2013/08/22

Дагва-Очирын Элбэгсайхан: Цолгүй гавьяатан

"Хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юү" хэмээн "Тунгалаг тамир"-ын Долгорын зовлон шаналалыг дөлгөөхөн хэрнээ өр өвдөм хоолойгоор чихэнд биш, сэтгэлд мэдрүүлсэн дуу оруулагч Дагва-Очирын Элбэгсайхан өдгөө бидний дунд үгүй ч кинондоо мөнх амьдсарсаар... Киноныхондоо Ээбий хэмээн дуудуулж, залуучуудад амны хайрцаг тааруулалтын мастер гэж хүндлүүлдэг байсан тэрбээр гавьяат болж чадалгүй цэрэг хэвээр хорвоогоос хальсан ч ард түмний сэтгэлд аль хэдийнэ гавьяат болчихсон чадварлаг дуу оруулагч, жүжигчин билээ.

Геологич болохоор уул хадаар тэнэх дуртай Булганы бор хүүгийн аав нь аймгийнхаа Соёлын ордонд жүжигт тоглож, хөгжимддөг байсан нь түүнийг урлагт урвуулсан гэнэ. Д.Элбэгсайхан аравдугаар ангиа төгсөөд дууны оператор болохоор шийдэн, Соёлын яаманд шалгалт өгөөд тэнцчихэж. Москвагийн их сургуулийн хуваарь ирэхэд харамсалтай нь мөрөөдөж байсан анги нь алга байжээ. Ингээд хүсэл мөрөөдөлдөө үнэнч үлдэж, Кино үйлдвэрийн дууны тасагт техникч хийгээд жил гаруй ажиллаж байтал Монгол Улсын Багшийн их сургуульд Кино драмын анги нээхээр болжээ. Мань хүн ч 100 гаруй хүүхэд шалгуулснаас зургаад тэнцэн тус сургуулийн Кино драмын ангийн анхны оюутан болсон байна. Б.Жамсран найруулагч төгсөх курсийн оюутан байхад нь "Аман хуур" киноны Төмөрийн дүрд тоглох санал тавихад уухайн тас зөвшөөрч, уг бүтээлээрээ дипломоо онц дүнтэй хамгаалсан гэнэ.

"Бид хоёулаа анхны кинондоо тоглож байсан. Их даруу зантай ч хошин хүү байсан санагдана. Миний аав Сономын дүрд тоглодог Цэрэнлхүндэв гуайг үгээ хольж, сольж мунгинахад албаар цаашлуулан будлиулна. Киноны үеэр намайг ангийнхаа нэг охинд захиа хүргээд өгөөч гэж гуйсан юм. Өглөөнөөс үдэш хүртэл зураг авалттай, би ч амжсангүй. Маргааш нь надаас асуухад өдөржин цуг байчихаад хаагуур нь өгөх вэ дээ гээд инээлдэж байлаа. Шинэ байшинд орсон үед бид хоёрын үнсэлцэж байхад сүүдрийг нь ээж хардаг хэсэг байдаг даа. Тэр зургийг авахуулахад бид хоёр их ичсэн ч сүүдэр юм хойно үнсэлцэлгүй, зөрчихье гэсэн. Тэгтэл хэтрүүлж зөрөөд толгой мааны мөрийг нь давсан сүүдэр гарч инээлдэж билээ" хэмээн "Аман хуур" киноны Бадамын дүрд тоглосон Ц.Эрдэнэчимэг дурслаа. Д.Элбэгсайхан "Аман хуур" болон "Хайрхан өндөр хаана байна" хэмээх хоёр ч кинонд Төмөр нэртэй залуугийн дүр бүтээжээ. Гэхдээ "Аман хуур"-ын Төмөрийн дүрдээ илүү хайртай байсан гэнэ. "Элдэв ширүүн дориун зангүй, барилгын бригадын ахлагч залуугийн дүр миний зан чанартай төстэй учир их таалагдсан. Энэ кинонд тоглохдоо аман хуур үлээж, бульдозер жолоодож сурсан" хэмээн нэгэн ярилцлагадаа дурдаж байсан юм. Киноны зураг авалтын үеэр өөрөө аман хуур тоглосон ч киноны дууг найруулах үеэр мэргэжлийн хөгжимчин симфони оркестртой тоглосон гэдэг. Гэсэн ч угийн сайхан хуурддаг тэрбээр Соёлын төв өргөөнд болсон нэгэн тоглолтын үеэр үзэгчдэд энэ чадвараа сонирхуулахад алга нижигнүүлэн хүлээж авчээ. Үүнийг үзсэн "Соёмбо" кино театрын дарга Нямдорж Д.Элбэгсайханы тайлан тоглолтыг хийнэ.

