2013/09/03

Б.Отгонзориг: Камер барьж чадахгүй болтлоо кино урлагт зүтгэнэ

Өнөөдрийн зочин болох далд хүний маань ажил камерны ард зогсоод зураг авах. "Шидэт дуран"-гаараа хүмүүсийн зургийг авч олны танил болгож, хийсэн бүтээл нь мянга мянган үзэгчийн мэлмийг мялааж, магтаалын үг цөөнгүй сонсдог ч тэр камерны ард л байдаг.

Кино урлагийн дээд сургуулийг 2002 онд төгссөн даруйдаа "Нарны сүүдэр" уран сайхны киноны зураглаачаар ажиллаж, уран бүтээлээрээ анх үзэгчидтэй мэндэлсэн "UB film" медиа группийн ерөнхий найруулагч, зураглаач Б.Отгонзориг "Тэнгэрийн андгай", "Боолын гэрээ", "Гоёлын даашинз", "Цасан охин", "Орхидос-1, 2", "Үл таних эмэгтэй", "Хөх толбот хүмүүс", "Улаан дөрвөлжин" зэрэг киноны зураглаачаар ажилласан юм.

Төрийн шагналт найруулагч Б.Сумхүүгийн шавь гэдгээрээ ихэд бахархдаг тэр угтаа бол найруулагчийн анги төгсчээ. Их сургуулиа төгсөөд ангийн нөхөдтэйгөө хамт "Logic film" нэртэй студи байгуулахад түүнд зураглаачийн үүрэг оногдсоноор өнөөг хүртэл ажиллаж буй. Багаасаа зураг зурах сонирхолтой байсан болохоор түүнд зураглаачийн ажил тийм ч хэцүү байгаагүй аж.

Хүмүүсийг олны танил болгодог хэрнээ өөрөө ард нь үлдчихдэг талаар түүнээс асуухад "Үнэнийг хэлэхэд эхэндээ бага зэрэг дургүй хүрдэг байлаа. Зарим хүн тэр киног зөвхөн жүжигчид л бүтээсэн юм шиг ярьдаг. Гэтэл кино бүтээх ажлын ихэнхийг арын албаныхан нугалдаг. Тэр тусмаа ерөнхий найруулагч, зураглаач хоёрын туслахууд. Энэ дашрамд туслахууддаа баярлалаа гэж хэлмээр байна. Кино бүтээх бүхий л хар бор ажлыг туслахууд л хийдэг. Мөн зураач, нүүр хувиргагч нар чухал үүрэгтэй хүмүүс гэдгийг үзэгчид сайн мэдэж байх хэрэгтэй" гэв. Б.Отгонзориг хамгийн анхны киноныхоо зургийг жижигхэн камераар авч байсан бол сүүлд ажилласан "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" киноны зургийг саяхан л мөрөөдөж байсан red one камераар авсан гэнэ. Холливудынхны хэрэглэдэг энэ камер манай улсад хоёр, гуравхан байдаг бөгөөд түүний ид шидийг нь гаргаж ажиллуулах чадвартай зураглаач ч цөөхөн гэсэн.

"Зэрлэг цэцэгсийн хүлэмж" киноны зураг авалт. Тус киноны зохиолч, жүжигчин Д.Ганцэцэг, зураглаач Б.Отгонзориг
Тэрбээр "Зураглаач хүн ямар ч техник хэрэгслийг хэзээ ч ажиллуулж чаддаг байх ёстой. Түүнээс гадна тархиа хөгжүүлэх хэрэгтэй. Киноны ерөнхий зураглаач зохиолоо жүжигчнээс дутахааргүй өөрийн болгох шаардлагатай. Кинонд амьдралын янз бүрийн үйл явдлыг өгүүлдэг учраас тэдгээрийг бодит амьдралаас өөрөөр гаргаж болохгүй. Манай багш "Уран бүтээлч тухайн бүтээлд гарч буй амьдралын зовлон жаргалыг өөрийн биеэр туулж үзсэн юм шиг төсөөлөн бодож, бодитоор нь гаргаж үзэгчдэд хүргэх хэрэгтэй" гэдэг байсан. Энэ үгийг би их санаж явдаг юм. Тиймээс ч уран бүтээлчдэд ийм шаардлага тавьдаг" хэмээв.

