2013/06/16

Хятадад Винни Пухыг хоригложээ

Хятадын интернэт серверүүд Винни Пух, бар хоёрын зургийг Хятад улсын дарга Си Жинпин, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нартай адилтган эвлүүлсэн зургийг устгажээ.

Си Жинпин саяхан Америкт айлчилж, хоёр улсын тэргүүн Калифорнид зангиагүй уулзалт хийсэн билээ. Хамтдаа алхаж буй хоёр удирдагчийн зураг байрлал, хөдөлгөөн, дүрс, илэрхийллээрээ “Дисней”-н Винни Пух болон түүний найзуудын зурагтай тун адилхан болсныг анзаарсан Хятадын интернэт хэрэглэгчид эвлүүлэг хийн тавьжээ.

Тэр битгий хэл ногоон зүлэг, цэцэг, бутны цаанаас харагдах саарал хашаа гээд өнгө, орчин нь хүртэл ижил байв. АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаа Обама, Жинпиний уулзалтыг амжилттай болсон хэмээн үнэлсэн байна.

Уулзалтын явцад хоёр лидер интернэтийн асуудлыг хэлэлцжээ. Тэр тусмаа Цагаан ордны тэргүүн Хятадын газар нутаг дээрээс Америкийн серверүүдийг байнга довтолдог кибер гэмт хэрэгтнүүдийн эсрэг арга хэмжээ авахгүй байна хэмээн Хятадын эрх баригчдыг шүүмжилжээ.