2013/12/27

Ш.Цэцгээ: Киноны нээлт, ёслолын үеэр гавьяат гэж дуудахад санаа зовдог байлаа

"Гарын таван хуруу", "Хааны сүүлчийн хатан", "Ховор хүмүүс", "Өглөө", "Тэмцэл" тэргүүтэй олон бүтээлээрээ бидний сэтгэлд мөнхөрч, ард түмний гавьяат нэр зүүсэн Шатарын Цэцгээ өнөөдөр гавьяат цолоор энгэрээ мялаах нь. Түүнтэй өчигдөр утсаар холбогдлоо.

-Сайн байна уу. Таныг гавьяат жүжигчин болно гэж дууллаа. Танд баяр хүргэе.
-Өнөөдөр өглөө нэг бүсгүй залгаад "Маргааш өглөө 11.20 цагт Төрийн ордны өмнө сайхан дээлтэй ирээрэй, таныг шагнана" гэсэн. Баярласандаа хэлэх ч үг олдохгүй нь ээ. Хийсэн бүтээсэн хөдөлмөрийг минь төр, ард түмэн үнэлж ивээлээ хайрлаж байна. Урьд нь хүмүүс киноны нээлт, ёслолын үеэр намайг гавьяат жүжигчин гэж дуудаж, энд тэнд тааралдсан олон ч гавьяат аа гэдэг байсаг. Санаа зовж, зарим нэгэнд нь эгч нь гавьяат биш шүү дээ гэж хэлдэг ч дандаа тайлбарлаад байх хэцүү. Аргаг үй л ард түмний амны бэлгээр боллоо.

-Энгэрээ цоолуулах дээлээ бэлдсэн үү?
-Ижий минь их уран хүн. Надад олон дээл хийж өгсөн. Хоёр бэрээсээ асууж байгаад л нэгийг нь сонгох санаатай.

-Таныг гавьяат болох гэж байгааг олон хүн мэдсэн үү. Утас тань завгүй байлаа.
-Тийм ээ, яаж мэдсэн юм бол, дөнгөж өөрөө сонсоод утсаа салгангуут л баяр хүргэж эхэлсэн. Кино урлагийн дээд сургуулийн хамт олон, шавь нар, киноныхон маань ярилаа. Чамайг ярихаас өмнөхөн зураач Болд мэнд хүргэсэн.
Өнөөдөр сонин Б.Дөлгөөн