2014/01/08

"Шарга даага" кино энэ сарын 10-нд нээлтээ хийнэ (+ зураг, poster)

Пусаны кино наадмын "Азийн кино урлаг" (Busan International Film Festival - International premiere) хэсэгт шалгарсан "Шарга даага" уран сайхны кино энэ сарын 10-наас "Тэнгис", "Өргөө", "Соёмбо" кино театрт үзэгчдийн хүртээл болох нь.

Киноны дүрүүдэд УДЭТ-ийн жүжигчин Ц.Цэрэнболд, МУГЖ С.Дамдин, МУСТА Д.Бямбацогт, МУСТА Б.Батмэнд, жүжигчин П.Мөнх-Од болон Төв аймгийн Угтаал сумын авьяаслаг багачууд тогложээ. Киноны хөгжмийг Ардын жүжигчин, төрийн хошой шагналт, Н.Жанцанноров бичиж, Японы зураглаач Ёсукэ Като киноны зургийг авчээ.






"Шарга даага" кино нь  өнгөрсөн  оны есдүгээр сард Монгол улсад анх удаагаа зохион байгуулагдсан "Улаанбаатар" ОУКН-ын нээлтийн киногоор шалгарч цөөн хүрээний үзэгчдэд хүрсэн билээ. Мөн энэхүү кино саяхан Энэтхэг улсын Бенгалорийн ОУКНаадмын Азийн киноны уралдаант хэсэгт сонгогдон оролцоод иржээ.


Даширамд дурьдахад залуу найруулагч Ч.Хоролдоржийн "Зүүд" хэмээх богино хэмжээний кино нь анх удаа эх орноо төлөөлж Каннын кино наадамд албан ёсоор уригдан гарч байжээ. Уг кинонд бага насандаа өвчин ороосноос айлд өсөж байсан хүү авга ах нь насан өөд болсноор тэр төрсөн гэртээ эргэн ирнэ. Хүүгийн нэрийг Галт гэнэ. Түүний эцэг уяач Бадамын адуунд наадмын морь барьсан бэлэгт сайн өдөр нэгэн шарга даага гүйж ирнэ. Гүйгүүл шарга, ажаадаа гашуудсан хүү хоёр өөр өөрийн нутагт тэмүүлэх сэтгэлээрээ ижилсэн хэдий ч шаргыг хулгайлахыг хүссэн, түүнийг зарж ашиг хонжоо олохыг горьдсон нутгийн уяач  Бадам нарын хоорондох зөрчлөөр кино цааш өрнөх ажээ. 



Олон улсын кино шүүмжлэгчдэд өндрөөр үнэлэгдээд байгаа энэхүү киноноос та төрөлх нутгийн үнэ цэнэ, эцэг эх гэр бүлийн нандин сайхан харилцааг өгүүлсэн түүхийг олж үзэх болно.


Зургуудыг ITISMOVIE нь ШАРГА ДААГА (Yellow Colt) кино уран бүтээлчдийн албан ёсны зөвшөөрөлтэй тамгалсан болно. Энэхүү мэдээллийг чөлөөтэй хуулбарлаж болох бөгөөд хуулбарласан тохиолдолд Шарга даага кино, itismovie нэрийг дурдаж ашиглана уу.