2013/04/30

Бэгзийн Балжинням: Галд цуцал нэмдэг биш галд ороод шатах хүн хэрэгтэй байна

Монгол Улсын Төрийн Шагналт, Урлагийн Гавъяат Зүтгэлтэн, кино найруулагч Бэгзийн Балжиннямтай хийсэн "Галд цуцал нэмдэг биш галд ороод шатах хүн хэрэгтэй байна" ярилцлагыг хүргэж байна.

"Academy Awards 2013" кино наадам болох гэж байна. Та наадмын шүүгчдийн зөвлөлийн ахлагч хүний зүгээс юу хэлэх вэ?
- Жил бүр наадам боловсронгуй болж сайжирч байгаа нь харагдаж байна. Ирж байгаа кинонуудаас зарим нь хий дэмий цаг үрсэн кино ч ирдэг. Үүнийг бид буцаадаг. Одоо бол уран бүтээлчид боловсронгүй сайхан бүтээлүүдээрээ оролцох болов уу гэж бодож байна.
Наадмын хүрээнд өрсөлдөж буй кинонуудаа  аль талаас нь шүүдэг вэ? Ямар нэгэн цензур тогтоодог уу?
-Ямар нэгэн цензур тогтооно гэж бодоогүй байгаа. Шүүчдийн ахлагчийн хувиас харж байхад шүүгчид яахав ирсэн кинонуудыг үзэж хараад үнэлэлт дүгнэлт өгдөг. Ирж буй кинонуудын шүүлтийн тухай өнгөрсөн наадмын төгсгөлд академийнхан ярилцсан. Энэ жил бол арай өөр маягаар шүүлтийг явуулна. Хүн үзэх аргагүй юм байж л байдаг. Тэгэхээр боловсронгуй л кино уран бүтээл хийгээсээ гэж хэлмээр байгаа юм. Хичнээн кино оролцох ёстой тодорхой тоо заах хэрэгтэй болуу гэж бодож байна. Энэ жил шинээр богино хэмжээний кино нэмэгдсэн түүнтэй холбоотойгоор их онцлог зүйл харагдах болов уу гэж харж байгаа. Энэ дээр бид нэлээн ярилцсан. Кино наадмын үеэр харагдах байлгүй. Хэдийгээр шүүгчийн ахлагч хийгээд явдаг ч гэсэн миний хувьд жаахан чамлалттай байдаг шүү.
Таны бодлоор яавал энэ чамлалтаасаа гарах бол, ер нь кино урлагийг хөгжүүлэхийн тулд яах ёстой вэ?
-Ганцхан би шийдэхгүй шүү дээ. Гэхдээ миний бодлоор урлаг л байгаасай гэж, жинхэнэ чанартай уран бүтээл хийгээсэй гэж хэлмээр байна. Тэр дундаас кино наадам чанартай сайн бүтээлүүдийг тодруулж, дэмжин, тэтгэж монголын урлагт хувь нэмэр оруулах гэж л зохиогдоод байгаа юм. Мундаг хийсэн, яая даа гэсэн кинонууд ирээд байвал заавал нэг нь түрүүлэх албагүй. Хоёр бүтээл ч түрүүлж болно шүү дээ. Ийм зүйлүүдийг зоригтойгоор хэлж эхнээсээ хэн хэн нь чанартай зүйл дээр ажиллах ёстой.

Гарч байгаа зарим киноны сэдэв, найруулгын хувьд чамлалттай байгаад байна уу даа. Орчин үеийн киног харж байхад ахмад уран бүтээлчийн зүгээс юу ажиглагдаж байна?
-Сүүлийн үеийн кинонуудыг нэг их үзээд байдаггүй гэхдээ ямар юм хийгээд байгааг мэдэж байна. Ер нь дэлгэцэн дээр киног гаргахад л мэдэгдэнэ дээ. Түүнийг зөв талаас нь шүүх хэрэгтэй. Ний нуугүй хэлэхэд хошин гээд л хэт их марзагнасан, бүгдийг хараад инээсэн, инээсээр байгаад дуусах юм бол манай кино урлаг хөгжихгүй, бид нар ч уралдаж, жилийн жилд хуруу хумсаа хугачиж, хэдэн төгрөгөө гарздах шаардлага ч байхгүй. Жинхэнэ урлаг л хийх ёстой байна. Огт санаанд ороогүй уран бүтээл, тийм хүнийг хүлээж, хайж байна.
