2013/10/08

"Шарга даага" киночдынхоо нэрийг авч гарав

"Улаанбаатар" олон улсын кино наадмыг зорьж ирсэн гадаадын киночдын төлөөлөл. Сингапурын кино найруулагч "Ило Ило"-гоороо алдаршиж буй Энтони Чен, Тайванийн кино найруулагч, Хонгконг, Берлиний кино наадмуудын шагналт Арвин Чен, "Улаанбаатар" кино наадмын зохион байгуулагч МУЗ-ийн гүйцэтгэх захирал Ц.Ариунаа, Шведийн кино найруулагч, 2012 оны Венецийн кино наадмын шагналт Габриела Пичлер. Яг үнэнийг хэлэхэд санаа зовж байсан юм. Монгол Улс дэлхийд алдартай Канн, Венец, Берлиний кино наадмуудад дөхөж очиход тэмүүлэх ирээдүйтэй Улаанбаатарын олон улсын кино наадамтай болохоор анхны алхмаа хийж байдаг. Монголын уран сайхны шинэ "Шарга даага" киногоор нээнэ гэхээр нь ямаршуу кино байдаг юм бол доо, сүүлийн үед ар араасаа цуврах болсон марзганасан, дуурайсан, чадан ядсан кино гэхэд хэцүү дэлгэцийн хөдөлдөг зурагнууд байвал яана аа гэж бодоод санаа зовсон хэрэг. Гэтэл залуу найруулагч Ч.Хоролдоржийн "Шаарга даага" нүүр улайлгасангүй. Түүгээр үл барам сэтгэл цатгаж, цээж өргөхөөр сайхан бүтээл болжээ. Сэдэв нь ердөө л монгол ахуй, малчин монголчууд, аав ээж, хүлэг сайн морьдоо гэх монгол хүний, хүүгийн сэтгэл, энэ бүхний эргэн тойрон дахь айхавтар гэм хоргүй ч сайн мууг дэнсэлсэн адал явдал юм.


Киноны гол дүр нь хөөрхөн шарга даага, түүнийг хайрлах жаалхүү. Арваад нас хүртлээ төрсөн эцгээ хэмээн санаж хайрлаж явсан ажаа (аав) нь өөд болоход жинхэнэ аав ээжийндээ очдог Галт хүү бурхны оронд очсон ажаагаа санасан сэтгэлээ, адуунд нь гүйж ирсэн хөөрхөн шарга даагыг хайрлаж, өөрийн унаа болгох хүсэл тэмүүллээр дүүргэн, төрүүлсэн аав ээж, төө зайгүй төрсөн ахдаа дасч ядан байх.

Хурдны морио барих өдөр Бадамын (жүжигчин Ц.Цэрэнболд) адуунд хаанаас ч юм нэгэн шарга даага хүрээд ирсэн байдаг. Шарга даага адуунд нь ирсэн тэр өдрөөс Галт битүүхэндээ "амь орж байлаа". Азаар ахтайгаа адуу манаж хонов. Тэр шөнө ахаасаа гуйж байгаад өнөө даагыг сургуулав. Аав нь хоёр хүү нь даагаар оролдоод байгааг мэдээд "Гүйгүүл адуунд саад болж болдоггүй юм хэмээн зэмлэнэ. Ах дүү хоёр ч өдрөөс өдөрт шарга даагыг наадамд уралдуулах хүсэлд автав. Аав нь мэдээж зөвшөөрөхгүй болохоор нутагтаа хуурч, морь танихдаа гаргуунаараа алдаршсан Дани¬гай (гавьяат жүжигчин С.Дамдин) гуайгаар хэлүүлэх арга бодож олсон нь биеллээ олдог. Шарга ч бага сунгаанд хол тасран түрүүлж ирэв. Хурд хайж яваа наймаачин 30 саяар авъя гэхэд нь Бадам өгсөнгүй.

