2013/11/06

"Мөнгөний авдар" болсон монголын кино театрууд

Бид кино үзэх дуртай. Тэр тусмаа зориулалтын танхимд нь буюу кино театрт зочилж, хүссэн киногоо үзвэл илүү таашаалтай. Гэсэн ч өнөөдөр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хэдхэн кино театр үзэгчдэд хүрэлцээтэй байдаггүй нь нуух аргагүй үнэн. Олон улсын жишгээр 20 мянган үзэгчид кино театрын нэг дэлгэц ногдож байвал хэвийн хэмээн тооцдог аж. Харин одоо бид "Өргөө" кино театрын хоёр салбар, "Тэнгис", "Соёмбо" кино театрт л кино үзэж байна. Тасалбарын үнээ байнга нэмж, уран бүтээлчдээс өндөр хувь авдаг гээд тэдэнтэй холбоотой таагүй асуудал чих дэлсдэг ч нийслэлийн иргэд тэнд кино үзсээр л байна. Өөрөөр хэлбэл, гуравхан байгууллагын эзэд Монголын кино үзвэрийн бизнесийг атгаж байгаа учраас санааныхаа зоргоор үнээ нэмж, уран бүтээлчидтэй наймаалцаж байгаа юм. Цаг үе ороо бусгаа, бүх байгууллагыг төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх боломжгүй байсан тэр жилүүдэд ч кино театрууд боломжийнхоо хэрээр үйл ажиллагаагаа явуулж байсан.

Харин одоо бол хамгийн анх "Ард" нэртэйгээр байгуулагдаж байсан кино театрын байранд Христийн сүм, тус кино театрт зориулан 1965 онд барьсан шинэ барилгад ХАС банк үйл ажиллагаа явуулж байна. Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн урд талд байрлах "Ард" кино театрын хуучин барилга л гэхэд эртний түүхтэй. Францын нэгэн пүүсийн эзэн энэ байшинд кино үзүүлж, зоогийн газар ажиллуулдаг байсан бөгөөд 1930-аад оны эхээр Улсын хөрөнгөөр худалдан авч кино театр байгуулсан юм билээ. Тэгэхээр Кино үзвэрийн салбарын түүхтэй энэ цагаан байшин салшгүй холбоотой. Харин дараа нь 1948 онд Элдэв-Очирын нэрэмжит Улаанбаатар хотын хүүхдийн кино театр байгуулагджээ. Энэ кино театрын байранд Монголын хөрөнгийн бирж нүүж ороод 20 гаруй жил боллоо. Хамгийн "залуухан" кино театрын тоонд багтах "Од"-ын байрыг Христэд итгэгчид эзэгнэн "Амьд үгс" Христийн сүм үйл ажиллагаагаа явуулж байна. Социализмын үед соёл, урлагийн болон үйлдвэрийн зориулалттай ихэнх барилгыг ЗХУын хөрөнгө оруулалтаар барьсан байдаг. Кино театрууд ч тэдний тоонд багтана. Ард, иргэдийг кино урлагаар соён гэгээрүүлэх үйлсийг төрийн жолоо атгаж байсан үе үеийн эрхмүүд дэмжиж байсан учраас 1935 он хүртэл манай улсад киног үнэ төлбөргүй үзүүлж байжээ. 1985 он гэхэд Улаанбаатар хотод найм, Дарханд хоёр, аймаг бүрт нэг кино театр ажиллаж байсан гэнэ. Тэр ч бүү хэл нүүдлийн болон суурин хэлбэрээр кино үзүүлж, соёл түгээдэг цэгийн тоо 600-д хүрсэн гэдэг. Тэр үед Монгол Улс хэдэн хүн амтай байсныг нэхэн саная. 1989 оны хүн ам орон сууцны тооллогоор 2.044.000 хүн амтай гэсэн тоо гаргажээ.

Одоо энэ тоо бараг гурван саяд хүрэх гэж байгаа гэхээр хүн ам нь 50 хувиар өсөж харин Улаанбаатарт байгаа кино театрын тоо 50 хувиар буурчээ. Орон нутагт бол тоолъё ч гээд зориулалтын кино театр байхгүй. Кино театр нэмж байгуулах шаардлагатайг, үзэгчдийн эрэлт нэмэгдэж байгааг нотлон 2011 онд "Өргөө" кино театрын хоёр дахь салбар Мэдээлэл, технологийн үндэсний паркт буурь зассан. Хотын захын дүүргүүдэд үйл ажиллагаа явуулж буй "Жонон" кино театрт ч олон хүн үйлчлүүлдэг. Гэхдээ энэ кино театрын тоног төхөөрөмж, техникийн хүчин чадал хангалттай хэмжээнд биш юм. Мэдээлэл технологийн салбарын хөгжилд зориулж үйл ажиллагаа явуулах ёстой Төрийн өмчийн барилгад хувийн кино театр оруулахын тулд барилгын хийцийг өөрчилж байхын оронд кино театрын зориулалтаар барьсан барилгуудаа ашиглаж болохгүй гэж үү. Тоног төхөөрөмж ихтэй, зориулалтын танхим шаарддаг учраас кино театрын барилга чухал үүрэгтэй. Гэтэл манайд музей нь намын байр, цирк нь худалдааны төв, театр нь банк болдог гаж тогтолцоо үйлчлэх юм. Уг нь энэ байшингуудад иргэдийг соён гэгээрүүлэх, хүсэл тэмүүлэл бий болгох соёлын үр тарих гэж ахмадууд маань нөр их хөдөлмөрөөрөө босгосон биз. Гэтэл бид дотор нь хадгалах мөнгөний хэмжээ, харийн шашны урсгалын нөлөөлөлд автаж хайрлах өв, хамгаалах ёстой бүхнээ үгүй хийж байна.

