2014/01/13

Тод мөртэй жүжигчин Чойн Хүрэл

Дурсагдах зүйлтэй амьдрах сайхан. Хорвоогийн тоосыг хөдөлгөн яваа хүмүүсийн дунд үгүй ч хойшид ч дурсагдахаар бүтээлч амьдарсан, бахархал төрүүлэм жүжигчин бол Чойн Хүрэл. "Анхны алхам" киноны Болдын дүрээр кино урлагт хөл тавьж, "Гэрлэж амжаагүй явна" киноны Гансүх инженерийн дүрээр үзэгчдийн сэтгэлд үлдсэн түүний тухай уран бүтээлч нөхөд нь ам булаалдан сайнаар ярина.

Сүхбаатар аймгийн уугуул Ч.Хүрэл хүү 1967 онд Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангид элсэн орсноор мэргэжлийн жүжигчин болох зам нь шулууджээ. Дунд сургуульд байхаасаа л урлагийн тоглолтод оролцож, хөгжим тоглож, шүлэг уншиж явдаг ууган хүүгээрээ С.Чой гуай тун их бахархдаг байж. Түүний дүү Ч.Оюунбилэг нэгэн дурсамж нэвтрүүлгийн үеэр "Ахыг маань таньж мэдье гэвэл тоглосон дүрүүдийг нь л харахад хангалттай" хэмээн ярьсан нь бий. Хамтран зүтгэгчид нь энэ эрхэм жүжигчнийг "Анхны алхам"-ын Болд шиг дуугүй, даруухан, "Гэрлэж амжааг үй явна"-ын Гансүх инженер шиг буурьтай, алсын хараатай гэсэн бол нэг ангийн нөхөд нь "Манай ангийн Юндэн гөөгөө" хэмээн тодорхойлсон.


АВЬЯАСТАЙ, АДТАЙ ОЮУТАН

Багшийн дээдийн кино драмын ангид 1967-1971 онд суралцан төгссөн нэг ангийнхан дундаасаа Ч.Хүрэл авьяасаараа ялгардаг байж. Тэдний ангид хичээл зааж байсан ОХУ-ын ардын жүжигчин В.М.Бейлис Ч.Хүрэлийн тоглолтыг харахаараа эрхий хуруугаа гозойлгон сэтгэл дүүрэн байгаагаа илэрхийлдэг байсан бол Ц.Раднаа багш нь "Манай ангиас 3-5 сайн жүжигчин гарах байх" хэмээн ярьдаг байсан бөгөөд тэр дундаа Ч.Хүрэлийг онцолдог байсан гэнэ. Түүнийг хоёрдугаар курсын оюутан байхад урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Жигжидсүрэн олж харж, ангийнх нь охин Б.Цэцэгбалжидын хамт "Анхны алхам" кинондоо тоглуулжээ. Энэ киноны Болд бараг үг хэлдэггүй ч биеийн үйл хөдлөл, харцаараа өөрийгөө илэрхийлдэг онцлогтой дүр. Хүүгийнхээ тоглосон анхны киног сэтгэл догдлон үзэж байсан тухайгаа аав, ээж нь ярьсан байдаг. Харин түүнтэй хэд хэдэн кинонд хамтран тоглож байсан жүжигчин Н.Батцэцэг "Би "Анхны алхам" киног анх үзээд төгсгөлд нь хунгаа өгч чадалгүй явуулахыг нь хараад "Ээ өгчихгүй дээ" гэж бодож билээ.

Сайхан царайтай, өндөр биетэй тэр залуу жүжигчнийг хараад үнэхээр биширч байлаа. Гэтэл хожим нь Ж.Бунтар найруулагч надад "Гэрлэж амжаагүй явна" киноны зохиолыг өгч, надтай хамтран жүжигчин Ч.Хүрэл тоглоно гэхэд нь би барьж явсан зохиолоо эгээтэй л гараасаа алдчихаагүй. Өөрийгөө Д.Цэцэгбалжид эгчийн оронд тавиад л, тэр сайхан жүжигчин намайг тодруулж тоглох нь гэж бодоод бүр догдолчихсон" хэмээн дурссан. Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Батбаяр бол түүний нэг ангийн анд, дотнын найз нь юм. "Манай Хүрлээ их өөрөөр сэтгэдэг. Этюд хийх гээд нэг л болж өгөхгүй байхад манай хүн ширээ хоёр удаа тойрч алхаад л "Аан ингэвэл болох юм байна" гээд сайхан санаа олдог байсан хэмээн ярьж байсан.

