2013/11/06

"Боловсрол суваг" телевизтэй хамт "Бразилын өргөн чөлөө"-гөөр

1994 юм уу, 1995 оны нэгэн өдөр гэрийнхэн маань эгчийг төөрчихлөө гээд сүйд болж билээ. Тухайн үед дөнгөж 10 хүрч байсан эгч маань хэдэн цагаар алга болсон юм. Ингээд нар жаргахтай зэрэгцээд нэлээд ядарчихсан орж ирлээ. Эгч багагүй дэггүйтэж, гэрийнхэндээ хэлэлгүйгээр ганцаараа хотоор "тэнэж" л дээ.


Харин гэр лүүгээ буцах гэтэл автобус, тройлейбус бүгд зогсчихсон байж. Ингээд тав, зургаан буудал алхсан байна. Автобус цагаасаа эрт зогсох болсон шалтгаан нь одоо бодохоор инээдтэй, тэр үед балчир эсвэл мэндэлээгүй байсан хүүхдүүдийн хувьд итгэмээргүй санагдах байх. Улаанбаатарын автобуснуудыг зогсоход хүргэсэн зүйл бол Венесуэлийн телевизийн олон ангит кино гээд л эхэлдэг байсан "Халтар царайт" кино байсан шүү дээ. Хотын гудамж нам гүм болж, харин хүмүүс бүгд л дэлгэцийн өмнө ид уяагдан суудаг байв. Манай гэрт хажуу айлын ах сандлаа бариад л орж ирж үздэг байлаа. Латин Америкийн нийгмийн онцлог, манай нийгмээс ялгаатай байдал гээд олон зүйлийг Стрелита, Мигель Ангел хоёрын түүхээс мэдэж авч байлаа.


Бараг л Венесуэл киногоор эхэлсэн гэж хэлж болох олон ангит киноны давалгаа хятад, япон киногоор үргэлжилж, дараа нь солонгос киноны ноёрхол эхэлсэн гэж хэлж болно. Монголчууд Азийн ихэнх орны хүмүүсийг бодвол баруунжсан болохоор дүрүүдийн сэтгэлээ илэрхийлж байгаа байдал нь илүү нээлттэй кино амьдралд ойр санагддаг болов уу. Иймээс Монголын үндэсний "Боловсрол суваг" телевиз Латин Америк киноны эрин үеийг эргүүлэн дуудаж, Өмнөд Америкт төдийгүй Европт ид шуугиан тариад байгаа "Бразилын өргөн чөлөө" киног үзэгчдийн хүртээл болгохоор бэлдээд байна.

"Бразилын өргөн чөлөө" кино 2012 онд Бразилын үзэгчдийг яг л "Халтар царайт" 1990-ээд онд Монголчуудыг хэрхэн татаж байсантай адил дэлгэцийн өмнө уяж байжээ. Бразилын хэвлэлд мэдээлж байгаагаар, киноны төгсгөлийн анги Сан Паулу, Рио Де Жанейро, Куритиба, Салвадор зэрэг томоохон хотуудын гудамжийг бараг эзгүйрүүлсэн байна. Энэ тухай мэдээллийг уншихад нээрээ л 1990-ээд оны дунд үеийн Улаанбаатартай тун төстэй санагдлаа. Бас нэгэн сонирхолтой баримт дуулгахад, Бразилын Ерөнхийлөгч Дилма Русеф (дашрамд сонордуулахад, тэрээр 2011 онд сонгогдсон, Бразилын анхны эмэгтэй Ерөнхийлөгч) хүртэл киноны төгсгөлийн ангийг үзэхээр  ажлаа хойшлуулж, дэлхийн хэмжээний хэвлэлүүд ч энэ тухай бичиж байжээ.

Ийнхүү Бразилд шуугиан тарьсан кинонд тун удалгүй Португал, Панам, Хорват, Орос, Грек зэрэг олон орны телевизүүд хошуурцгаасан байна. Нийт 124 орны телевизүүд албан ёсны эрхтэйгээр худалдан авчээ. "Форбес" сэтгүүлийн мэдээлж байгаагаар, "Бразилын өргөн чөлөө" кино нэг тэрбум ам.долларын ашиг олчихоод байна. Мөн энэ сарын 25-нд зохиогдох, телевизийн урлагийн шилдгийг шалгаруулах "Олон улсын Эмми авардс"-д шилдэг олон ангит кино төрөлд нэр дэвшээд байна. Тэгвэл Латин Америк олон ангит киноны өндөр хэмийн халуурлыг дагуулаад байгаа энэ кино "Боловсрол суваг" телевизээр энэ бямба гараг буюу 11-р сарын 9-өөс үдэш бүрийн 22:00 цагаас албан ёсны эрхтэйгээр Монголын үзэгчдийн хүртээл болох нь ээ.

Кинонд Нина Гарсиа Эрнандес охины аз жаргалтай бага насны амьдрал эцэг нь нас барснаар хэрхэн өөрчлөгдөж байгааг, хогийн цэгт хог түүж өнгөрүүлсэн хүнд хэцүү үеүд, амьдрал нь гарсан томоохон өөрчлөлт, сонголт, боломжуудын талаар өгүүлэх болно. Аз жаргал, адармаатай байдлыг зэрэг авчирсан хайрын түүх, орхиж болдоггүй, гүйцээж чадахгүй өс хонзон гээд адал явдал бүхэн энэ кинонд бий.

"Халтар царайт" киноны эхлэлийн дуу одоог хүртэл нэг л танил дотно санагддаг. Тэгвэл "Бразилын өргөн чөлөө" киноны хувьд эхлэлийн дуу нь нэлээдгүй алдаршаад байгаа юм байна. "Come Dance with Everything" дууны "OiOiOi" буюу англиар бол "HiHiHi" гэдэг мөр тус кино гарч байгаа орнуудад сошиал нэтворкод нэлээдгүй дэлгэрчээ. Киноны үйл явдлын тухай мэдээ мэдээлэл, санал сэтгэгдэл Бразилын жиргээчдийн хувьд халуун сэдэв болж байжээ.

Ингээд ирэх даваа гарагаас эхлэн "Бразилын өргөн чөлөө"-гөөр "Боловсрол суваг" телевизтэй хамт...