2013/11/07

Warner Bros. Entertainment-ийн Азийн бүс хариуцсан захирал Clarence Lo: Хууль бусаар кино татах явдал хэзээ ч зогсохгүй

"Talk to Bloomberg" нэвтрүүлэгт зочноор уригдсан Warner Bros. Entertainment-ийн Азийн бүс хариуцсан захирал Clarence Lo-ийн ярилцлагаас товчлон хүргэж байна.

-Киноны бизнес Монгол улсад харьцангуй шинэ зах зээл. Харин та үүнийг аль өнцгөөс харж байна вэ?
-Киноны бизнес нь кино театруудаар түгээлт явагдахаар эхэлдэг гэж боддог. Манай түнш компани Монгол улсад Холливудын киног гэр бүлийн энтертейнмент сүлжээгээр дамжуулан түгээх болсон. Манай түнш байгууллага 8, 9 жилийн өмнө энэ үйл ажиллагаагаа эхэлсэн. Монголд кино театрын түгээлтийг явуулж байна гэж бодохоор их хачирхалтай л даа. Тэдний хүсэл зориг, Монголд хийсэн хөрөнгө оруулалт намайг үнэхээр их гайхашруулсан. Гэхдээ Монгол улсад киноны бизнес хөгжих боломж бий.

-Киног их хэмжээгээр үйлдвэрлэж байгааг "хөл толгойгоо" алдаж байна хэмээн шүүмжлэх хүн олон бий. Харин та ямар бодолтой байдаг вэ?
-Хүмүүс яагаад кино хийх нь ихсээд байна вэ гэвэл энэ салбарын үйл ажиллагаа бол урагштай байх хандлагатай бизнес. Үүнд кино үйлдвэрлэлийн маш их ажил явагддаг. Ялангуяа Ази, номхон далайн бүсэд кино үйлдвэрлэл идэвхтэй өрнөж байгаа. Дотоодын кино үйлдвэр ч гэсэн үүнд оролцдог. Хятад улсад маш том хэмжээний дотоодын кино үйлдвэрлэл бий. Хүмүүс кино хийгээд түүнийгээ Ази, номхон далайн бүсэд гаргахаар зорьж байгаа юм. Түүнчлэн Хятадын "box office"-ийн орлого сайн байгаа нь энэ бизнест хөл тавин орох сэдлийг хүмүүст төрүүлж байна.

-Та Ази, номхон далайн зах зээлийг хэрхэн харж байна. Бусад бүс нутагт "HBO" эсвэл "Netflix" зэрэг нь танай хамгийн том өрсөлдөгчид байх.
-Ази номхон далайн бүс их сонирхолтой л доо. Энэ бүсийн улс орнууд хөгжлийнхөө өөр өөр шатанд явж байгаа юм. Түүнчлэн шинэ мэдээллийн хэрэгсэлд дэд бүтэц маш ихээр нөлөөлж байна. Улс орон бүрийн дэд бүтэц өөр өөр. Жишээ нь Япон, Өмнөд Солонгос, Австралийн дэд бүтэц маш сайн хөгжсөн. Энэ нь тус салбарын хөгжилд маш их дэмжлэг үзүүлж байна. Харин дэд бүтцийн хөгжил нь тааруу байгаа улс орнуудад дижитал контентийн бизнесийг хөгжүүлэхэд илүү урт хугацаа шаардагдах байх.

-"Warner Bros" компани өрсөлдөгчдөөсөө аль талаараа илүү байх боломжтой вэ?
-АНУ-д хэрэгжүүлж байгаа нэг ажиллагаа бий. Warner Bros "Ultra Violet" гэх төслийг их эртнээс хэрэгжүүлж эхэлсэн. Хэрэв хэрэглэгч манай бүтээгдэхүүнийг

Warner Bros. Entertainment-ийн Азийн бүс хариуцсан захирал Кларинц Ло. Зургийг: С.Бадаг
худалдан авсан бол дурын төхөөрөмжөөрөө үүнийг үзэх боломжийг олгодог. Гэртээ зурагтаараа үзэж болно, бидний борлуулж байгаа Blu-Ray DVD-ээр үзэж болно, компьютер болон хөдөлгөөнт төхөөрөмжүүдээр ч үзэх боломжтой. Тиймээс "Ultra Violet"-ийн гол зорилго бол хэрэв хэрэглэгч манай бүтээгдэхүүнийг худалдан авч байгаа бол ямар төхөөрөмжөөр, хэзээ үзэхээ сонгох эрхтэй гэсэн үг. Урьд нь DVD авч үзэхэд гэртээ зөвхөн DVD тоглуулагчаар, машины DVD тоглуулагчаар, эсвэл DVD тоглуулагчтай зөөврийн компьютерээр үзэх боломжтой байдаг байсан. Харин орчин үеийн технологийн ачаар клауд үйлчилгээг ашиглан сервер дээрээс дуртай зүйлээ, дуртай цагтаа татаж үзэх боломжтой болсон. Жишээ нь та "Starbucks"-т сууж байхдаа худалдан авсан бол гэртээ очоод киногоо үзэж болно. Киногоо үзэж байхад хүнтэй уулзах хэрэгтэй боллоо гэхэд тухайн газарт хүрэх замдаа киногоо хөдөлгөөнт төхөөрөмж дээрээ үргэлжлүүлэн үзэх боломжтой. Энэ бол "Warner Bros"-ийн зүгээс "Ultra Violet"-ээр дамжуулан АНУ-д хэрэгжүүлж байгаа ажил юм. Удахгүй үүнийгээ Европт нэвтрүүлээд магадгүй Ази, Номхон далайн бүсэд ч нэвтрүүлэх боломжтой болох байх.