Эх оронч үзэл, гадаадын соёлын довтолгоо, үндэсний бахархал гээд олон үнэт зүйлийг соёлын салбарын үйл ажиллагаагаар хамгаалж болдог. Залуучуудыг хошин шоу тоглолт үзлээ, ном уншихгүй байна, сонгодог зохиол бүтээлтэй танилцахгүй байна хэмээн шүүмжлэхийн оронд орчин бүрдүүлэх нь чухал. Хэрэв Хүүхдийн кино театр өдий хүртэл үйл ажиллагаагаа явуулж байсан бол тэд солонгос савангийн дуурь үзэх гэж зурагтын удирдлага булаацалдахгүй, арилжааны киноны давалгаанд баримтат болон арт хаус төрлийн кинонууд түрэгдэхгүй л байсан байх. Өмч хувьчлал нэрийн дор бид үнэ цэнэтэй барилгуудаа үнэгүйдүүлж, төсвөөс татаас өгөхг үйн тулд хэнд ч хамаагүй өгсний балаг нь ийнх үү гарч байна. Хорь гаруй жил үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнасан соёл, урлагийн салбар өнгөрсөн жил харьяалах яамтай болсон ч энэ яамны мэдлийн байшин, барилга гэж үгүй. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга нь өдий хүртэл Улсын драмын эрдмийн театр, Хүүхэлдэйн театртай нэг тайз булаацалдаж суугааг сонсоод ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл "Цагдаагийн "Сүлд" чуулгын байрыг бид авах санаатай байгаа. Танайд тэр байрыг өгвөл болох уу" гэж асууж байх жишээтэй. Гэсэн 200 гаруй уран бүтээлчтэй энэ том айлд энэ байр тохиромжгүй нь үнэн. Харин дараа нь сайд В.И.Лениний музейн барилгыг МАН-аас авч Үлэг гүрвэлийн төв музей байгуулах гэсэн ч шат шатны шүүх дамжин, хэрэг сунжирч яваа. Бас тус салбарын дэд сайд М.Түмэнжаргал саяхан циркчдийг хүлээн авч уулзаад "Та нарын бэлтгэлээ хийж байгаа "Хуучин цирк"-ийн барилгыг сэргээн засварлах ёстой тул байраа чөлөөлж өг. Харин хойшид бүгдээрээ хамтарч хувьчлагдсан циркийн байрыг эргүүлж авах боломж байгаа эсэхийг судлая" гэж хэлсэн.

Ийнхүү байргүйгээр урагшлах боломжгүй урлагийн салбарууд уналтад орж, түүнийг нь ч анзаарах сөхөөгүй Төрийн өмчийн хороо хувьчлал явуулсаар удлаа. Энэ оны эхээр "Тэнгис" кино театрын хөрөнгө оруулалттай холбоотой маргаан дэгдсэн. 2003 он хүртэл Нийслэлийн өмчид Солонгосын компани хөрөнгө оруулалт хийгээд 66 хувийг нь эзэмшчихсэн аж. Албаны хүмүүс энэ нь байж болохгүй зүйл хэмээн мэдэгдэж байсан ч тус кино театрынхан "Бид орчин үеийн хотын соёлыг бий болгохын тулд маш их хөрөнгө зарцуулж, өдий хүртэл зардлаа нөхөөгүй" гэх үг унагасаар энэ асуудал намжсан. Тасалбараа таваас илүү мянган төгрөгөөр үнэлсэн "Тэнгис", "Өргөө" кино театрынхан саяхныг хүртэл Монголын киноны уран бүтээлчдийн орлогын 60 орчим хувийг авчихдаг байсныг бодохоор ашиггүй ажиллах үндэсгүй. Харин энэ жил ШӨХТГ-ын дэмжлэгтэйгээр энэ байдал өөрчлөгдөж, одоо уран бүтээлчид орлогынхоо 50 орчим хувийг авах болжээ. Тэр ч бүү хэл орлогынхоо хэмжээг долоо хоног бүр тодорхойлж нээлттэй зарлаж байгааг нь сайшаалтай. ШӨХТГ-ынхан ч бүх сумыг кино театртай болгох хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргаад байгаа бөгөөд энэ сараас Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа кино театруудын тасалбарын үнийг хямдруулах боломж байгаа эсэхийг судалж байгаа юм билээ. Соён гэгээрүүлэх үүрэгтэй салбарыг хөгжүүлнэ гэж эхлээд хөрөнгө зараад, харин дараа нь мөнгөгүй болчихлоо гэж байрыг нь хувьчилчихаад, хэдэн жилийн дараа "Энэ чинь бидэнд хэрэгтэй юм байна" хэмээн будлиу хөгшин шиг мунгинадаг нь манай төр засгийнхны ч моод юм болов уу.

Өнөөдөр