"Academy Awards" кино наадмын 10 жилийн ирээдүйг харвал?
-Дэлхийн том том наадмын хэмжээнд хүрээсэй гэж, тийм ч болох болов уу гэж бодож байгаа. Гол нь урилга зарлагаа яаж хааш нь хэнд өгөх үү тэр төсөв мөнгө нь хэд байх уу. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэж ярьдаг шүү дээ. Тэрнээсээ шалтгаалах байх. Сая болсон театрын "Гэгээн муза" наадмыг ажиглаж байлаа. Ихээхэн өөрчлөгдөж байна. Гадаад дотоодын янз бүрийн зохиолуудыг чөлөөтэй барьж авч байна гээд онцлох юм харамгүй байна лээ. Манайхан аягүй бол кино наадмыг Балжинням л шүүх юм  гээд л ярьж гарна. Гэтэл тэр дэлхийн том том наадмуудыг ганцхан хүн л удирддаг шүү дээ. Тэр нь бүх юмаа мэддэг. Би тэр бүгдийг мэдэх ч юм уу үгүй ч юм уу хэлж мэдэхгүй. Ер нь бол манайхан нэг тогоон дотроо буцлаад л байдаг. Өөр нэг тогоо өнгийж харах хэрэгтэй. Тэр дотор юу буцалж байна, яаж байна гээд харах ёстой юм шиг санагддаг.
Таны бодлоор аль талын тогооруу нь өнгийж харвал үр дүнтэй байх вэ?
-Олон янзын тогоо байгаа. Европ, ази,америк, хятад, солонгос гэх мэт маш олон. Бид нар хэтэрхий их солонгос тогоо харж, өнгийж байна. Үүнийгээ багасгаад ертөнцийн тогооруу хараагаа чиглүүлэх хэрэгтэй байна. Ядаж л хамгийн ойр орос, хятадын кино юу болж байна гээд хүрээгээ тэлэх хэрэгтэй. Сонирхуулахад би хятад кино нэлээн хэдийг үзсэн. Сайн, муу аль аль нь байна. Хятад бол маш олон кино хийдэг. Тэр дундаа дэлхийн кино урлагийн наадмуудад зориулаад тусгайлан кино бүтээдэг. Улсаас нь их мөнгөөр кино бүтээлгэж байна. Том улс том л юм хийнэ шүү дээ. Манайхан жижиг гээд л жижиг юм яриад жижигхэн л юм хийгээд байдаг. Би бол харин Монгол улсаа баян уу? Баян, том уу? том чадалтай л гэж боддог юм. Гэтэл монгол жижигхэн гээд байвал бид нар хэзээ ч хөгжихгүй. Төрийн томчууд нь ч уран бүтээл хийж байгаа хүмүүс нь ч бодох хэрэгтэй.
Та хүүхэд насныхаа тухай эргэн дурсаач...
-Миний хүүхэд нас Ховд аймгийн Чандмань сумын нутаг тэр сайхан мөнх цастай уул, толгод дунд хонь хурга хариулаад л явдаг байлаа. Эцэг эхээс 10-уулаа. Тэдний бага нь гээд боддоо. Миний эцэг 20 настай залуу байхдаа Дамбийжанцангийн цэрэгт явж байсан. Түүнээс нэлээн хэдэн жил өнгөрсөний дараа Дамбийжаагийн шадар туслах гэж буруутгаж хэлмэгдүүлээд хэдэн малаа хүртэл хураалгаж байсан. Ер нь бол янз бүрийн амьдралыг тууллаа, үзлээ, харлаа. Гэхдээ адууныхаа хэрээр исгэрнэ гэж би нэг тиймэрхүү амьдралаар л амьдарч ирсэн хүн дээ. Зөвлөлтөд оператор, дараа нь тэндээ найруулагчийн сургууль төгссөн ухаантай. Сураад явж байхад нэр алдартай сайхан сайхан хүмүүстэй харилцаж, тэдэнд зааж, заалгаж л явлаа. Голоод байгаа юм биш л дээ. Сурах юм бол юуг ч сурна. Гол нь хүмүүс хэрэгтэй зүйлээ л олж сурах нь чухал. Гол ус голдирлоо дагадаг шүү дээ. Би хүний амьдралын тийм л зам мөрөөр явж ирсэн. Гэхдээ олон газар явж олон хүнтэй уулзахдаа тийшээ явна гээд Мексик, Сибирээр урсаж болох л байсан. Америк ч юм уу Япон ч юм уу аль нэг орныг бишрээд л тэдний соёлд нэвтрэх гээд явдаг хүн бишээ. Би зөвхөн Монголдоо л байж, Монголынхоо л нэрийг гаргах юмсан гэж бүхий л насаараа мэрийж яваа минь энэ. Миний найруулагч найзууд чадалтай сайн хүмүүс гадаадын янз янзын улс оронд амьдарч байна. Тэдэнд эх орон гэж юм байдаг бол нэгийг бодох хэрэгтэй юм шиг санагддаг. Үнэхээр чаддаг мэддэг хүмүүс нь Монголынхоо урлагийн төлөө санаа тавиж, зүтгэх хэрэгтэй байгаа юм.
