2013/07/24

Женни: Үйл явдлын зангилаа хамгийн сүүлд тайлагддаг нь их гоё

Монголын цөөхөн эмэгтэй репперүүдийн нэг Женнитэй (Gennie) дуртай киноных нь талаар Өнөөдрийн шуудан сонины сэтгүүлч ярилцсан байна. Энэхүү ярилцлагыг хүргэе.

- Таны хувьд киноны олон төрлөөс алийг нь сонгож үздэг вэ?
- Аймшгийн, адал явдалтай кинонд илүү дуртай. Ихэвчлэн ийм төрлийн киног л сонгож үздэгдээ.

- Тэгвэл хамгийн дуртай киногоо нэрлээч гэвэл алийг хэлэх вэ?
- Nicole Kidman-ны гол дүрд нь тоглосон "The Others" кинонд их дуртай. Хэдэн удаа ч үзсэн уйддаггүй юм.

- Энэ киноны юу нь илүү таныг татдаг вэ?
- Нэгт киноны жанр нь таалагддаг. Мөн зохиол, найруулга нь их гоё. Тухайлбал хаалганы түгжээ дуугарч, хөшиг гэнэт нээгддэг. Бас гэрлийн бүрхүүл шажигнан дуугарч, хаалга өөрөө хаагдаж, төгөлдөр хуур тоглох чимээ гардаг. Энэ мэтчилэн цаанаа л нэг нууцлаг, сонирхол татах зүйлээр дүүрэн үйл явдалтай кино шүү дээ. Бас ээж, хоёр хүүхэд нь дайнд явсан нөхрийгөө хүлээсээр нас барсан байдаг. Улмаар сүнс нь байшиндаа хорогдож шинэ эзнээ тайван байлгадаггүй гээд киноны үйл явдлын зангилаа хамгийн сүүлд тайлагддаг нь их таалагддаг. Бас Nicole kidman тоглосон нь энэ киноны гол чимэг нь болсон байх.    

- Хамгийн анх хэзээ үзэж байсан бэ?
- Энэ кино анх гараад удаагүй байхад нь үзэж байсан. 2009 онд байх аа.

- Ер нь хэдэн удаа үзсэн бол?
- Яг хэдэн удаа үзсэнээ сайн хэлж мэдэхгүй байна. Лав бүтэн хэмжээгээр нь дөрвөн удаа үзсэн байх.

"The Others" киног үзээд юуг ойлгож авсан вэ?
- Би дуртай киногоо үзэхээр бүр дотор нь орчихдог юм. Тэгээд ийм үйл явдал бодит амьдрал дээр тохиолддог болов уу. Ер нь сүнс, далд ертөнц гэж байдаг юм болов уу гээд л дараа нь боддог байсан. Тэгээд далд ертөнц, сүнс байдаг үгүйг судалж мэдэхийг хүсдэг болсон.

- Энэ киноны DVD ч юм уу, татаж авсан бичлэг нь байдаг уу?
- Үгүй. Би зурагтаар гарахад нь л үздэг. Түүнээс биш зорьж ерөөсөө үзэж байгаагүй.

- Хамгийн сүүлд хэзээ үзэв?
- Өнгөрсөн жил үзсэн.

Өдрийн шуудан Б.Марал-Эрдэнэ