2013/10/16

Хэтэрхий их гарах болсон Солонгос сериалуудын эсрэг суулт хийнэ

Монголын телевизуудын ихэнх цагийг солонгос кино эзлэх болсоор удаж байна. Цэвэр зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй зах зээлрүү орж чадаагүй байгаа манай телевизүүд зурагтын өмнө үзэгчийг удаан байлгаж л байвал юу ч гаргасан хамаагүй гэж бодсоор ирсэн. Гэтэл энэ нь эцэсдээ монголчуудыг оюуны хоосрол, хэл соёлын доройтол, үзэл бодлын өөрчлөлттэй болгоход далдуур нөлөөлсөөр байгаа нь илхэн харагдах болсон.

Энэ талаар кино уран бүтээлч Л.Таванбаяр өөрийн үзэл бодлоо илэрхийлж ирэх 12-р сарын 28-нд буюу Дэлхийн Кино Урлагийн мэндэлсэн өдрөөр Солонгос сериалуудыг эсэргүүцэн тайван суулт хийхээр уриалж байна.

Тэрээр өөрийн FB хуудаснаа:
Хэдэн жилийн өмнө Солонгосын одод гэгдэх 100 гаруй жүжигчид, уран бүтээлчид "БНСУ-ын ТВ сувгуудаар гарах гадны кинонууд 70 хувийг нь эзлэж буйг" эсэргүүцэн суулт зарласны хүчинд энэ харьцааг эсрэгээр нь өөрчилж чадсан. Одоо Солонгосын ТВ-үүдээр 70 хувьд нь Солонгос кино гардаг!
Жил бүрийн 12 сарын 28-нд Дэлхийн Кино Урлагийн мэндэлсэн өдөр гэж тооцогддог. Би энэ өдөр ийм уриатай суулт хийнэ. Дэмжих хүмүүс байвал нэгдээрэй!
Дэмжиж байвал энэхүү уриаг хэвлээд зургаа ПОСТ хийцгээгээрэй. Аливаа улс үндэстэн оршин байхуйн гол үндэс бол Эх хэл, Их түүх, Эгнэшгүй соёл маань юм шүү.
гэж бичжээ.

Энэ уриалгыг дэмжсэн залуус түүний санаачлагад нэгдсээр байна.