Яагаад кино урлагийг сонгосон бэ? Хүүхэд байхдаа өөр ямар нэгэн ажил хийе гэж боддог байв уу?
-Миний овоглож явдаг ах маань кино театрын жолооч, кино гаргадаг механикч хүн байсан. Би тэр ахыгаа дагаад зав л гарвал кино үздэг байлаа. Цөөхөн хэдэн кино байдаг байж дээ. Тэгээд л кинотой холбогдсон. Орос Хятадын тоотой хэдэн киног л байн байн үздэг байж. Одоо бол маш олон кино гардаг болжээ. Над шиг хөгшин хүн бол толгой эргэж, барьц алдмаар юм зөндөө болжээ. Тэрнээс сүрдэж явмааргүй байна. Тийм л хэмжээнд очих хэрэгтэй. Монголын кино урлаг төдийгөөс өдий хүртэл хэр хөгжиж вэ. Жинхэнэ амт шимттэй кино хэр байна гэдгийг харах ёстой. Бүтээх ёстой. Цөөхөн л юм байгаа. Гэхдээ үүнийгээ голж болохгүй. Үүн дээрээ суралцаад, цааш нь хөгжүүлэх хэрэгтэй. Монголын кино урлаг гэхээр л надад бол сайхан юм бодогддог. Гэтэл төр засгаас, ялангуяа шинээр байгуулагдсан соёлын яам анхаарч байгаа юм алга. Нэг шоовдор хүүхдэрхүү л юм байдаг болж. Тэр шоовдор хүүхэд зах дээр хуушуур хийгээд зарж болно. Өөрөө амтархаад идэж болно. Хулгай дээрэм хийж ч болно шүү дээ. Шоовдор хүүхэд ямар байдаг билээ. Нэг тиймэрхүү л юм болоод байна. Одоо л үүн дээр анхаарах ёстой. Одоо нэг мөнгө төгрөгтэй боллоо гээд байна. Яах юм бол хүлээж байна. Кино урлагийн хөгжлийн талаар сайхан ярьж хөөрдөг хүмүүстэй болох хэрэгтэй байна. Хүссэн хэмжээнд хүрэхгүй л байна даа. Би дэндүү их юм хүсэж, мөрөөддөг байж ч магадгүй. Ирээдүй бол залуучуудаас их хамааралтай байдаг учраас залуус маань ухаалаг байж сайн сайхан зүйлийг бүтээх хэрэгтэй. Эхнийхээ киног хийчээд би яаж баярлаж байлаа. Би эцсийнхээ киног хиймээр байдаг гэтэл нөгөөх мөнгө байдаггүй. Компаний эзэн бол өөртөө эсвэл гэргийдээ зориулж кино бүтээлгэх гэх юм. Ийм байж болох уу. Цар хүрээтэй урлаг хиймээр байна ш дээ.
Зарим кино хүмүүсийн захиалгаар нэг зүйлд баригдмал хийцтэй болдог байх. Кино урлагт сайн шүүмж хэрэгтэй  байх шиг?
-Одоо бол шүүмж ерөөсөө байхгүй. Уг нь сургууль соёлыг нь төгссөн мэддэг чаддаг хүмүүс олон бий. Гэтэл шүүмжилж байгаа нь алга. Яагаад гэвэл заа яршиг даа гээд нэг намын нэр бариад нэр төр, өнгө мөнгө хөгөөд явдаг болж. Хэдэн төгрөг харагдангуут түүнлүү л яваад байдаг юу гэхээр ганцхан мөнгөний л төлөө хөдлөөд байх юм. Урлаг мөнгө хоёрыг л салгамаар байгаа юм. Тэр хоёр бол хэзээ ч нийлдэггүй. Учир нь мөнгө харж хийсэн юм бол нэг л биш, урлаг бол огт өөр зүйл. Хийж байгаа нь ч, хийлгэж байгаа нь ч, дээр нь удирдаж байгаа нь ч зөв сэтгэлтэй урлагийн төлөө баймаар санагддаг.
