2013/04/08

Кино "Синема" болоод эргээд ирлээ

Айл болгон гэртээ зу­рагт­тай. Лав л манай уншигчид зурагтгүй айл биш дэг. Зураг­таар кино байнга гарна. Бид кино үзэх дуртай. Одооны телевиз маш олон хувил­бар­тай бөгөөд сувгуу­дыг солиод байхад эрхбиш аль нэгэнд нь ший янгуу байж л таараа.

Мэдээллийн энэ хэрэгсэл авсаархан хямд төсөр тул дорхоноо нийтийн хүртээл болсон. Манай үеийнхэн  "Уран сайхны онц сонирхол­той кино" үзэхийн тулд хамаг ажлаа хойш нь тавьж Улаан­булан буюу клубийг зорьдог байлаа. Ирээдүйд кино теат­рууд хаалгаа барьж, кино урлаг ч төгсөх цаг удахгүй гэж ная ерээд онд гадаад до­тоод­гүй ам бардам төсөөлж эхэлсэн байдаг. Нээрэн ч тэгсэн юм. Манай орны хувьд гэхэд л сум төдийгүй айм­гуу­дын үзвэрийн газрууд бүгд хаагдаж кино механикч гэж ямар чухал хүн байсныг одоо­ны хүүхдүүдэд тайлбарлахад ойлгохгүй байна.

Одоо тэгсэн чинь телеви­зийн алтан үе хэлбийж нөгөө кино театр чинь буцаад ирлээ. Киноны эх орон АНУ-д энэ салбар улам хүчээ авч театрт очиж "Синема" үзээгүй хүн хүн биш шахуу болчихож. Насанд хүрэгсэд чөлөө зав л гарвал хувцас хунараа сольж өмсөөд нүсэр хотын том том танхим руу очиж хамаг цагаа үрэх нь дээхнэ үеийн "көлөөв"-т очдогтой их төстэй.

Гэрт нь зурагт, зурагтаар дүүрэн кино байтугай юм гараад байхад яагаад асаа­хаа больчихов. Түрүүчээсээ зурагт үздэг хүүхэд ч цөөрөөд ирэв. Интернэт, гар утас гэдэг өөр өрсөлдөгч гарч ирээд телевизийн нэвтрүүлгийг унт­рааж орхижээ. Хананд эсвэл авдран дээр асахаа үздэггүй хар хайрцагнууд илүүдээ гар­сан эд хогшил болон дүнсийх нь хэвийн үзэгдэл боллоо. Мэдээллээр бялхсан хойч үеийнхэн "Энийг хэзээ юу гарна гэж хүлээдэг юм"  гэчи­хээд "нээт" рүүгээ орцгооно. Охидууд энд тэндгүй л оймс нэхэж байгаа юм уу гэлтэй буруу харцгаан тонгойж гар утастайгаа ноцолдоно. Олуу­лаа цуглараад ч нэмэргүй эргэн тойрон ганцаардал.

Тэнд өндөг шарж идэхээс бусад бүх үйлчилгээ явагдаж байна.

Үнэгүй юм үнэгүй л байдаг хойно доо. Сургуулийн су­рагч, ядуу оюутан, тэтгэв­рийнхэн, эмзэг давхаргынхан бүгд шаваастай телевиз, интер­­­нэт хоёроос өөр давсан сонин хачин, нүд хужирлах юмыг улам давраад хайж эхэлсэн түүх өчигдөрхөн. Тэр хангалт нь энэ гараад буй шинэ кинонуудыг очиж үзэх явдал болжээ.

