2013/10/03

Төрийн ордонд кино танхим нээгдлээ

Шинэчлэлийн Засгийн газрын анхны шийдвэрээр иргэд Төрийн ордондоо чөлөөтэй нэвтэрч, Төрийн түүхийн музейтэй танилцаж, Есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл илэрхийлэн, Эзэн Чингисийнхээ хөшөөний дэргэд зургаа татуулах боломжтой болсон. Энэ ажлын үргэлжлэл болох нэгэн арга хэмжээний нээлт өнөөдөр Төрийн түүхийн музейд боллоо.

Төрийн түүхийн музейн засварын ажил дуусаж, хэвийн ажиллах боломжтой болж байгаа төдийгүй бичил кино театрынхаа нээлтийг хийж байна. Дэлхийн олон орны Төрийн болоод Парламентын ордонд үзвэрийн ийм танхим байдаг бөгөөд зочдодоо зориулан үүх түүхээ таниулах богино хэмжээний кино үзүүлдэг. Ийм жишгийг бий болголоо гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нээлтийн тууз хайчлахдаа хэллээ.

Төрийн түүхийн музей дэх кино театрын анхны үзэгчид "Монгол төрийн түүхийн товчоо" баримтат киног үзсэн байна.


Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба