2013/07/08

Б.Магсаржав: Далайцэрэн "Гарьд магнай" кино зураг авалтын үеэр хоёр монгол гутал ханзалсан

Монголчуудын уламжлалт баяр Цагаан сар, Улсын баяр наадмыг түүхэн хэдхэн кинонуудыг үзэхгүй өнгөрөөж байсан удаа байхгүй.

Тэр дундаа Үндэсний их баяр наадмаар "Гарьд магнай" киног уламжлал болгон үзсээр Монголын ард түмэн 30 жилийн нүүр үзэж байна. Монголын үзэгчид энэ киноны үг, үйлдэл бүрийг нь цээжилчихсэн мөртлөө жил бүрийн наадмын өдөр цэнхэр дэлгэцийнхээ өмнө уяагдсаар байдаг. Тийм учраас бид "Гарьд магнай" кино яаж бүтсэн талаар МУГЖ Б.Магсаржавтай ярилцлаа. Тэрбээр "Гарьд магнай" кинонд тоголосноосоо хойш "Равсал Панз" гэдэг нэрээрээ Монголын ард түмэн дунд хүндлэгдсэн эрхэм билээ.

-ДАЛАЙЦЭРЭНГИЙН ДҮРД Б.БАТ-ЭРДЭНЭ АВАРГЫГ ТОГЛУУЛАХ ГЭТЭЛ "АЛДАР" КЛУБ НЬ ӨГӨӨГҮЙ АЖ-
- "Гарьд магнай" кино Төв аймгийн Бүрэн суманд анхныхаа зураг авалтыг эхэлсэн гэж байсан. Идэр есийн тачигнасан хүйтэнд зураг авахуулах хэцүү байсан байх даа?
- Жин тээж яваад хоёр атаа алддаг хэсгийг Төв аймгийн Бүрэн суманд авч эхэлсэн юм. Тэр зургийг их олон өдөр авсан. Өглөө, өдөр, орой, шөнийн зураг авна бас үүр хаяарч байгаа зургийг бол үүрийн жавар тачигнаж байхад л авна шүү дээ. Энэ зураг авалт бол маш хүнд зураг авалт байсан. Тэмээ малтай ноцолдоно, хоёр атыг нь хулгайлаад аваад явчихсан нөхөртэй зодолдоно гээд хүндрэлтэй зургуудыг өвлийн хүйтэнд авсан даа.

- Тухайн үед Төв аймгийн Бүрэн суманд бэсрэг наадам шиг юм болж байсан гэл үү?
-Тийм ээ, тэр үед чинь Бүрэн сумынхан машин тэрэг, морьтой явган нүцгэн ер нь л наадам үзэх гэж байгаа юм шиг бөөн л хөл хөөрцөг болж байлаа. Кино зураг авах гээд очиход хөдөөний малчин ард түмэн чинь сайхан ш дээ. Байгаа бүх зүйлээрээ л туслахыг хичээнэ. 

- "Гарьд магнай" киног хэдий хугацаанд хийсэн юм бэ?

- Энэ киног хийхдээ дөрвөн улирал дамнаж хийсэн. 1980 оноос бэлтгэл ажил нь эхлээд 1982 онд зургаа авч эхэлсэн. Бүтэн хоёр жил гарантай хийсэн кино шүү дээ.

- "Гарьд магнай" кино монгол бөхчүүдийн ёс жудгийг харуулсан хамгийн анхны кино гэж ойлгож болох уу. Одоо ахиж ийм кино гарах болов уу?
- Энэ кинон дээр чинь монгол хүмүүсийн зан заншил, монгол бөхчүүдийн аж амьдралыг харуулах л гэж хийсэн. Монгол бөхийн жудаг, монгол эр хүний ёс жудгийг гайхалтай харуулсан. Хүмүүсийн хүн чанар маш их муудсан байхад бөхчүүдийн хүн чанар ямар ч үед муудалгүй хүнийг хүндэлдэгээрээ хүндэлж байна гэсэн санааг гаргахыг хичээсэн. Ер нь монгол бөхчүүд чинь сайхан ёс жудагтай улс. Жишээ нь, аварга хүн хоолонд гар хүрсний дараа бусад бөхчүүд хоолоо иддэг ёстой. Өнөөдрийн хувьд энэ ёс заншил алдагдаж магадгүй болчихоод байна. Ер нь монгол бөхчүүдэд зориулж хийсэн ганцхан кино. Монгол бөхчүүд өмнө нь ямар байсан, одоо ямар байх ёстой юм гэсэн санааг л харуулсан. Одоо ер нь "Гарьд мангай"-г гүйцэхээр монгол бөхийн кино төрөхгүй байх шүү.

Равсал Панз 1-Таны толгойг айраг руу дүрээд авдаг. Яг айрганд дүрсэн биз дээ?
- Тийм ээ, тэгэлгүй яах юм бэ. Аливаа зүйлийг хийхдээ чин сэтгэлээсээ хандах нь чухал. Жүжигчин хүн бүтээж буй дүрээ амилуулж, дүрдээ орж тоглох ёстой байдаг. Хярманд толгойгоо дүрүүлэх боломж байсан ч найруулагчийнхаа хэлснээр л жинхэнэ айрганд толгойгоо дүрүүлсэн дээ. Айраг, хярам хоёр чинь урсахдаа арай өөр өөр зам татуулж урсдаг. Айраг чинь урсахдаа тосон зам татуулаад урсдаг юм. Тэр үед чинь хуурамч гэж зүйл байдаггүй байлаа.