"Бүх урлагийн дотроос бидэнд хамгийн хэрэгтэй нь кино" гэж суут сэтгэгч В.И.Ленин юутай үнэн хэлээ вэ. Унших ухаарахад цаг ал­дуу­­лах төвөгтэй роман туужийг гэхэд л авсаархан сонирхолтой, бүр амьд бол­гоод найруулчихаж байна. Шинэ мэдээлэл, ирээдүйн чиг баримжаа, шинжлэх ухааны сүүлийн ололтууд, төрөл бүрийн нууцын тайлбар сэл­тийг хэнийг ч уйдаахгүйгээр багаахан хугацаанд багтаан үзүүлдэг. Киноны төгсгөлд гардаг "бичиг"-ийг анзаарвал сайн муу бүх л бүтээлд маш олон хүн хүч салбарынхан оролцдог ба өртөг зардал нь ч тоймгүй аж. Өндөр үнээр боссон бүтээлээ гараас гар­ган­гуут шууд интернэт, теле­виз рүү цацчих нь гэж юу байхав. Шинэ бөгөөд сайн киног зурагтаар үнэгүй үзнэ гэвэл багагүй хугацаанд хүлээх хэрэг гарна.

Ихэнх мэдээллийн хэрэгс­лийн шинэ мэдээ, дөнгөж саяхан хийсэн хэвлэлийн бага хурлын цаад мөн чанар нь голдуу аль хэдийнэ бо­лоод өнгөрсөн үйл явдлуудын албан ёсны тайлбар төдий­хөн байдаг. Учир ийм тул хүмүүс байсгээд л театр орж төлбөрөө төлөөд шинэ сонин хачин харж уйдаагаа тайлах шаардлага моод болсон байна.

Нөгөө талаар кино үзэхийн сацуу олонтой газар очиж бужигнах нь хотод ирж амьдрахын  үндсэн утга учир оршдог. Олон хөлийн газар нь зөвхөн бараан зах, дэл­гүүр, баар ресторанаар  хяз­гаар­лагдахгүй. Ялангуяа хүү­хэд залуучуудад бол эдгээр газар хамаа ч байхгүй. Хэт­рүүлж хэлээд байгаа боло­хоос үнэндээ энэ хүүхдүү­дийн ихэнх нь орой болмогц л тэр архидан согтуурдаг газруудыг дүүргэчихдэг ч юм биш. Тэд кино театрт очиж үзвэрээ хүлээнгээ "попкоронг" идэж, тоглоом тоглож, сандал дээр сууцгааж дэмий ярьцгаа­на. Ядаргаанд оруулахаа алдсан гар утас, интер­нэтээ­сээ түр ч атугаа салцгааж баахан хөгжилдөж аваад кинон доторх нэгэн шинэ ертөнц рүү хамтдаа орцгоо­но. Тэгээд үзвэр эхэлмэгц гэрэл унтарч бие сэтгэл цаг гучин минутын турш диваа­жин там юу л байна тэр бүг­дээр ханатлаа аялж догдолж инээж гашуудах нь туйлын зугаатай.

Хүн ам олноор цугларсан, түүн дотроо залуус ихтэй орчинд сэтгэл хөдлөл овол­зож байдаг. Тэдний сэтгэлийг хөгжөөх хэрэгсэл нь янз бүр. Үүнд давын өмнө архи тамхи, мансуурах бодисын далд ятгалга газар авч хөгжих суурь тавигдаад байгаа. Хүсмээр­гүй энэхүү буруу зуршлуудын эсрэг улс орон бүр ухуулга сурталчилгаа хийж, зөндөө л урлаг спортын арга хэмжээ зохиодог л доо. Орчин цагийн том хотуудад бага насны хүүхдүүд  компьютерийн тог­лоомд, залуус нь хар тамхинд донтох асуудал ёстой л шүд­ний өвчин болоод байгаа аж. Хүүхдүүдээ тийш алдчихгүй "орлуулах бодис" нь одоо­гоор сайн кино зохиол, түү­нийг үзэх орчин болох кино театр хоёр л болоод байгааг эцэг эхүүд хэлээд байна. Ленин багш  өөр утгаар кинонд ач холбогдол өгч бай­сан байх. Гэхдээ л аливаа ач холбогдлын агаар нэгэн буй ажээ.

