2013/10/16

Холливүүдийн "Чингис Хаан" кино төсөл албан ёсоор эхэллээ

Төсөвт өртөг нь 80 сая доллароор хэмжигдэх "Чингис Хаан" кино төсөл өнгөрөгч сарын 27-нд албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлж байгаагаа зарлалаа. Энэхүү төсөлд нь Хятадын кино урлагийн үндэсний сан, холливүүдийн Film Development Grouр, өвөрмонголын Хөх хотод төвтэй Shiqi Group хамтран оролцож байгаа юм. Киноны үндсэн зохиолыг хятад уран бүтээлчид туурвиж холливүүдийн алдарт кино зохиолч Peter Doyle хянан тохиолдуулах ажээ. Харин киноны ерөнхий продюсероор "The Last Samurai" киноны ерөнхий продюсероор ажиллаж байсан Ted Field ажиллах юм байна.

Энэхүү төсөл нь Хятадын үндэсний кино урлагийн сангаас өөрийн улсын Худалдаа, аж үйлдвэрийн банктай хамтран хэрэгжүүлж буй 300 сая долларын санхүүжилт бүхий хятад киног англи хэлтэйгээр баруунд амжилттай гаргах төслийн хүрээнд хийгдэж буй бүтээл юм.

Киноны найруулагчийн талаар кино компаниудын зүгээс тодорхой мэдээлэл дэлгээгүй байгаа ч найруулагчаар Steven Spielberg ажиллана гэж өнгөрөгч оны 3 сараас хойш томоохон кино сайтуудаар шум тархаад байгаа. Үүнээс гадна төслийн гол дүрүүд баруунд танигдсан томоохон жүжигчид байна гэсэн яриа ч газар аваад байна.

Киноны зураг авалтыг ирэх хавар Хөххотын хойд хэсэг дэх тал нутагт авах бөгөөд бүтээл
2015 оны 1-дүгээр сард Хятад, Хойд Америк, Европ, Зүүн өмнөд Азид  зэрэг нээлтээ хийх гэнэ.