Багаасаа урлагийн авьяастай байсан болохоор оюутан болонгуутаа л Ч.Хүрэл үеийнхнээсээ тодорчээ. Тухайн үед Монголын залуучууд оюутны их наадамд оролцож, Багшийн дээдийн Хүрлээ хэмээн зарлуулан Б.Ахтааны шүлэг, Г.Дарамзагдын хөгжим "Москва минь сайн байна уу", Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн шүлэг, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидоржийн хөгжим "Урьд шөнө чи зүүдлэв үү" дууг дуулж байсан гэдэг. Энэ наадмаас авьяасаараа тодорч, олон улсын наадамд оролцох байсан ч шалгалт нь давхцаад явуулаагүй юм билээ.

ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ТЕАТРЫН ЖҮЖИГЧИН

Сургуулиа төгсөөд Хүүхэд залуучуудын театрын жүжигчин болж байсан түүнийг ардын жүжигчин А.Очирбат гуай "Тоглож биш, амьдарч бүтээдэг жүжигчин" гэж хэлсэн байдаг. Аливаа найруулагчийн заавраар биш, өөрийнхөө бодож боловсруулснаар энгийн, амьд тоглолт харуулдаг байсан нь түүний авьяасын нэг л тал нь. Өөрөө сайн тоглохын зэрэгцээ хамтран тоглогчоо "аваад явчихдаг" байснаар нь бахархах хүн олон. Тухайлбал 1977 онд Д.Батбаярын "Шувуу бүхэн жаргалтай" жүжигт ангийнхаа бүсгүй Ц.Цолмонтой хамтран тоглохдоо "Цолмоон, гэрийн эзэгтэй хүн тогоо шанагаа угсраатай нь орхидоггүй юм аа" гээд түүний анзаараагүй алдааг нь залруулж байжээ. Тэрбээр энэ театрын тайзнаа 10 гаруй жүжигт тогложээ.

КИНОНЫ ХҮРЛЭЭ

Өндөр нуруу, тос даасан бор царай, том алаг нүд гээд баргийн эр хүнд заяахгүй өв тэгш дүр төрх нь одоо ч киноноос тодхон харагддаг. Хэрвээ тухайн жүжигчин биеийнхээ аль нэг хэсэгт өөтэй бол тэр хэсгийг харуулахгүйн тулд бүтнээр нь зургийг авдаггүй. Харин Ч.Хүрэлийг яаж ч авсан сайхан харагддаг болохоор Ж.Бунтар найруулагч "Гэрлэж амжаагүй явна" кинонд тоглуулахдаа яам руу орж, гарч байгаа, хонгилоор явж байгаа хэсэгт түүнийг бүтэн биеэр нь харуулдгийг учир мэдэх нэгэн хэлсэн. Бас энэ киноны зургийг Гансүх инженер, Сүрэн хоёр бие биедээ сэтгэлтэй болчихоод галт тэргэнд хамт яваа хэсгээс эхлэн авчээ. Өөрөөсөө зиндаа дээгүүр жүжигчинтэй тоглох болсондоо мэгдэж байсан гавьяат жүжигчин Н.Батцэцэгийн хувьд Ч.Хүрэлийн өмнөөс хайрын харцаар харна гэдэг амар байсангүй. Туршлагатай жүжигчин энэ байдлыг нь мэдээд "Чи над руу яг ингээд хар даа" гэж зааж зөвлөөд түүнийг аварчээ. Энэ жүжигчин дүрээ их, бага гэж ялгалгүй урлаж, амьдруулдаг учраас туслах дүр, гол дүр гэж ялгах аргагүй. Тухайлбал "Эх бүрдийн домог" кинонд Догшин харын нэг цэргийн дүрд Ч.Хүрэл тоглодог.