-Монголын кино зах зээлийн талаар эргэн ярилцъя. "Warner Bros" Монголын "Univision" компанитай хамтран гэр бүлд контент нийлүүлэх ажиллагааг эхлүүлэх гэж байна. Энэ талаар тодруулаач?
-Бид энд байгаа түншээрээ дамжуулан "Univision"-тэй хамтран ажиллаж байгаа. "Univision"-ийн IPTV үйлчилгээгээр дамжуулан дуртай үедээ кино захиалан үзэх боломжийг олгож байгаа нь дэлхий нийтээрээ кино театрт очихоос илүүтэй гэртээ үзэх болсон чиг хандлагатай уялдсан зүйл болсон. Манай Монгол дахь түнш болон Монголын IPTV-гийн хамгийн том түгээгч байгууллага нь албан ёсны эрхтэйгээр кинонуудыг гаргаж байгаа нь сайхан хэрэг.

-Тэгэхээр 10 дугаар сарын 1-нд нээлтээ хийх цоо шинэ киног бид тэр даруйд нь эвсэл ганц хоёр долоо хоногийн дараа шууд хүлээн авч үзэх боломжтой болно гэсэн үг үү?

-Бүх зүйл цаг хугацаанаас хамаарна. Кино театрт хэзээ нээлтээ хийх вэ зэрэг асуудлын хувьд бүх зүйл хараахан шийдэгдээгүй байгаа. Үүнийг дэлхий даяар шийдвэрлэхийг хичээж байна. АНУ-ын кино театруудад гарч эхэлснээс хойш 3-4 сарын дараа IPTV-гээр дамжуулан киног түрээслэн авч үзэх боломжтой болно гэсэн үг.

-Үүнээс гадна бас нэг асуудал бол хууль бусаар кино татаж үзэх явдал. Энэ асуудлыг та аль талаас нь хардаг вэ?
-Хууль бусаар кино татаж үзэх явдал хэзээд оршин тогтнох болно. Олон нийтийн дунд ийм зүйл байж л байдаг. Энтертайнментийн салбар байгаа тохиолдолд энэ зүйл байсаар л байна. Хувийн, дижитал орчны мөн интернетийн асуудал ч үргэлжлэх болно. Юу ч, хэзээ ч үнэ төлбөртэй байдаг. Хэн нэгэн заавал худалдан авч л байдаг. Хятад улсад биет болон интернет, дижитал контентын хууль бус хуулбарлалт нь маш ноцтой асуудалд тооцогддог. Гэхдээ үүнд оролцож байгаа хүмүүс үнэгүй зүйл урт хугацаанд оршин тогтнохгүй гэдгийг ойлгож байгаа байх. Тиймээс ихэнх нь хэрэглэгчдийн худалдан авах хандлагыг хөхиүлэн дэмжиж байгаа. Бүх зүйл хэрэглэгчдийн хувьд бүтээгдэхүүнийг хууль ёсны дагуу худалдан авахад чиглэж байна. Хууль бусаар контент хуулбарлах орчин тогтносон хэвээр байгаа учраас бид үүнтэй тэмцэхийг маш ихээр хичээж байна. Гэхдээ ямар ч арга хэмжээ авсан контент хуулбарлах үйл ажиллагаа алга болохгүй.

-Таны хамгийн дуртай кино тань юу вэ?
-Би хэлж байсан даа. Харри Поттер. Хамгийн сүүлийн анги нь. Компанид орсны дараа хамгийн анх хариуцсан ажил маань "Харри Поттер" киноны нэгдүгээр ангийн нээлт байсан. Энэ анги нь маш их амжилт олсон. Миний амжилтын сүүлийн арван жил Харри Поттероор "амьсгалсан". Харри Поттерийн ийм олон ангийг үзсэний дараа хамгийн сүүлийнхийг үзнэ гэдэг нь өмнөх ангиудыг дүгнэсэн хэрэг.

Bloomberg TV Mongolia Г.Ану