Тархинаасаа утаа манар­тал бодож сэтгэж байж бий болгосон урлагийн энэ бүтээ­лээс боловсролын түвшин харгалзахгүйгээр нийт масс,  сургамж үлгэр авч юм боддог сэргэлэн нь бол өөртөө чамгүй мэдлэг хуримтлуулдаг.
Киноны цаад далд явуур­ганд шашин, ёс суртхуун, физик, математик, орос мон­гол, бизнес, түүх, ирээдүй, улс төр  гээд есөн шидийн ухуул­га ухааруулга агуулагддаг. Хүн бааранд ороод тасрах, кино үзээд бараг ухаарах хоёрын аль нь дээр вэ. Адил­хан л "кайп" гэх байх даа. Манайхан  зах зээлийн "ороо бусгаа" үе эхэлсний мар­гааш нь гэхэд л кино үздэг байсан газруудаа устгаад хаячихсан. Өмнөх нийгэм  1937 онд 700 гаран сүм хий­дийг сүйтгэсэн гэдгийн дэргэд арай л дээр ч юм уу.

Өнөөдөр Улаанбаатарт "Өргөө", "Тэнгис" гэсэн хоёр­хон кино театр байна. Энд л орчин үеийн хүүхэд залуу­чуу­дыг хотын соёлд уруу татах сайн дурын ажил явагдаж байх шив. Хэрэв эдгээр театр байгаагүй, байсан ч хөрөнгө зарж стандартынх болгоогүй бол өнөө цагийн сая хүнтэй хот гэдэг чинь баахан бар рестораны цуглуулга төдий харагдахаар байлаа. Киноны танхимыг дуу үл нэвтрэх ханаар бэхжүүлж цөөн тооны үзэгч бүхий хэд хэдэн танхим гаргаж, байнга шинэ содон киног өндөр өртгөөр авчран үндсэн хэрэглэгч хүүхэд жаалуу­дад тохирсон үнээр үйлчилнэ гэдэг ашиг багатай  бизнес. Харин хаа очиж дэл­хийн хэмжээний зэрэглэл бүхий кино театрыг монгол­чууд байгуулчихсан нь манай бизнесмэнүүд зөвхөн мөнгө­ний төлөө биш ихээхэн оюун­лаг мэдрэмжтэй гэдгээ харуулж чаджээ. Дуурь, яруу найраг, утга зохиол зэрэг соёл урлагийн суурь хөгжил сайн байсан нь ч нөлөөлсөн биз. Одоо энэ сайн үйлсийг улам хөгжүүлж, дэмжиж, да­хиад кино театруудыг хотын захын дүүрэгт, орон нутагт байгуулбал бааранд суус­наас хамаагүй дээр шүү дээ. Сайхан кино театр барьж өгсөн, барих зөвшөөрөл ол­го­­сон буянтанд баяр хүргэц­гээе. Хүүхэд маань архины мухлагт биш адал явдалт киноны ертөнцөд цаг нөх­цөөж байгаа бол болж байна.

Энэ чинь буруу, зөв амь­дар ч гэдэг юм уу улаан ца­гаан загнаад байхаар залуу насанд зөрөөд үзмээр са­нагд­даг. Тэгээд алддаг. Энэ замаар өмнөх үеийнхэн явж ирсэн юм. Киноны ертөнцөд иймэрхүү үглээ яншаа байх боломжгүй, тэгээд ч одоогийн  "Синема" орлого ашиг, хууль хоёроо чадварлаг зохицуул­сан учраас хоцрогдсон бү­тээл хийж шатахгүй нь тодор­хой.

Өчигдөр "Өргөө-2"-т "Күүр­дийнхэн" гэдэг дэлхийд шуу­гиулж байгаа хүүхэлдэйн киног авчирчихсан гаргаж байна билээ. Хүүхэлдэйн киног томцуул голдуу үзэж байна гэхээр овоо гайгүй бүтээл байж таарнаа даа.

"Өргөө"-гөөс гараад харих замд киноны үйл явдал ер мартагдахгүй бодолд оруулж бас инээд хүрч, бас ухаарч янз янзын л юм болов.
Нийтлэлч: Гангаа