Аман хуур тоглодог 100 хүн симфони оркестртой тоглуулж гоцлуулна гэж байсан ч хараахан бүтээгүй аж. Түүнд дуулах авьяас ч харамгүй заяасан байжээ. Тэрбээр баримтат киноны найруулагч Т.Чимэд, дууны найруулагч Б.Баянбат нартай хамтлаг байгуулж үдэшлэг, цэнгүүнээр олныг бишрүүлж явжээ. Дууны найруулагч Б.Баянбат "Т.Чимэд бид хоёр гитардаж, Ээбий маань сайхан дуулдаг байлаа. Үдэшлэг цэнгээн хэсэж дуулна. Нэг удаа Улаанбаатар зочид буудалд "Жаргаах зүрхэн"-г дуулах болов оо. Тэгтэл бидний өмнө нэг охин тэр дууг их сайхан дуулдаг юм байна. Бид ч хэсэг бодож байгаад тэр дууг дуулахад үзэгчид алга ташаад Ээбий маань од болсон. Тэндээс гараад явж байтал яасан авьяастай юм бэ гээд хэсэг залуус шоглох маягтай болж билээ. Бид гурав МУИС-ийн бүжгэнд ороод Ээбий анхны эхнэр Цэвлээтэйгээ танилцсан. Тэр охинтой танилцуулаад өгөөч, Чи МУИС-ийнх юм чинь чамайг таних байх гэсэн. Би ч Цэвлээг бүжгэнд уриад Ээбийд шинжүүлэхээр нүднийх нь өмнө эргэлдүүлж өглөө. Ингээд Ээбийтэй танилцуулсан даа. Хожим тэр маань надад баярлаж чамайг би эхнэртэй болгоно гээд амлалтандаа ч хүрсэн" хэмээлээ.

Монголын кино үйлдвэрт Орчуулгын киноны групп Д.Чимэд-Осор даргатайгаар 1963 онд байгуулагдахад сургуулиа дөнг өж төгсөж, бас кинонд тоглоод амжсан залуухан хархүү дуу оруулагчаар орж, Кино үйлдвэр татан буугдах хүртэл үнэнчээр ажиллажээ. Хамгийн анх "Илд бамбай" хэмээх дөрвөн ангит киноны гол дүр Иоганд дуу оруулсан аж. Амны хайрцаг тааруулж чадахгүй их сандарч байсан ч олон ангит кинонд дуу оруулсан нь түүнд их туршлага болсон хэмээн хожим дурссан байдаг. Иоганы дүрд тоглосон жүжигчин С.Любшин манай улсад ирэхдээ "Илд бамбай"-г үзээд "Намайг ийм сайхан хоолойтойгоор дуу оруулна гэж бодсонгүй" хэмээн дуу алдаж байсан гэдэг.