Жүжигчин бүр чадварлаг биш учраас нэг кадрыг олон дахин авах тохиолдол цөөнгүй гардаг нь ойлгомжтой. Хэдийгээр энэ нь залхмаар боловч кино бүтээж буй найруулагч, зураглаач хоёр жүжигчнээр өөрсдийнхөө хүссэн дүр төрх, тоглолтыг гаргуулж байж л санаа нь амардаг гэнэ. Зарим үед нэг кадрыг өдөржин авах тохиолдол ч байдаг гэснийг дуулаад тэднийг ажлынхаа төлөө ямар их хүч хөдөлмөр, тэвчээр гаргадгийг нь мэдэрсэн. Б.Отгонзориг зураглаач болсноосоо хойш их үглээ болсон гэнэ. Өглөө босоод камераа арчсан уу гэхээс эхлээд л туслахууддаа өдөржин үглэдэг аж.

"Аливаа уран бүтээл баг хамт олны хүчээр бий болдог. Тэнд ажиллаж буй хүн бүр ажилдаа чин сэтгэлээсээ хандахгүй бол ажил урагшлахгүй. Тиймээс нэг багийн хүмүүс бие биенийхээ үгийг сонсож сурах нь хамгийн чухал байдаг. Манай "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" киноны уран бүтээлчид "атгасан гар шиг" хамт олон байсан. Эхэндээ гол дүр нь дандаа эмэгтэйчүүд гээд бага зэрэг голж л байлаа. Гэтэл тэд ажлынхаа төлөө гэсэн чин сэтгэлтэй үнэхээр чадварлаг уран бүтээлчид байсан" гэдгийг тэр яриандаа онцлов.

Түүнээс манай зураглаачид дэлхийн түвшинд гарах чанартай уран бүтээл хийж чадах, эсэхийг асуухад "Кино урлаг техник хэрэгслээ дагаж хөгждөг. Сүүлийн үед манай залуу уран бүтээлчид гадаадад боловсрол эзэмшиж байна. Дорвитойхон кино зохиол байвал манайхан түүнийг амилуулж чадахгүй гэх юм байхгүй" хэмээв. Тэрбээр зураглаач, найруулагч нарыг хүйтэнд дулаацаж, халуунд сэрүүцэх завгүй хүмүүс гэв. Тэд энэ дүрсийг яаж авбал хүмүүст бодит юм шиг харагдах бол хэмээн "толгойгоо гашилгаж", санамсаргүй алдаа гаргачихгүйн тулд анхаарлаа дээд цэгт нь хүртэл төвлөрүүлдэг учраас зураг авалтын дараа их ядардаг нь ойлгомжтой. Тэгсэн ч тэд киногоо дуусгаад нээлтээ хийж байх үед өнгөрсөн зовлонгоо мартаж, урам зориг орж, мэргэжлээрээ бахархан дараагийнхаа уран бүтээлийг хурдхан л эхлүүлэхийг хүсдэг гэлээ.

Бүх зүйлийг чадах чинээгээрээ сайн хийх ёстой гэсэн шаардлага өөртөө тавьдаг тэр хариуцлага алдахаас айдаг. Кино урлагийг үргэлж мөнгө дагадаг учраас тэр гэнэ. Гэхдээ амьдралд алдаагүй зүйл гэж үгүй тул хөдөө очиж зураг авахаар олон хүн авч явчихаад хальсаа мартчихсан байх зэргийн алдаа цөөнгүй л гаргадаг аж.

Тэр камер барьж зураг авч чадахгүй болтлоо Монголын кино урлагт зүтгэнэ гэсэн. Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргах их хүсэл өвөртөлж явдаг тэрбээр хийсэн бүтээлээ эргэж хараад үргэлж өөртөө "Би болоогүй л байна даа" гэж хэлдэг аж. Ярианыхаа төгсгөлд тэрбээр хүний амьдралын үнэн дүр төрхийг харуулсан баримтат уран сайхны кинонд хүчээ сорих сонирхолтой гэдгээ хэлсэн.


Өнөөдөр П.Тунгалаг