Үйл явдал үргэлжилсээр эцэст нь дааганы эзэн эрлээ олж шаргыг аваад явах гэхэд даага нутагт ч юм уу, адуун сүрэгт ч юм уу, цовоо хөөрхөн Галт хүүд ч юм уу хоргодоод урагшаа явахгүй таталдана. Тэгэхэд эзэн (дуурийн дуучин Батмэнд) нь даагыг нутагт нь үлдээхээр шийдэж хазаар мултлан тавьж явуулдаг. Шарга даага Бадамын адуунд гүйж ирсэн нь үнэн боловч эднийхээс эхийнхээ хээлэнд зарагдсан унага байсан юм билээ. Энэ тухай авсан эзэн нь Бадамд хэлсэн л дээ. Гэсэн ч үнэн шулуун явдалтай Бадам наймаа бол наймаа, яах вэ төрөлх сүрэгтээ ирж хэд хоноод явлаа, юу нь муу байх вэ, наадмын түрүү ч авлаа хэмээдэг. "Шарга даага" киноны агуулга, үйл явдлын товч энэ.

Ердөө агуулга, үйл явдал сонирхолтойгоор залуу найруу¬лагч Ч.Хоролдоржийн "Шарга даага" кино хэмжигдэхгүй. Үүнд сүүлийн үед кино бүтээгчдийн орхиод, алгасч харайгаад, тоомжиргүй хандаад байсан монгол ахуй, малчдын амьдрал, хүн нь мал эрдэнээ дээдлэх үзэл, монгол ахуй, амьдралын онцлог, түүнийг бүрдүүлэгч элемент бүрийн хоорондын уялдаа холбоо, нарийн ширийн, зохицлыг цогцод нь авч үзсэнээр шийдэл оновчтой бүтээл болжээ. Энэ кинонд ямар ч гоёо, гангараа байхгүй. Гэрийн эзэн яг л өрхийн тэргүүн ямар байдаг, түүнийг илтгэнэ. Бадам бол бурууд хатуу, зөвд зөөлөн айл гэрийн тулах багана. Гэрийн эзэгтэй ч эр нөхрийнхөө түших сайн хань, хүүхдүүдийнхээ хайртай ээж нь. Дүрүүдийн хоорондын яриа хөөрөө энгийн. Элдэв, хүчээр шаардаж бий болгох гэсэн худлаа яриа сэлт байхгүй. Мал ахуй, зан сургаалийн холбогдолтой үгс, сургамж бас шигтгэжээ.

Бас нэг онцлох зүйл нь монгол ахуй, эдлэл хэрэглэлийн зүйлсийг товойлгож харуулах гэж хичээсэн байна. Жишээ нь монголчууд морио яаж уядгийг их тодоор татаж харуулж байсан. Киног зуун хувь төгс гэх гэсэнгүй. Мэр сэр алдаа ч харагдана билээ. Бадамын хоёр хүү өглөө сэрүүнд адуугаа хурааж ирмэгц аав нь "Миний хүүхдүүд унагаа барьж уяад цайгаа уу" гэдэг. "За" гээд гарсан хоёр хүү унагануудаа барьж уяж байх үеийн зураг бол өглөө эртний байдлыг харуулах биш, харин бага үдэд халуу шатаж эхэлж байх үед авсан зураг байх жишээтэй. Адуу ялаархаад эхэлчихсэн гүү, морьд ялаа батгана үргээн толгойгоо зогсоо зайгүй донхолзуулж, сүүлээ шарваж байв. Сайтар ажвал энэ мэт үл ялиг гоочлох зүйл байхаас нийтдээ санаа, өгүүлэмж, хийц, туурвил, зураглаачийн ур чадвар ч сайн сайхан монгол кино болжээ.


"Шарга даага" шинэ үеийн Монголын киноны шилдэг бүтээлүүдийн нэг санагдлаа. ССАЖЯ-наас санаачилсан "Улаан¬баатар" олон улсын анхдугаар кино наадмыг зорин ирсэн гадаадын шилдэг кино найруулагчид, борлуулагчид, олон улсын кино наадмын хөтөлбөр боловсруулагч гээд олон хэлийн мэргэжилтнүүд энэ киног монгол үзэгчдийн нэгэн адил алга халуунаар ташиж угтаж авсан. Эх орондоо олон улсын кино наадмын нээлт үзэх, тэр дундаа нээлтээр нь сэтгэлдээ хүрсэн монгол кино үзэх гоё байдаг юм байна.

Өдрийн шуудан Р.Оюунжаргал (edited)