Дууны мастер Д.Элбэгсайхан өдөр бүр тэмдэглэл хөтөлдөг байсан бөгөөд Кино үйлдвэрт ажиллах хугацаандаа 600 гаруй кинонд дуу оруулсан бол чөлөөт уран бүтээлч болсны дараа 1400 гаруй бүтээлд ажиллаж, орчуулгын киноны ачааны хүндийг үүрэлцэж байсан байна. Кино үйлдвэр жилд 44 кино орчуулж, 18 аймагт хувилж өгдөг нормтой учир дуу оруулагчдыг кинонд тоглуулах дургүй байжээ. Гэсэн хэдий ч "Аман хуур", "Хайрхан өндөр хаана байна", "Нийслэл хүү", "Гэмшил зэмлэл", "Газрын жигүүр" тэргүүтэй 30 гаруй киноны гол болон туслах дүрд тоглоод амжжээ. Энэ үеэр өөрөө киноны туслах дүрд тоглосон ч гол дүрийн жүжигчний дууг оруулдаг байсан нь ямар чансаатай уран бүтээлч гэдгийг нь батлах мэт. Тэрбээр "Гарын таван хуруу", "Фронтод явах өргөдөл" тэргүүтэй хэд хэдэн киноны хоёрдугаар найруулагчаар ажилласан байна.

"Тунгалаг тамир" киноны монологийг намуухан хоолойгоор уншсан дууны мастер "Дулмаагаа л санаад байх юм байна шүү дээ" хэмээдэг Галсан, Эрдэнийн хүү Батын дүрд дуу оруулсан. Анхандаа уг киноны монологийг уншихаас эмээн туршлагатай хүн надаас дээр байх хэмээн ардын жүжигчин Ч.Долгорсүрэнд учирлахад "Надад ямар ч том нэвтрүүлэгч хэрэггүй. Миний талийгаачийн хоолой л энэ киноны тайлбар байх ёстой. Манай Лодой их зөөлөн хоолойтой хүн байсан. Тийм болохоор чиний дуу яг таарна" гэсээр ятгасан нь нүдээ олсон сонголт байсан. Түүнийг гадуур явж байхад хүмүүс хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юү гэдэг үгээ нэг хэлээд өгөөч гэж шалгаадаг байсан гэнэ.

Эелдэг зөөлөн зантай, яг л бүтээсэн дүрүүддээ өөрийнхөөрөө л тоглочихсон гэж олон хүн Ээбийг дүгнэдэг. Тэрбээр нэлээд хошин хүн байжээ. Н.Дагийранз, Р.Дамдинбазар нарын мундагчуудтай нийлж суухаараа хошин шогийн жүжиг болгочихмоор хөгжилтэй юм ярьж бусдыгаа хөгжөөдөг байсан гэнэ. "Ийм нэгэн залуу" киноны гол дүр Леонид Куравлевийн дууг оруулж байхдаа "Ген голый" буюу асуулт ойлгомжтой гэдэг хэлэх дуртай үгийг нь сурчихаад байнга хэлж, моод болгодог байсан гэнэ. Бас хүн багагүй шоглочихно. Кино үйлдвэрээс зохион байгуулдаг биеийн тамирын өдөрлөгийн үеэр дууны найруулагч Б.Баянбатыг намхан нуруутай учир шоглохоор шийдэж, Өндрийн харайлтын тэмцээнд өмнөөс нь бүртгүүлчихэж. Өнөөх нь ч ахлах ангидаа биеийн тамирын хичээлд сайн байсны ачаар түрүүлж гэнэ. Бантсан Ээбий энд тэнд тааралдахаараа Өндрийн харайлтын аварга аа хэмээн цаашлуулдаг байсан гэнэ. Ямар сайндаа дандаа шоглож, тоглож явдгаасаа болж бажгадахад нь хүмүүс итгэлгүй балрах шахсан байх вэ дээ. Гавьяат жүжигчин Ц.Цэнд-Аюуштай хамт нэгэн кинонд дуу оруулж байгаад ухаан алдаад уначихсан гэнэ. Дандаа тоглож байдаг түүнийг хүмүүс тоолгүй, уурлатал акустиктай цонхгүй битүү өрөөнд олон цаг сууж, амьсгаа шаардах дүрд дуу оруулж байсан учир үнэхээр ойччихсон байжээ.

