2013/04/03

Disneynature -ын шинэ бүтээл Bears

Байгаль дэлхий, тэр дундаа амьтны ертөнцөд өрнөж буй бидний мэддэг хэрнээ мэддэггүй гайхалтай сэтгэл хөдөлгөм үйл явдлуудын талаар харуулсан гайхалтай баримтат киног хүргэж ирсэн Disneynature-ынхан шинэ бүтээлийнхээ trailer-г гаргалаа. 2007 онд BBC-тэй хамтран бүтээсэн Earth баримтад киног нь үзсэн хүн бүр байгаль дэлхийн үзэсгэлэнтайг, хатуу ширүүнийг мөн уярам зөөлөнг дахин мэдэрсэн нь лавтай.

Улмаар тэд 2010 онд Oceans, 2011 онд African Cats баримтад кинонуудаа хүргэсэн бөгөөд өнгөрсөн 2012 онд хаягдаж хоцорсон бяцхан моншийг насанд хүрсэн эр шампанзий үрчлэн авч буй итгэмгүй түүхийг харуулж чадсан Chimpanzee баримтад киног өргөн дэлгэцнээ гаргаж шуугиан тарьсан билээ.

Тэгвэл Disneynature-ынхан энэ удаад Баавгайн (Bears) түүхийг харуулах ажээ. "Дэлхийн хамгийн алдартай амьтны нэг" гэж тус киноны найруулагчид болох Alastair Fothergill, Keith Scholey нар баавгайг тодорхойлсон байна.


Bears баримтат кино Disneynature-ын уламжлал ёсоор ирэх оны Дэлхийн өдрөөр буюу 2014 оны 4-р сарын 18-нд нээлтээ хийнэ.