2013/11/20

Хүүхдэд зориулсан кино зохиолын уралдааны дүн гарлаа

ССАЖЯам "Хүүхдэд зориулсан уран сайхны болон хүүхэлдэйн киноны зохиол шалгаруулах" уралдааныг өнгөрсөн 7 дугаар сард олон нийтийн дунд нээлттэй зарласан билээ. Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 280 дугаар тогтоолоор батлагдсан "Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс дэмжлэг үзүүлэх журам"-ыг үндэслэн зарласан энэхүү уралдаанд оролцогчдын бүтээлийг есдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл хүлээн авсан бөгөөд нийт олон ангит хүүхэлдэйн киноны зохиолын төрлөөр 15, бүрэн хэмжээний хүүхдийн уран сайхны кино зохиолын төрлөөр 26 бүтээл ирсэн байна.

Уралдаанд ирүүлэх бүтээлд: хүүхдийн уран сайхны киноны зохиол нь сэдэв чөлөөтэй сургуулийн бага, дунд насныханд зориулсан нэг цагаас нэг цаг 20 минут үргэлжлэх хугацаатай байх бол олон ангит хүүхэлдэйн киноны зохиол нь бага насныханд зориулсан чөлөөт сэдэвтэй, нэг анги нь 10 минут үргэлжлэхгэсэн шаардлагыг тавиад байсан юм.

Уралдааны дүнг Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын тушаалаар томилогдсон мэргэжлийн зөвлөл уралдааны удирдамж, болзлын дагуу 3 үе шатаар шалгаруулж дүнг гаргаад байна. Үүнд:

Хүүхэлдэйн кино зохиолын төрлөөр
Тэргүүн байр Хө.Хүчитхарын зохиол "Бага хөлгөн туульс"
Дэд байр Б.Анармаагийн  зохиол "Нарны бэлэг"

Хүүхдэд зориулсан бүрэн хэмжээний уран сайхны кино зохиолын төрлөөр
Тэргүүн байр Ч.Наранцэцэгийн зохиол "Өөр"
Дэд байр С.Ангарагийн "Итгэл" зохиол тус тус шалгарлаа.

Уралдааны болзлын дагуу шагналт байранд шалгарсан бүтээл тус бүрт 3-5 сая төгрөгний шагнал олгогдоно.