2013/08/16

“Монгол” үргэлжлэнэ

ОХУ-ын нэрт найруулагч С.Бодров Чингис хааны амьдралаас сэдэвлэсэн “Монгол” киноныхоо үргэлжлэлийг хийхээр төлөвлөж байгаа аж. 2007 онд дэлгэцнээ гарсан “Монгол” кино дэлхийн үзэгчдийг байлдан дагуулж, Шилдэг гадаад кино номинацид “Оскар”-ын шагналд нэр дэвшиж байсан билээ.

С.Бодров ОХУ-ын “Кинопоиск” цахим хуудасны сэтгүүлчид ярилцлага өгөхдөө “Чингис хааны тухай киноны үргэлжлэлийн зохиол бараг бэлэн болсон. Одоо зураг авалтын газраа сонгох ажил хийгдэж байна.

 Киноны натурыг Монголд авах уу, Хятадад авах уу гэдгийг хараахан шийдэж чадаагүй. Миний хувьд энэ хоёр улсын алинтай ч гайгүй харилцаатай. Би Монголоос ирээд удаагүй байна. Өмнө нь Хятад руу ч яваад ирсэн. Би Хятадад амазон бүсгүйчүүдийн тухай түүхэн кино хийхийг бодож байгаа. Энэ улсад өөр нэг кино хийхээр ч төлөвлөсөн. Гэхдээ зохиол нь хараахан бэлэн болоогүй. Би Чингис хааны амьдралаас сэдэвлэсэн гурамсан кино бүтээхээр анхнаасаа эрмэлзсэн. Хоёр дахь кинонд энэ аугаа хүний хижээл насны тухай өгүүлэх юм. Уг нь зураг авалтыг энэ зун эхлүүлэх төлөвлөгөөтэй байсан ч амжсангүй. Гэхдээ зураг авалт тун удахгүй эхэлнэ” гэжээ.

Тэрээр одоо Холливудын Жефф Брижес, Жулианна Мур, Бен Барнс зэрэг одуудын тоглосон “Долоо дахь хүү” адал явдалт киноны зураг авалтаа дуусгаад байгаа юм. Энэ киноны нээлт ирэх жилийн нэгдүгээр сард болох гэнэ.

Эх сурвалж: таймс.мн