2013/04/17

Монголын Андерграунд Кино Уралдаан

Тухайн үндэстний кино урлагийн эрүүл энх байгааг шинийг эрэлхийлэгч эксперименталь, авангард хэлбэрийн уран бүтээл туурвигчид тогтоож ирсэн бөгөөд кино урлагийг урагш чирэгч гол хүчин зүйл мөнөөс мөн.

Монголын өнөөгийн кино урлаг арилжааны тал руу хэт хэлбийсэн шинжтэй байгаа бөгөөд үүнийг буруутгах аргагүй. Гэвч мөнгийг урьтал болголгүй хувьдаа өөрийн туршилтын киног хийгсэд байгаа гэдэгт бид итгэж байна. Тиймээс урлагийн хэм хэмжээг эвдэх зоригтой эдгээр уран бүтээлчдийг олонд таниулснаар тэдний цаашдын уран бүтээлд урам өгөх бөгөөд Монголын нэгэн хэвийн болох төлөвтэй кино урлагт цочроо өгөх боломж бий юм.

Сонгодог болон артхаус киног Монголчуудад таниулах зорилготой төрийн бус байгууллага болох "Алтан хальс" холбоо Монголд анх удаа Андерграунд Бэсрэг Киноны Уралдаан зохион байгуулах гэж байна. Уралдааны зорилго бол Монголд авангард, эксперименталь төрлөөр кино урлагийн бүтээл туурвиж буй уран бүтээлчид, хүүхэд залуусыг дэмжих юм.

Уралдааны болзол:
Уралдаан кино урлаг сонирхогч хэн бүхэнд нээлттэй ба дараах зарчмаар явагдана:
  • Бүтээлийн үргэлжлэх хугацаа 5-15 минут байна. Сэдэв чөлөөтэй.
  • Бүтээл эксперименталь, авангард төрөлд хамаарагдаж болохуйц бэсрэг (богино хэмжээний) кино байна.
  • Уралдаанд оролцогч видео бүтээлээ www.wetransfer.com сайт дээр байршуулна (upload). Мөн Youtube, Vimeo зэрэг сайт дээр видеог хувийн (private) байдлаар байршуулж үзэх линкийг нууц үгийн (password) хамт илгээх боломжтой.
  • Өөрийн овог нэр (кириллээр), регистрийн дугаар, утасны дугаарыг видеоны холбоосын (линк) хамт Алтан хальс холбооны e-mail хаяг altankhalis@artfilm.mn руу илгээнэ.
  • Видео бичсэн төхөөрөмжөөс (утасны камер байж болно) үл хамаараад эцсийн видео файлийн формат MOV ба MP4 (H.264) байвал тохиромжтой. Хэрвээ www.wetransfer.com сайт дээр байршуулсан бол видеоны чанар (битрейт) хамаарахгүй ч файлийн хэмжээ 1 GB-аас хэтрэхгүй байх хэрэгтэй.
  • Бүртгэлийн хураамж 20,000 төгрөгийг АЛТАН ХАЛЬС холбооны данс руу оролцогчийн овог нэрээр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр регистрийн дугаар болон утасны дугаарыг бичнэ. (АЛТАН ХАЛЬС ТББ, Худалдаа Хөгжлийн Банк, дансны дугаар: 404200562) Хураамж шилжүүлсэн овог нэр, регистрийн дугаар, утасны дугаар нь altankhalis@artfilm.mn руу илгээсэн мэдээлэлтэй тохирох шаардлагатай.
  • АЛТАН ХАЛЬС ТББ-ийн дансанд уран бүтээлчийн нэр, регистрийн дугаараар хураамж ирсэн болохыг баталгаажуулсан тохиолдолд бүтээлийг бүртгэж авна.
  • Бүртгэл 2013 оны 4 сарын 15-аас 6 сарын 15-ны хооронд явагдана.
  • Шагнал гардуулах үйл ажиллагаа 2013 оны 6 сарын 22-ны 15:00 цагаас Улаан Гэр галерейд болно.
Эхний 3 байр мөнгөн шагналтай.
Үүнээс гадна эхний 5 байранд шалгарсан бүтээлийг 2013 оны 10 дугаар сард зохион байгуулагдах “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмын хүрээнд олон нийтэд хүргэх болно.

Лавлах утас: 99057049, 99069635