Кино урлагт шүүмжийг хөгжүүлэе гэвэл яах ёстой юм бол?
-Сайн шүүмжлэгч, сайн уран бүтээлчдийг урамшуулах, өгөх ёстой юмыг нь өгөх хэрэгтэй. Тэгж байж сая өөртөө татна. Дараа нь үүнийг тэгж хийж, ингэмээр тэгмээр гэдгийг нь сонсох ёстой юм шиг бодогддог. Хийхгүй байвал хийхгүй байна гэдгийг нь  шаардах хэрэгтэй. Уран зургийг хар. Манай уран зураг бол маш сайн хөгжиж байна. Дэлгэрэнгүй сэдэвтэй болсон. Нэг хэсэг үзэл суртлын баригдмал байдалтай байж байгаад эрх чөлөөтэй болонгуут хүн бүр л түүнийг хийх гэж оролддог. Гуталчин, гуйлагчин бүгд л кино хийх гэж үзсэн шүү дээ. Аливаа урлагийг сэтгэлээрээ хүнд зориулж хийдэг болохоос үхэрт зориулж кино хийдэггүй биз дээ. Урлаг бол хүнд л зориулагдсан хүнийг хөгжүүлж тэжээдэг зүйл. Нас өндөр болоод ч тэгдэг юм уу нэг юм хэлмээр санагдах юм.
Тэр зүйлээ хэлвэл.
-Юу ч гэмээр юм бэ. Нэг ёсондоо урлаг хийхэд мөнгө хэрэгтэй байна. Үүнийг мэдэрч чаддаг удирдагч бидэнд хэрэгтэй байна. Төр засгаас нь дэмжихгүй бол бид хаашаа ч хөдлөхгүй ээ. Зуун жилийн дараа ч энэ хэвээрээ байхыг үгүйсгэхгүй.
Анхны уран бүтээлийнхээ тухай хуучилвал?
-18-н настай уран бүтээлтэй холбогдож гар бие оролцож, Дамдин багшийн туслахаар ажиллаад "Сарлаг" гэдэг кинонд туслахаар ажиллаад их баярлаж билээ. Хүүхэд байхад надад нэг юм амтагдсан гэх юм уу даа. Тэр амт минь одоо ч хэвээрээ л байдаг. Учир нь Дамдин багш маань үнэхээр гайхалтай хүн. Олон юм сурсан шүү. Хийх гэсэн ажилдаа үнэнч, бүр хайртай хүндээ жинхэнэ хайртай байхтай адил урлагийг тэгж хайрласан. Тийм зүйлийг л урлаг биднээс хүсдэг. Тэгж байж л урлаг маань хөгждөг жамтай. Ер нь зохиол уншихгүйгээр киноны уран бүтээл хийнэ гэж байдаггүй. Хүний өөрийн бүгдийг уншдаг байх.  Хамгийн анхны уран сайнхы кино бол 1971 онд  "Улаан дарцаг" кинонд оператор хийж байсан. Хувьсгалч кино л доо цаг үедээ тохируулж хийж байсан. Хүмүүс ярихдаа миний уран бүтээлүүдээс  "Мандухай цэцэн хатан" киног сайн болсон гэж онцолж хэлдэг. Сайн нь уу ямар вэ би хэлж мэдэхгүй. Одоо 30-н жилийн ой болох гэж байна. Нэг кино 30 жил гарна гэдэг бол урт хугацаа. Цаашаа хэд гарахыг мэдэхгүй. Гарахгүй байж ч болно шүү дээ. Энэ кино дэлгэцэнд амьдраад байгаа нь миний сайнынх биш, манай жүжигчид, уран бүтээлчдийн сайнынх юм. Тэр киног хийхэд түүхэн үе нь өөрөөр хэлбэл тохироо нь бүрдсэн байсан. Манай Сувдаа, Өнөболд болон бусад уран бүтээлчид тоглоогүй бол ямар байх байсан бол.  Тохироо нь бүрдэнэ гэдэг их чухал. Түүнээс хойш тэр кинонд тоглосон бүхий л жүжигчид олон кинонд тоглосон. Хасар Жагаа хүртэл тэр нэрээрээ кинонд тоглосон шүү дээ. Уг нь бол Жаргалсайхан ш дээ. Одоо хүртэл Хасар Жагаа гээд явж л байна.
