгээд нулимсаа барьж дийлэхгүй... Сэтгэл зүрхний минь угийн угт байдаг эгэл энгийн атлаа давтагдашгүй язгуур ахуй, мөн чанарыг мөн л эгэл энгийнээр нь нээн харуулж, сэтгэлийг хөндөж чадсанаараа энэ бүтээл жинхэнэ монгол кино болж чаджээ. 
Найруулагч, продюсер Ч.Хоролдорж



Сүүлийн жилүүдэд манай кино урлагт шинэ бүтээл олноор төрж, залуу уран бүтээлчид энэ салбарт идэвхтэй бүтээж туурвиж байна. Гэвч сэдвийн хувьд голчлон хөнгөн инээдэм, эсвэл хэт хүнд хар барааныг үзүүлэх нь олонтаа. Харин найруулагч Ч.Хоролдоржийн "Шарга даага" уран сайхны кино сэдэв, санаа, хийц гээд бүхий л зүйлээрээ энгийн агаад үнэн, утга хийгээд уянгыг тунг нь хэтрүүлэлгүй хослуулсанаараа онцлог болжээ.

Тиймээс ч  олон улсын кино шүүмжлэгчдэд үнэлэгдэж, хилийн чанадад болсон хэд хэдэн кино наадмуудад оролцсон юм. 

Эцэст дурдахад "Шарга даага" уран сайхны киног монгол хүн Та заавал гэр бүлээрээ үзээрэй. Эх нутгийн үнэ цэнэ, хүн байгалийн хүйн холбоо, эх эцгийн элбэрэл, хүүхдийн үнэн цагаан сэтгэлийг өгүүлсэн нэгэн сайхан кино Монголын кино урлагийн түүхийн хуудсанд бичигдэж байна. Энэ түүхийг үзэгч Та ч хамт бүтээлцэх билээ.

Ийнхүү Монгол түмний шүтээн болсон морин эрдэний  түүхийг өгүүлсэн "Шарга даага" кино энэ сарын 10-ны өдрөөс эхлэн "Тэнгис", "Өргөө", "Соёмбо" кино театруудаар үзэгчдийн хүртээл болж эхэллээ.