- Киноны төгсгөл хэсэгт модон тэрэгний дугуйг тань руу шиддэг хэсэг гардаг. Тэр зураг авалтыг ганцхан удаа авсан уу?- Тийм. Их сайн найруулагчтай учраас нэг зургийг олон дахин давтаж аваад байх шаардлага гарахгүй. Энэ киноны зургийн групп маш сайн хүмүүсээр багаа бүрдүүлсэн байсан. Түүхэн кинонуудаас хамгийн том мундаг групп нь "Гарьд магнай" кино л байсан даа. Найруулагчийн дуу л гарвал бүх юм "жин тан" мотор явдаг. Одоо үеэр бол зохион байгуулалт сайтай байсан юм уу даа. Манай найруулагч хүнтэй их соёлтой ярьдаг, хүнийг зөв зам руу нь залж чаддаг агуу найруулагч байсан.

- Таныг "Гарьд магнай" кино гарсны дараагаар аймгуудаар явж төлбөртэй үзүүлдэг байсан гэж ярьдаг. Энэ үнэн үү?- Би юу гэж авч явах юм. Тэр үед чинь тийм юм байхгүй. Одоо бол хүмүүс нь өөрсдөө авч яваад байгаа. Бид нарын үед чинь уулзалт хийвэл цуг явна. Бүх аймгуудаар явж уулзалт хийж байсан. Кино гарахаас өмнө уулзалт хийчихээд, дараагийн аймаг руу явна. Зарим суман дээр хоёр хоног гаргах киног долоо хоног гаргана. "Гарьд манай"-г Монголын ард түмэн их сайн хүлээж авч, их ч үзсэн дээ.

- Жил бүрийн Үндэсний их баяр наадмаар "Гарьд магнай" кино гардаг. Энэ киног үзэхгүйгээр наадмыг төсөөлөхөд бэрх болжээ. Эргээд киногоо үзэхэд танд ямар санагддаг вэ?- Би одоо энэ киног үзэх дургүй. Хамт тоглосон нөхдүүдийн минь ихэнх нь бурханы оронд оччихлоо. Гол дүрийн хоёр залуу байна. Арслансэлэнгэ, Д.Мэндбаяр Н.Дагийранз бид нар л байна. Би эргээд энэ киногоо үзэхээр надад дутуу юм их л байгаа санагддаг. Тэгчих минь яав аа, ингэчих минь яав аа гэх үе зөндөө байдаг.

- Та яаж яваад энэ дүрд тоглосон юм бэ? Дүрийн шалгаруулалтад орсон уу?
- Зөндөө олон хүн проб хийсэн гэсэн. Хөдөө ажлаар явж байгаад пробонд нь ороогүй юм. Намайг дурсах ч үгүй л байсан. Би Дарханы театрт байхад хөдөө яваад шөнө ирсэн чинь л  И.Нямгаваа найруулагч надад зохиол өгөөд, энийг Ж.Бунтар найруулагч чамд өгсөн уншаарай гэсэн. Маргааш нь Улаанбаатараас дуудаад, хотод нэг хоночихоод өглөөний зургаан цагт Архангай руу шууд явсан. Уул нь минийх чинь жаахан роль шүү дээ. Яагаад тийм том дүр шиг болчихсон юм. Ер нь сайн найруулагчийн авьяас л даа.

- "Гарьд магнай" кино хоёр том боодолтой ачааг даваан дээр үүрээд гарч ирж байгаагаар эхэлдэг. Тэр ачаа ойролцоогоор хэдэн кг байсан юм бэ?- Тэр хэсэг чинь зуны хэсгийн хамгийн анхны зураг авалт байгаа юм. Намайг Улаанбаатараас ирсэн чинь шууд хувцаслаад л зураг авч эхэлсэн. Тэр ачааны чинь нэг тал нь 80 кг шүү дээ. Доор нь элс, шороо, чулуу хийгээд дээр нь даалимба хийж багласан. Тэгэхгүй бол тэр нөхөр зүгээр өргөөд л явчихна. Далайцэрэнд тоглосон залуу мундаг чадалтай, цээжиндээ бяртай ч нөхөр байсан. Хөлс нь гоожоод, гутал нь зад явж байгаа биз дээ. Ямар хүнд ачаа өргөж яваа нь кино үзэж байхад л шууд харагддаг. Энэ бүхэн чинь зүгээр нэг жүжиглэлт биш. Бодит зүйл. Гол дүрийн залуу чинь кино зураг авалтын үеэр хоёр монгол гутал зад татсан нөхөр шүү дээ. Нэгийг нь хүнд ачаа өргөөд явж байхдаа, нөгөөг нь барилдаж байхдаа зад татсан нөхөр байгаа юм.

