2013/07/25

"Амжилтын гарц" киноны уран бүтээлчдэд зориулсан тусгай хөтөлбөр

Монголын киноны уран бүтээлчид олон улсын нэр хүндтэй уран бүтээлчидтэй уулзах, тэднээс ганцаарчилсан зөвлөгөө авах боломжийг олгож байна!

Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яам, Нийслэлийн Засаг Даргын Хэрэгжүүлэгч Агентлаг Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл болон Монгол-Францын Төв хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилготой "Улаанбаатар" Олон Улсын
Анхдугаар Кино Наадмыг 2013 оны 10-р сарын 3-10-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Тус кино наадамд Монгол, Америк, Ази, Европын 20 гаруй найруулагч, продюсер, уран бүтээлч болон олон улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчид оролцоно.

Тус кино наадмын хүрээнд Монголын кино урлагийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, олон улсын зах зээлд бүтээлээ танилцуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой "Амжилтын гарц" тусгай хөтөлбөрийг зохион байгуулж байна. Тус хөтөлбөрт 10 төсөл шалгаруулах бөгөөд Монгол болон Ази, Европ, Америкаас уригдан оролцож буй нэр
хүндтэй кино найруулагч, продюсер, кино наадам зохион байгуулагчаас мэргэжлийн зөвлөгөө авах боломжийг олгох юм.

Үндсэн шаардлага:
Уран сайхны кино бүтээх төсөл боловсруулах, сан бүрдүүлэх , судалгаа хийх, кино зохиол бичих түвшинд ажиллаж байгаа кино найруулагч, продюсер оролцох боломжтой.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд:
  • "Улаанбаатар" Олон Улсын Кино Наадмын бүх үйл ажиллагаанд урилгаар оролцоно.
  • Шалгарсан төслийн товч танилцуулгыг 2013 оны 10-р сарын 7-нд "Амжилтын гарц" тусгай хөтөлбөрийн хүрээнд Монгол болон Ази, Европ, Америк, Төв Азийн найруулагч, продюсер, олон улсын нэр хүндтэй кино наадам зохион байгуулагчдад танилцуулах боломжийг олгоно.

Сонгон шалгаруулах шалгуур:
  • Уран сайхны болон баримтат кино бүтээх чиглэлээр гурваас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан дадлага туршлагатай байх
  • Уран сайхны болон баримтат кино бүтээх төсөл боловсруулах, сан бүрдүүлэх , судалгаа хийх, кино зохиол бичих түвшинд ажиллаж байгаа кино найруулагч, продюсер байх
  • Баримтат болон уран сайхны киноны нэгээс доошгүй бүтээл туурвисан байх
  • Олон улсын киноны төсөл хийх чадвар, боломжтой байх

Сонгон шалгаруулалт:
Сонгон шалгаруулалтыг "Улаанбаатар" Олон Улсын Кино Наадмын Уран сайхны зөвлөл хийнэ. Эцсийн дүнг 2013 оны 9-р сарын 15нд зарлана.

Бүрдүүлэх материал болон өргөдлийн маягт
  • Өргөдлийн маягт (Тусгай өргөдлийн маягтыг МУЗ-ийн доорх хаягаар авна уу)
  • Кино төслийн хэрэгжих төлөвлөгөө
  • Уран бүтээлчийн намтар болон бүтээлийн жагсаалт
  • Кино компани, студийн танилцуулга
  • Урьд хийсэн бүтээлийн CD, DVD хувь

Хугацаа
  • Өргөдлийг холбогдох материалын хамт 2013 оны 8-р сарын 26-ны дотор МУЗ-д ирүүлнэ үү.
  • Өргөдөлтэй холбоотой асуудлаар МУЗ-ийн 319015, 319017 утсаар болон МУЗ-ийн Хөтөлбөрийн ажилтан Б. Батгэрэлтэй associate@artscouncil.mn хаягаар холбогдоно уу.

Хаяг:
Монголын Урлагийн Зөвлөл ДельтаТөвийн 4 давхарт, 402 тоот /Урт цагааны зүүн урд талд/ Жуулчны гудамж, Чингэлтэй дүүрэг
Утас: 319017
Факс: 319015
И-мэйл: associate@artscouncil.mn
Вэб хуудас: www.artscouncil.mn