Та бол олон сайхан кино зохиол бичсэн хүн. Монголчууд бүгд мэднэ. Өөрийн тань би яг энэ зохиолыг л санаандаа тултал бичсэн гэж үздэг нь аль вэ?
-Сайн зохиол гэж миний хувьд байдаггүй. Кино зохиол гэдэг бол агуу том ажил. Тэр бол зохиолч хүний ажил. Зүгээр нэг найруулагч, оператор хүний хийдэг эд биш юм. Зохиол бас их сонин. Амьдралаас эх үүсвэртэй кино амьдардаг юм байна лээ. Бид нар нэг их мэддэггүй шүү дээ. Би тэр "Говийн зэрэглээ" кинондоо Арслан гэж дүрийг яг амьдрал дээр байгаа Арслан гэдэг хүнээс сэдэвлэн бүтээсэн. Тэр кино механикч хийнэ, ер нь тэр сумын ганц хөдөлдөг хүн л дээ. Мотор унтарвал тэр Арслан, дугуй хагарвал тэр Арслан, ингэвэл тэгвэл гээд бүх юм Арслантай их сонин гэхдээ түүнд гавъяа шагнал гэх юу ч байхгүй тэгээд л байж байдаг... Тэр хүний тухай л бичсэн юм. Тэгээд миний найз Доржсамбуу таарч, манай тэр кинонд нэр төр авчирсан. Мундаг сайн жүжигчин, найруулагч хүн. 

Таны бүтээлийг үзээгүй хараагүй хүн гэж байдаггүй болов уу. Түрүү үеийн сайхан сайхан бүтээлүүдийг та л бүтээлцэж явсан байх юм. Одоо ч дэлгэцээр гарсаар  байдаг. Залуу уран бүтээлчид түрүү үеийнхээ сайн кинонуудыг үзэж байвал зүгээр санагдана.
-Өө яахав үзэх юм байвал үзэх хэрэгтэй. Би нэг их онгирч цээжээ дэлдэх дургүй. Бүх зүйл нүдний өмнө үнэн мөнөөрөө байж байна.

Дамдан гуай, Жигжид гуай гээд мөн та өөрөө оператороос найруулагч болсон хүн шүү дээ. Тэгвэл Оператороос найруулагч болохын давуу тал юу вэ?
-Давуу талсаад байх юу байх вэ. Даваад ч байсан юм алга. Давагдаад ч байсан юм алга. Хүний чармайлт, сонирхол л хэрэгтэй. Дээр нь овсгоотой байх. Энэ нь уран бүтээлч хүнийг илүү цааш нь задалж өгдөг. "Би чамд хайртай" кино бол тэр үедээ байхгүй зүйлийг гаргаж ирсэн. Улаан туг, коммунист үзэл суртал байсан уу гэвэл байсан. Ямарваа юманд хэмжээ гэж байдаг. Тэр юм нь л байх газраа байх ёстой юм. Жишээлбэл дэлгэцэн дээрээ улаан туггүй "Улаан туг" киног харвал сонин байна биз. Уран бүтээлчид эргэх замаа харахгүйгээр урагшаа зүтгээд амжилтанд хүрнэ гэсэн түүх байхгүй. Уул өөд өгслөө гэхэд буцах замаа заавал харж байх ёстой. Тэр цагт л хүн зорьсондоо хүрдэг.

Тохироо нь бүрдсэн киноны уран бүтээл цөөхөн. Тохироог яаж бүрдүүлэх ёстой вэ?