1993 онд Кино үйлдвэр татан буугдаж, жил орчим болсны дараа "Соёмбо" кино театрын дарга Нямдорж гавьяат жүжигчин Н.Нэргүйбаатар, Т.Цэмпилмаа, Д.Элбэгсайхан нарыг дуудан орчуулгын киноны тасаг байгуулсан аж. Тэндээ жил гаруй ажиллаад Монголын үндэсний олон нийтийн телевизэд орж, тэнгэрт хальтлаа кино урлагт зүтгэсэн байна. Дуу оруулагч Т.Цэмпилмаа "Б.Дамчаа гуай миний багш байсан. Гэтэл тэрбээр Ээбийг багшаа гэж дуудна. Өөрөөс нь олон ах хүн тэгж хүндлэхээр Ээбий их санаа зовно. Кино үйлдвэрээс гаралтай дуу оруулах нарийн нандин чадварыг Үндэсний телевизэд нэвтрүүлж, хойч үедээ уламжлуулсан гавьяатай хүн. Олон хүн түүнийг багшаа гэж хүндэлдэг. Хожим жүжигчин Н.Ялалт Элбэгсайханд зориулж дууны үг зохиосон ч нэг ая зохиогч дуу болгож өгнө гээд алга болсон доо. Тэр үед киногоо хэд хэд үзэж судлаад, үгээ цээжилж, жүжигчний хоолойг сонсохгүйгээр амны товшилтод тааруулан, тоглолтыг нь унагалгүйгээр дуу оруулдаг байлаа. Ээбий заримдаа дэлгэц рүүгээ хараагүй ч жүжигчний амтай яг тааруулж, орос хүн Монголоор ярьж байгаа юм шиг хэлдэг байсныг нь хараад гайхдаг байлаа. Манайх 13 дугаар хороололд, тэднийх Сансарт гэртэй учир байнга хамт харина. Харихдаа орой бүр дэлгүүр орж ач, зээдээ чихэр худалдаж авдаг байсан. Өдөр бүр авдаг юм уу гэж гайхахад сургачихсан юм аа гэж байсан. Монголын орчуулгын киноны ачааны хүндийг үүрч явсан дууны мастер шүү дээ. Манайхан уулзахаараа Ээбийгээ л ярьдаг юм. Дуу оруулалтын загалмайлсан эцэг гэвэл түүнийг л хэлнэ. Гавьяат авах ёстой хүний нэг байсан. Би Гавьяат жүжигчин болохдоо Ээбийг аваагүй байхад би авлаа гэж их санаа зовсон" хэмээсэн.

Д.Элбэгсайхан хүүхдэрхүү гэнэн зангаасаа болж жил орчим аавынд суужээ. Энэ хугацаандаа өөрийгөө буруутган анхны эхнэр Цэвлийгээ зовоочихно хэмээн эмээж, хоёр тийш болсон гэдэг. Түүний хоёр дахь эхнэр нь "Би чамд хайртай" киноны Үрлээгийн ээжийн дүрээр үзэгчдэд танил болсон Хүүхэд залуучуудын театрын жүжигчин Долгор аж. Тэд анх "Аман хуур" киноны үеэр танилцаж, "Нийслэл хүү"-д хамт дуу оруулж байхдаа дотно үерхэж амьдралаа холбожээ. Хожим түүний хань нь "Талийгаач" хэмээх кинонд тоглоод удалгүй өөд болсон гэнэ. Д.Элбэгсайхан амьдралынхаа эцсийн мөч хүртэл кино урлагт зүтгээд өвчний улмаас 2004 онд хорвоог орхисон юм. Амьдралынх нь сүүлийн жилүүдэд түүний бие нэлээд чилээрхүү болсныг анзаарсан ажлын нөхөд нь эмнэлэгт үзүүлэхийг зөвлөхөд "Зүгээр ээ, Тарианаас айж байна" хэмээдэг байжээ. Хийж бүтээсэн нь нүднээ илхэн ч гавьяа шагнал нь багадсан дурсах нэртэй дуурсгах алдартай ийм нэгэн эрхмийг бид мартах ёсгүй...

Өнөөдөр Б.Дөлгөөн