2014/01/08

Г.Жигжидсүрэн найруулагч "Хүний амь"-ийн үргэлжлэлийг хийгээд зодог тайлна

Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэнгийн "Хүний амь" кино "Миний амь" нэртэйгээр үргэлжлэх гэнэ. Одоогоос 38 жилийн өмнө олны хүртээл болж байсан киног одоогийн нийгэмтэй уялдуулан, гол дүрийн гурав шоронгоос гарч буйгаар эхлүүлэх гэнэ. Киноны тухай Г.Жигжидсүрэн найруулагчаас лавлалаа.

-"Хүний амь" киноны үргэлжлэлийг хийж байгаа гэж сонслоо. Олон сайхан бүтээлээсээ яагаад энэ киног онцлон сонгох болсон бэ?
-"Хүний амь" гараад аль хэдийнэ 38 жил өнгөрчээ. Нийгмийн хар талыг харуулалгүй нуудаг, сайн сайхныг сурталчилдаг байсан үед хийсэн болохоор олон саад бэрхшээлтэй тулгарч байж дэлгэцнээ гарсан. Эргээд харахад жүжигчдийн тоглолт, зураг авалт, зохиомж давгүй болсон шиг санагддаг.
Киноны ноён нуруу болсон жүжигчид Төрийн шагналт Ц.Төмөрбаатар, ардын жүжигчин П.Цэрэндагва, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар амьд сэрүүн, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн алдартнууд болжээ.

Тиймээс киноныхоо үргэлжлэлийг хийж, 30-аад жилийн дараа нийгмийн гурван давхаргын дүрүүд хэн болж хувирав гэдгийг харуулахаар шийдсэн.

Энэ шинэ зуунд нийгэм, хүн, амьдралын өнгө, хүүхдүүдийн эцэг эхтэйгээ харилцах нь хүртэл тэс өөр болсон. Жүжигчдийнхээ онцлог, ур чадвар дээр тулгуурлан хүний дотоод ертөнц, сэтгэл рүү өнгийсөн сэтгэлзүйн драм хийх юм. Мэдээж 38 жилийн өмнөх арга барилаасаа огт өөрөөр хийхгүй бол болохгүй.

-"Таныг энэ бүтээлээ гаргачихаад дахин кино найруулахгүй гэж дууллаа.
-Нас явлаа шүү дээ. Гадаад, дотоодын наадамд нүүр улайлгахааргүй аятайхан кино хийчихээд бөхөөр яривал зодог тайлахсан гэж боддог. Жамухын тухай "Усан дээрх гал" нэртэй миний тууж байдаг юм. Түүгээрээ сэтгэлзүйн драм төрлийн кино хийгээд зодог тайлна гэж төлөвлөж байсан ч санхүү мөнгөний асуудал гарсан. Тэгээд шавь нар, залуу уран бүтээлчид дэмжиж "Миний амь"-ийг хийхээр боллоо.

Боломжийн кино гарах болов уу гэж итгэж байгаа. Нэг ангит кино хийнэ гэж ярьж байсан ч Монголын үндэсний олон нийтийн телевизийн бааз дээр тулгуурлан арван ангит кино хийхээр боллоо. Ирэх намар хүүхэд залуусын хичээл цуглахаар дэлгэцнээ гаргах төлөвлөгөөтэй байна.
Өнөөдөр Б.Дөлгөөн