2013/04/25

Тод түүх

Сар гаруйн өмнө "Гэрлэж амжаагүй явна" уран сайхны киног үзлээ. Өмнө нь өчнөөн олон удаа үзсэн энэ кино илүү сайхан санагдаж, тод өнгө, дуугаар алмайруулав. Гол дүрийн бүсгүйн хүзүүндээ зүүсэн алчуурны өнгөнөөс эхлээд өмнө нь олж хараагүй олон шинэ нээлтийг тэгэхэд хийсэн. "Юнивишн" компаниас хэрэгжүүлж байгаа "Монгол кино" төслийн хүрээнд хуучны танил кино минь өнгө засаж өөрчлөгдсөн нь энэ аж. Киноны ахмад зүтгэлтнүүдтэй хааяахан яриа өрнүүлэхэд "Бид ч уг нь ийм өнгө, дүрс, дуутай кино хийгээгүй юмсан. Манай зарим телевизийнхэн киногоо Төв архиваас авалгүй, энд тэндээс хуулбарлаад бидний хийснийг үрэн таран хийгээд байх юм" гэж халагладаг байсан.

Тэгвэл Архивын ерөнхий газар "Юнител" групптэй хамтарсан төслийн ачаар ахмад уран бүтээлчид халаглах нь бүү хэл, магнай тэнийн баярлах үйл явдал тохиож байна. Киноны 35 мм-ийн хальсан дээр хадгалсан бүтээл 100 жилийн настай гэдэг. Тэгвэл Монголын анхны кино 1936 онд гарч байсан гэхээр манай ихэнх кино "тэтгэвэртээ" гарах дөхсөн байжээ. 2003 он хүртэл ОХУ-д үйлдвэрлэсэн сэргээн засварлах төхөөрөмжийг ашиглан Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын төвийнхөн хуучин хальсаа сэргээн хадгалдаг байсан ч хуучны төхөөрөмжид таарсан хор, шингэн зэргийг үйлдвэрлэхээ больсон тул үйл ажиллагаа нь зогсжээ. 10 жилийн турш кино сэргээн засварлах ажил бүрэн зогсож, өнгөрсөн жил ул сын төсвийн хөрөнгөөр "Цогт тайж" уран сайхны киног Францад дуулиан, шуугиан тайхан сэргээн засварлуулсан. Мэдээж бүх кино гоо өөр улсад аваачиж засварлуулна гэвэл зардал ихтэй, эрсдэлтэй. Тиймээс Архивын ерөнхий газар, "Юнител" групптэй хамтран энэ төслийг хэрэгжүүлсэн аж. 35 мм-ийн хальсан дээр хадгалагдаж буй бүтээлийг дижитал системд шилжүүлэх төхөөрөмжийг Герман улсаас захиалан авчруулж Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын төвийн хоёр мэргэжилтнийг тус улсад сургаад байгаа юм. Мэргэжилтнүүд архивт байгаа киногоо дижитал хувилбарт шилжүүлж, дараа нь "Юнивишн" компанийн ажилтнууд HD формат руу хувиргадаг юм билээ. 2014 онд Монгол Улс тоон системд шилжихээр төлөвлөж байгаа учраас Монголын уран сайхны болон баримтат киног ийн дижитал хувилбарт шилжүүлснээр хойшид өндөр нягтрал, чанартай киног үзэх боломж бүрдэж буй юм.

100 ЖИЛИЙН БОСГО

Одоогоос 100 шахам жилийн өмнө бидний өвөг дээдэс анх кино үзээд сүүдэр ший, сүүдэр зураг хэмээн нэрийдэж гайхширч байсан бол түүнээс хойш хэдхэн жилийн дараа манайхан кино гаргаад зогсохгүй кинонд тоглодог, найруулдаг, бүтээдэг болсон түүхтэй. Монголын кино урлаг гал голомтоо дөнгөж асааж байсан тэр жил Ленинградын кино студийн найруулагч И.Трауберг тэргүүтэй хэсэг уран бүтээлч ирж "Монгол хүү" уран сайхны киног бүтээж, Шороотын Цэвээн, Дашзэвэгийн Ичинхорлоо, Нямын Цэг мид, Данзангийн Бат-Очир гээд алтан үеийн олон жүжигчин энэ кинонд анх тоглосон юм. "Монгол хүү" кинонд монгол уран бүтээлчид тоглож, Монголд зургийг нь авсан учраас Монголын уран сайхны бүрэн хэмжээний киноны эхлэл суурь гэж үздэг.Түүнчлэн Монголд кино урлаг үүсэж, хөгжих, залуу уран бүтээлчдийг хөгжүүлж хүмүүжүүлсэн алдар гавьяа нь "Монгол хүү"-гийнх. Харин Монголын уран сайхны анхны кино бол Т.Нацагдорж өөрөө зохиолыг нь бичиж, найруулсан "Норжмаагийн зам" хэмээх хоёр бүлэг, дуугүй кино юм. 1938 онд дэлгэцэнд гарсан энэ бүтээлийн араас 1939 онд "Сүрэг чоно", 1940 онд "Тарваган тахал", 1941 онд "Амьдралын дайсан", 1942 онд "Сүхбаатар", 1945 онд "Цогт тайж", 1954 онд "Шинэ жил", 1955 онд "Гэм нь урдаа", 1956 онд "Манай аялгуу", 1957 онд "Сэрэлт", 1959 онд "Ардын элч", "Морьтой ч болоосой", 1960 онд "Элбэг дээл", 1961 онд "Улаанбаатарт байгаа миний аавд", "Алтан өргөө", "Гологдсон хүүхэн" зэрэг та бидний сэтгэлд хоногшсон уран сайхны болоод хэдэн зуугаад баримтат киног 35 ммийн хальсан дээр зургийг нь авч боловсруулан дэлгэцнээ гаргаж байжээ. Хэдэн арван удаа ч үзээд уйдахааргүй монгол кинонууд 60, 70 жилийн турш үзэгчдийн мэлмийд хүрсээр байгаа хэдий ч дуу дүрсний чанар нь муудаж, үзэхэд бэрхшээлтэй болоод байгаад үзэгчид сэтгэл дундуур байсан нь үнэн. Гал асаачихсан юм шиг шад, пад шаржигнах чимээ гарч, дүрсний дундуур нарийн цагаан зураасууд гүйж хальс хуучирсныг эрхгүй мэдрүүлж байсан. Түүнчлэн Үндэсний архивын төвийн Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын төвд хадгалж байгаа хамгийн эртний дүрс нь Сайн ноён хан Намнансүрэнгийнх. 1913 онд дүрс бичлэг хийгдсэн учраас энэ жил 100 нас хүрч байгаа аж. Тэгэхээр хальсны хязгаар болсон 100 жилийн босгыг энэ жил бид давж байгаа аж. Монголчууд 1936-2000 он хүртэл буюу 56 жилийн хугацаанд 292 бүрэн хэмжээний уран сайхны кино, 900 гаруй баримтат кино бүтээсэн гэсэн тоо бий. Тухайн цаг үеийн нийгмийн бодит амьдрал, хүмүүсийн соёл, ёс заншил, зан араншинг харуулах чухал баримт болсон киног хадгалан, хамгаалах нь тулгамдсан асуудал болоод байсан юм.