- Тэр зургийг ганцхан удаа л авсан байлгүй дээ. Хүнд ачаа өргөөд даваа руу өгсөж байгаа юм чинь...- Тэр зургийг чинь хоёр удаа авсан ш дээ. Дутуу зүйлүүдээ гүйцээж авсан. Тэр үеийн жүжигчид чинь ядарна, тамирдана гэсэн ойлголт байхгүй. Харин дараа нь л ядарсанаа мэдэрдэг. Одооны залуучуудын хэллэгээр дүрдээ орчихсон байхгүй юу.

- "Гарьд магнай" киноны зураг авалтыг нар шарсан нэлээн халуун өдөр авсан байх?
- Аймаар халуун өдөр байсан. Аймаар хаздаг ногоон толгойтой ялаа морины хүзүүнээс хазахаар цус гоожоод, тэр муухай ялаа чинь бид нар дээр шаваад алчих дөхсөн. "Гарьд магнай" киног үзэж байхдаа сайн анзаарч харах юм бол миний малгай дээр маш олон ялаа суучихсан байгаа. Бүтэн өдрийн турш зураг авсан. Өглөөнөөс авахуулаад бэлтгэлээ хийгээд, яг өдрийн халуун нар шарж байхад авч эхэлсэн.

- Та амьдрал дээрээ Равсал Панз шиг хүн үү, эсвэл үгүй юү?
- Үгүй яахав дээ, байдаг л нэг монгол эр хүн. Мөнгө хараад юу ч хийхээс буцахгүй тэр үеийн баячуудыг л харуулах гэж хичээсэн. Би мөрөөрөө амьдраад л явж байна.

Равсал Панз 2-Таныг Равсал Панзын дүрийг бүтээхийн тулд их удаан судалгаа хийсэн гэж сонссон. Хэр удаан судалгаа хийж энэ дүрийг бүтээсэн бэ?- Ер нь жүжигчид чинь нэг роль аваад, өөрийнхөө дүр дээр судалгаа хийж эхэлдэг. Би "Гарьд магнай" дээр жил тойрон судалгаа хийсэн. Дүрийн судалгаа бол үргэлж л явагдаж байдаг. Тэр үеийн монголчуудын ёс заншил, бөхчүүдтэй яаж харьцаж байна, баячууд яаж мөнгө олох гэж бодож байна тэр бүхнийг судалсан. Равсал Панз "Тунгалаг тамир"-ын Итгэлтээс өөр хүн шүү дээ. Итгэлт бол янз бүрийн юм сонирхоно. Равсал Панз яахав дээ, зүгээр л нэг хүрээний хүн. Одоо үеийнхээр бол бизнесмэн юм уу даа. Би энэ дүр дээр ажиллахдаа Итгэлтээс өөр дүр гаргах гэж их хичээсэн.

- Наадам болж буй хэсэг 2-3 удаа гардаг. Энгийн иргэдийн оролцож байгаа хэсэгт кино зураг авахуулах хэцүү юу? Хөгжилтэй зүйл их тохиолдоно биз?- Ер нь олны хэсэгт зураг авахуулах хэцүү байдаг. Ард түмэн чинь их сонин шүү дээ. Тэр тусмаа хөдөөний малчин ард. Мотор гээд яг зураг авч байхад миний урдуур орж ирчихээд намайг тойрч яваад эхэлнэ. "Та чинь яагаад байгаа юм бэ, холдооч" гэхээр "Би нэг авахуулчихъя л даа" гээд дайраад ороод ирнэ.

- Далайцэрэнгийн дүрд Бат-Эрдэнэ аварга тоглох гэж байсан гэсэн. Яагаад тоглоогүй юм бол?- Б.Бат-Эрдэнэ аварга, аймгийн арслан Д.Батдорж хоёр чинь хоёулаа тэнцчихсэн байсан юм. Б.Бат-Эрдэнэ аваргыг "Алдар" клуб нь өгөөгүй юм гэсэн. Тэгээд л Д.Батдорж ирсэн. Сайн тоглосон шүү.

- Түүхэн кинонуудыг олон дахин үзсэн ч уйддаггүй. Цаг хугацаа өнгөрөх тусам л үнэ цэнэтэй болж байна. Энэ чухам юундаа байдаг юм бэ?- Тэр үеийн найруулагч нар чинь гадуур явж дүрээ олдог. Энэ л яг миний кинонд тоглох дүр, төрх мөн байна гэсэн цагтаа л проб хийдэг. Одоо тэгэхгүй байна. Хадам аав, ээж, авгайгаа тоглуулчихаад л тэрийгээ кино хийчихлээ гэж ярьдаг. Тэгэхээр чинь яаж хүнд хүрэх юм бэ. Дээр үед чинь зарим зураг авалтдаа зориулж гэр, байшин, хот балгас хүртэл барина. Зураач, зураглаач, найруулагч гээд маш олон хүний хүч хөдөлмөр орж байж нэг кино бүтдэг. "Гарьд магнай" киноны зураг авах группэд 100 гаруй хүн оролцсон. Ер нь түүхэн кинонууд дундаас хамгийн том групптэй кино шүү дээ.

М.АМАРЖАРГАЛ