Жүжигчдийг өөр хоорондоо адилгүй цэргүүд болох даалгавар өгөхөд тэрбээр нүүрний арьсаа хумин сахлын цаавуугаар наалгаж, сорвитой болоод, үсээ хусуулж, энгэр задгай хувцасласан байдаг. Тэр цэрэг кинонд нэг ч үг хэлдэггүй боловч байгаа байдлаараа бусдаасаа аргагүй ялгарна. Түүний тоглосон дүрүүдээс "Тэмцэл" киноны Гүржавын дүү Батсүхийг онцлохгүй байхын аргагүй. Орос маягийн боловсролтой хархүүгийн дүрд энэ хүн яг л тохирсон байдаг. Балбар вангийн бага хатанд сэтгэл алдран, ачааг нь үүрэн гэрийнх нь үүдэнд хүргэж байгаа тэр хэсэг нь яг л бодит мэт. "Ацаг шүдний зөрүү" кинонд түүнтэй хамтран тоглосон тухайгаа Г.Равдан гавьяат "Хүрлээгийн нүд үү. Үнэхээр юм хэлүүлнэ. Гүнзгий дээ. Тэр кинонд намайг байцаадаг До яамны төлөөлөгчийн дүрд тоглодог юм. Айхтар олон юм хэлэхгүй ч тэр харц нь нүд дальдирмаар" хэмээн ярьсан. Хэрвээ бор дарснаас арай илүү хол байж, урт насалсан бол аль хэдийнэ ардын жүжигчин болчих байсан хэмээн зарим жүжигчин түүний хойноос харуусдаг. Бурхан болсных нь дараа Ард түмний гавьяат хэмээх цол олгож, аав, ээжид нь гардуулжээ. Азай буурал болсон аав, ээж нь хүүгийнхээ авьяасыг ард түмэн нь үнэллээ хэмээн үнэхээр их баярласан гэдэг.

ААВ, ЭЭЖИЙН АМИН ХАЙРТАЙ ХҮҮ

"Айлын ууган хүү хэрнээ аав, ээж, дүү нартаа жигтэйхэн эрх шүү дээ, манай хүн" хэмээн гавьяат жүжигчин Г.Равдан ярьсан. Тавдугаар сургуулийн хажууханд байх гэрт нь Г.Равдан гуай хааяа орж гардаг байж. "Гэрийнхэн нь ч хүүдээ хоол цай зөөгөөд сүйд болно" гээд "Гэхдээ нэг л тогтсон амьдралтай болж чадаагүй юм даа" хэмээн сүүрс алдсан.

Ч.Хүрэл агсан гурван хүүхэдтэй. Ууган хүүг нь Х.Тулга, удаах охиныг нь Х.Уянга, бага хүүг нь Х.Түвшин гэдэг. Бага хүү нь аавынхаа мэргэжлийг өвлөн суралцсан юм билээ. Харин охин нь жүжигчин болохыг хүсдэг байсан ч "Ийм зөөлөн, уяхан хүн жүжигчин болохгүй ээ" хэмээн аав нь татгалзсан гэсэн. Гэхдээ Х.Уянга "Хүүхэд томрох ч лүд юм аа" киноны том охины дүрд тоглоод амжжээ. Тэрбээр аавынхаа тухай "Аав минь "Газар шороо" киноныхоо бух Дагдангийн дүрд их хайртай байсан. Өөрийнх нь төрсөн нутагт үйл явдал нь өрнөдөг байсан болохоор тэр байх" хэмээн ярьсан юм.

Энэ хүний авьяас, бүтээлч занг нь киноныхон анддаггүй байсан тул кинонд тоглоогүй өнжсөн жил бараг байгаагүй гэнэ. Хамгийн сүүлд "Монголжин" студийн хоёр ч кинонд тоглосон байдаг. 55 настайдаа хорвоог орхисон ч дараагийн хэдэн үед ч өөрийгөө дурсуулах хүрэл хөшөө босгож чадсан, яндашгүй авьяастан энэ буюу.

Өнөөдөр Ж.Солонго