Киног дуу дүрсний өндөр чанартайгаар урт удаан хугацааны туршид хадгалан хойч үедээ өвлүүлэн үлдээх, гадаадын соёлын довтолгоонд нэрвэгдэн өмсөж зүүх, хэлэх ярихаасаа эхлэн "эрлийзжээд" байгаа залуу үеийнхэндээ монгол киногоо үзүүлж сэтгэхүй, үзэл бодлыг нь үндэсний урлагийн зүгт хандуулахыг хэн хүнгүй л хүсдэг байх. Энэ бүх хэрэгцээ, шаардла гыг үндэслэн "Юнивишн" компани нийг мийн хариуцлагаа ухамсарлан "Монгол кино" төслийг хэрэгжүүлсэн гэсэн. Одоогийн байдлаар "Зэрэг нэмэхийн өмнө", "Сэрэлт", "Гэрлэж амжаагүй явна", "Зарлаагүй дайны оршил", "Ингэх гээд байсан юм" зэрэг шилдэг бүтээлийг сэргээгээд байгаа юм билээ.



НЭГ САЯ ӨНГӨНИЙ ЯЛГАРАЛ

"Ингэх гээд байсан юм", "Гэрлэж амжаагүй явна" киногоор жишээлэхэд HD форматын үр шимээр өнгөний ялгарал нэмэгддэг нь илэрхий. Түүнчлэн хэдэн жилийн өмнөөс манай хойд хөршийнхөн ихэнх киногоо ийм хувилбарт шилжүү лэн, заримыг нь өнгөт болгож байсан. "Хаврын 17 учрал", "Ийм нэгэн явдал" зэрэг бидний сайн мэдэх кинонууд тэр өөрчлөлтөд хамрагдсан. Киног дижитал хувилбарт шилжүүлснээр архивын хад галалтад нэг том алхам болох юм. Учир нь өмнө нь Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын төвөөс лавлагаа, материал авахыг хүссэн хүмүүст киноны эхийг үзүүлж тэндээс хуулдаг байсан тул хальс олон удаа ашиглагдсанаас муудаж байсан юм. Харин одоо бол хэд дахин ашигласан ч эх хувилбарт сөрөг нөлөө үзүүлэхгүй. HD форматаар нэг сая өнгөний ялгарлыг харуулах боломжтой бө гөөд 1080i нягтрал тайгаар дүрсийг үзүүлж, 5.1 давтамж бүхий "амьд" дуугаралттайгаар нэвтрүүл гийг хүргэдэг байна. Энэ нь одоогийн бидний кабелийн телевизээр үзэж буй 480i нягтралын SD форматын нэвтрүүлгүүдийн дуу, дүрснээс хэд дахин илүү өндөр чанар юм. 1080i нягтрал гэдэг нь дэлгэцийн дээд хэсгээс доод хэсэг хүртэл 1080 эгнээ хэлхээтэй зураас сүлжилдэнэ гэсэн үг. Ингээд бодоход бид хэчнээн нарийн нягтралтай, тод дүрс хүлээж авах нь тодорхой болж байгаа биз. Хуучны Монгол болон орчуулгын кинонуудын сан хөмрөгийг сэргээн, тоон хэлбэрт оруулах, хадгалах хамгаалах, олон нийтэд тараан түгээх төслийн хүрээнд Үндэсний архивын газрын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын төвд хадгалагдаж байгаа 182 уран сайхны кино, 873 баримтат киноны дуу болон дүрсийг сэргээж өндөр нягтралын HD формат руу хөрвүүлэхээр төлөвлөөд байгаа юм билээ.

Өнөөдөр Ж.Солонго