2013/12/27

Монгол киноны феминизм

Монголын кино урлагт бүсгүй хүнийг магтан дуулсан, гавьяаг нь алдаршуулсан кино тийм ч олон байхгүй. Өнгөрсөн зууны бүтээлүүдээс "Мандухай цэцэн хатан", "Хэлтгий заяа" зэрэг кинонууд л санаанд орж байна. Тэгвэл улиран одож буй 2013 оны турш бид бүсгүйчүүдийн киногоор "бөмбөгдүүллээ". "Ану хатан", "Зэрлэг цэцэгсийн хүлэмж", "Лардьма", "Би эмэгтэй хүн", "Ганц бие бүсгүйчүүд" гээд л өрнөнө. Тэгэхдээ энэ киноны зохиолч нь эмэгтэй, найруулагч, эсвэл продюссер нь эмэгтэй хүн байсан гээд бодохоор ямар нэгэн зүйл шивнээд байх шиг санагдана. Хүүхэд төрүүлж, хоол амттай хийдэг болохоор нь эмэгтэйчүүдийг гал тогоотой хутган ойлгож, тулганаас дээш гаргахгүй байх гэсэн тэгш биш хандлага зарим хүнд байдаг байж мэднэ. Ялгаварлал байхгүй гэх хэдий ч бүсгүй хүн богино ухаантай гээд л гоочилно.


Саяхан л гэхэд найз бүсгүй маань өнгөрсөн жил хадам аав, ээжтэйгээ хамгийн түрүүнд золгосон болохоор энэ жил өөрийнхөө ээж, аавынхаар эхлээд оръё гэж нөхрөөсөө гуйхад эрс эсэргүүцсэн тухай ярьсан. Гэр нь ойрхон байдаг болохоор ганц удаа өөрийнхөө аав, ээжид эрт золгосон гэсэн эхнэрийн мөрөөдөл энд хүрээд өндөрлөсөн гэнэ. Тэгэхээр бүсгүйчүүдийг даруулгатай байлгах гэсэн санаархал амь бөхтэй оршсоор байгаа нь энэ. Адилхан л хүн шүү дээ. 1960-аад оноос эхлэн иймэрхүү ялгаварлалыг эсэргүүцэж, эмэгтэйчүүд идэвхтэй үйл хэрэг өрнүүлэх болсноор феминист үзэл дэлгэрсэн. Баруунаас эхэлсэн буухиа манай зүг салхилсаар, үүнийг нотлох мэт Монголын кино урлаг 2013 оны турш бүсгүйчүүдээр амьсгалж, тэдний гол дүрд нь тоглосон, найруулсан, продюссерлэсэн кино нь орлогоороо тэргүүлэх болсон.



Өрсөлдөөн дунд бүсгүйчүүд бууж өгсөнгүй. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар кино театруудад гарч байгаа киноны долоо хоногийн болон нийт орлогыг зарлаж эхлэхэд "Ану хатан" манлайлсан. Дараа нь энэ киноны орлогыг "Зэрлэг цэцэгсийн хүлэмж", "Лардьма" уран сайхны кино давсан тухай мэдээлэл ч бий. Мэдээж энэ хооронд олон уран сайхны кино гарсаар л байсан. Тухайлбал хамгийн сүүлд "Тагнуулч аав" орлогоороо илт тэргүүлж байгаа. Бүсгүйчүүдийн урласан кинонууд цаанаа л гүн утга агуулгатай байсан. Тухайлбал, "Ану хатан" уран сайхны кино хүн бүрийн сайн мэдэхгүй түүхийг дэлгэцийн бүтээл болгосон бол "Лардьма" гэр бүлийн хүчирхийллийн тухай харуулж, "Ганц бие бүсгүйчүүд" гэр бүлийн амьдрал зохиогоогүй бүсгүйчүүдийн амьдралыг хүүрнэсэн. "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" кино нь эмэгтэйчүүд, тэр дундаа өнгөрсөн зуунд нийгмийн шаар, шавхрууны тоонд багтан адлагдаж байсан хүмүүсийн тухай харуулсан.


Хүн бүр бусдаар хайрлуулж, хэн нэгнийг хайрлах хэрэгтэй гэсэн үгээр малгайлуулсан энэ бүтээл олон хүний анхаарлыг татсан нь дамжиггүй. "Шүүдэр" продакшн, "U фильм", "Навчаа фильм". Энэ бол бүсгүйчүүдийн байгуулсан киноны студиуд. Тэд хойшид ч олон сайхан уран бүтээлийг үзэгчдэд хүргэх байх. Харин "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" уран сайхны кино "Хувьсал" продакшны шинэ уран бүтээл болон үзэгчдэд хүрсэн ч гавьяат жүжигчин У.Уранчимэг найруулснаараа онцлогтой.

Өнөөдөр сонин Ж.Солонго