2013/05/29

"Амлуулсан" кино урлаг амилах уу

"Тэр бөхийг амлая аа" гэж хэлээд учраа бөхөө амлаж авдаг шиг киночид өөрсдөө, мөн төрийн яам агентлагынхан нь хамтран "кино урлагыг шинэчлэе" хэмээн амлаж авлаа. Тэд кинонд шинэчлэл хийх зайлшгүй гэдгээ өнгөрсөн баасан гаригт Төрийн ордонд хамтдаа сууж хүлээн зөвшөөрлөө. Монгол кино үзээд сэтгэлээр унаж, жүжигчдийн чадварт нь таагүйтэж, ялгаагүй муу бүтээлүүд хэмээн ундууцдаг байдлыг өөрчлөх шаардлага хэдийнэ тулгарсан, энэ уулзалтыг харин ч хожуу хийж буй нь харамсалтай. Ямартаа ч төрийн зүгээс хууль эрх зүйн орчныг нь бий болгох, аймаг бүрт кино театр гэх зэргээр уран бүтээлчийг дэмжихээ амлав. Засгийн газар энэ оны эхний хагас жилийн байдлаар 20 гаруй сумын соёлын төвд кино үзвэрийн жишиг цэг байгуулж, кино гаргалтын орчин үеийн тоног төхөөрөмж суурилуулаад байгаа гэнэ. Харин кино бүтээгчдийн зүгээс энэхүү боломжуудыг нь ашиглаж сайн бүтээл гаргахаар ажиллана гэдгээ хэлэв. Энэ бүхэн яригдсан Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохиосон "Монголын кино урлагийн шинэчлэлийн анхдугаар форум"-ын гол фокус кино урлагыг шинэчлэх ямар хуультай байх вэ гэдэгт төвлөрч байв.

Урлаг соёлын асуудал хариуцсан сайд Ц.Оюунгэрэл төрийн зүгээс асуудлыг хэрхэн харж буйгаа танилцуулав. Түүний хэлснээр эрх зүйн орчныг нь бүрдүүлэх,бодлогын баримт бичгүүдийг гаргая гэдэг үүднээс Францын кино урлагийн тухай хуулиудыг түшиглэсэн Киноны тухай шинэ хууль боловсруулж байгаа аж. Өөрөөр хэлбэл, Монголын кино урлаг ямар ч загваргүй явж байгааг өөрчлөн дэлхийн хоёр үндсэн загварын нэгийг нь сонгох болсон нь Франц загвар аж. Энэ загвар нь соёл түүхийг баримтжуулдаг төрийн бодлоготой нийцэх бөгөөд Америк загвар шиг бүгдийг зах зээлийн зарчимд нь даатгаад, чөлөөтэй орхичихдоггүй гэнэ. Өнөөдрийн Монгол кинонуудын нийтлэг дутагдлуудыг засчих санаачлагууд ч гарч, сайд Ц.Оюунгэрэл үүнийг нь бичиж тэмдэглэсээр байв. Монголын киноны тухай хууль байх зайлшгүй шаардлагатай гэж байгаа ч уран бүтээлчдэд чөдөр тушаа болчих заалт бий болчих юий гэх болгоомжлол байгаа дуулдав. Кино бизнес нь судалгаа, үйлдвэрлэл, борлуулалт, хүний нөөцийн гэх дөрвөн хүчин зүйлийн эргэх холбоон дээр тогтдог ч өнөөдөр судалгаа борлуулалт нь хоцрогдчихсон байгааг мэргэжлийнхэн онцоллоо. Сайн кино хийхийн тулд сайн зохиол дээр студиуд нийлэх, тоног төхөөрөмж, мэргэжилтнүүдийн чадварыг нэгтгэх ёстой гэнэ. Шүүмжлэгдэж буй асуудал бүхний цаана ямар нэг шалтгаан байгааг, тэр шалтгааныг арилгах боломж байгаа гэдэг нь хэлэлцүүлгийн явцад тодорч байв. Жишээ нь, мэргэжлийн бус хүмүүс кино хийх салбар луу орж ирж байгаагийн шалтгаан нь ердөө зардал мөнгөндөө баригдаад мэргэжлийнхнийг тоглуулж чаддаггүйд гэнэ. Ийм нөхцөлд ганц сонголт л үлдэнэ. Тэр нь таньдаг хүмүүсээ кинондоо тоглуулах. Кино хийхийн тулд мөнгө хэрэгтэй. Гэтэл тэр мөнгөө олохын тулд архи, тамхины бизнес эрхлэгчдийг царайчлах шаардлага гарна. Ингээд л тэрнийх нь реклам кинон дундуур нь орж гарсаар үндсэн бүтээлээ гутаадаг байна. Үүнийг шийдэх аргыг киног даатгах гэв. Тодруулбал, "маш сайн болсон кино төслөө борлуулагч буюу дистрибюшн компанид үзүүлж энэ киног бүтээсний дараа олон нийтэд хүргэх боломжтой гэж хүлээн зөвшөөрүүлэх, үүнийг нь дараагаар даатгалын компани даатгах. Дараа нь даатгалын гэрээг нь үндэслээд банк зээл олгоно" гэх ажиллагаа явуулж шийдэх аж. Мөн төр бодлогоор гадаад дотоодын кинонд квот тогтоож өгөх санал ч гарав. Олон нийтэд үзүүлж буй телевизүүдэд үндэсний бүтээлүүдийн квотыг тогтоож өгөх, тодруулбал олон улсын жишгээр телевикээр гарч буй киноны 80 хувь нь үндэснийх байна гээд заагаад өгчих юм гэнэ. Энэ нь үндэсний киноны чанар өрсөлдөөнийг сайжруулах, гадны киногоор дамжин орж ирж буй соёлын довтолгооноос хамгаалах гээд ар араас нь хэд хэдэн асуудлыг шийдэх шийдэл юм гэнэ. Гадаадын киночид Монголд ирж кино хийхээр болбол хэрхэн зохицуулах талаар ч яригдлаа. "Зүгээр л "татвар авна" гэх хуурай зохицуулалт хийвал гадныхан зүгээр л өөр улсад хийчихнэ. Харин үүний оронд кино багт нь Монгол хүн ажиллуулах зэрэг квотыг л тогтоочих" гэх санал олон хүний толгойг дохиулж, алга ташуулав. Асуудлаа хүлээн зөвшөөрөх нь засахын хагас гэдэг. Тэгвэл киночид кино урлагаа амилуулах ажлынхаа хагасыг л лав хийчихлээ. Үлдсэн хагасыг хэзээ, хэрхэн дуусгахыг хүлээх л үлдэв.

Newsweek Б.МАНДАХ