-Хамгийн гол нь гол дүр маш чухал. Урт, богино , олон ангит ямар ч хэмжээтэй кино хийсэн түүнд ганц амин чухал юм байх хэрэгтэй. Тэр бол "чин санаа". Яг юу харуулах гээд байгаа тухай. Түүнийг зөв гаргах хэрэгтэй. Яахав залуучууд зөндөө кино хийж байна. Дунд нь нэг юм дутагдаад байгаа. Тэр л юмыг нь олоод хийчих хэрэгтэй байхгүй юу. Тэгвэл түүнийг чинь л "чин санаа" гэнэ дээ. Жишээлбэл "Говийн зэрэглээ" кинонд Арслангүй бол тэр жижигхэн сумын хүмүүсийн амьдрал нь үгүй юм шиг болж байгаа. Ганцхан юмнаас бүх юм хамаардаг. "Говийн зэрэглээ"-гийн  чин санаа бол Арслан байсан юм. Тийм амьд хүн л уран бүтээлд амьдарч байх хэрэгтэй гэж бодогддог. Эргүүлэвч ээдрээ нь тайлагддаггүй тийм зүйлийг л олж хийхийг чин санаа гэж яриад байна. Энэ бол Монголоос өөр хаана ч байхгүй зүйл. Чин санаа л байх ёстой.
Өөрийн хийсэн бүтээл болгондоо хүн бүр хайртай. Гэвч тэр дундаас онцлох бүтээл гэж байдаг шүү дээ. Таны хувьд?
-Би дөрвөн хүүхэдтэй хүн. Эцэг хүнийхээ хувьд дөрвөн хүүхдээ ижилхэн хайрлах ёстой л гэж боддог. Мөн хүүхдүүдээ адилхан ухаантай, адилхан боловсролтой, адилхан сайхан амьдралтай байгаасай гэж хүсдэг. Гэвч дөрвөн дүрийг яг адилхан хийнэ гэж байхгүй шүү дээ. Тэр бол хэцүү. Ийм л юм байгаа даа.
Зарим нь зодог тайлна гэж ярьдаг. Зарим нь уран бүтээлд нас хамаагүй тийм зүйл гэж байхгүй ч гэх юм уу олон янзаар ярьцгаадаг. Тэгвэл та?
-Надад бол зодог тайлах санаа байна. Манайхан авъяас тэтгэвэрт гардаггүй гэж лозогнох их дуртай. Тэр нь өөрийгөө магтаж, санааширч байгаагийн шинж. Гарах л ёстой байхгүй юу. Хийх ёстой юмаа хийсэн бол тэгээд гарах хэрэгтэй. Кино гэдэг юмнаас хол байж хуушуур буузаа хийсэн ч болно. Миний хувьд насаараа кино урлагтай хамт байсан болохоор хамаагүй хаяж боломгүй байна. Жишээлбэл: гал түлж байхад хажуугаар нь ороод,  далдагнаад эндээс нэг мод тэндээс нэг мод хийгээд байдаг хүмүүс олон. Тэгвэл урлагт тийм хүн битгий олон байгаасай гэж бодох юм. Галд цуцал нэмдэг биш түүн дотор ороод шатах хүн хэрэгтэй байна шүү дээ. Тийм биш бол холдох хэрэгтэй. Хамгийн гол нь шатах залуучуудыг гаргах, дэмжих хэрэгтэй шүү дээ.
Хятад улс кинондоо тусгайлан мөнгө хаядаг гэж ярьсан. Тэгвэл улсаас танд кино хий гээд мөнгө өгвөл та ямар кино хийж дэлхийд өрсөлдүүлэх вэ?
-Миний чадал хүрэхгүй байх л даа. Ер нь бол чадалтай цаг үед нь тийм санал ирсэн бол сайхан л байна. Тэрийг л хийчихмээр байна гээд бодогддог зүйл байгаа.
Тэр нь юу юм бол?
-Түүний чин санаа нь бол эх орныхоо төлөө, өөрийнхөө үзэл бодлын төлөө тэдгээрийгээ ялан давахын төлөө шийдэмгий үнэнч хүн "Галданбошигт"-ын тухай кино хийх юмсан гэж 20, 30-н жил бодлоо. Чадахгүй л явна. Мянган өөр хүн хийлээ гээд өөр л юм хийнэ шүү дээ. Балжинням хийхгүй. Балжиням дотор нь байхгүй шүү дээ.
Балжиннямтай кино хийж яагаад болохгүй гэж?
-Нас, бие дийлэхгүй биз дээ.

20, 30 жил бодлоо ш дээ. Таны аазгай хөдлөөд хийе гээд зорьж байгаа зүйл шүү дээ?
-Тэгвэл надад 5 тэр бум төгрөг өгчих. /инээв/ Би шаардлагатай мөнгөө нэг хүнээс гуйсан гаргаж өгч чадахгүй л байгаа. Гэтэл нэг газар очоод зүгээр л нэг удаагийнхаа тоглоомонд тав битгий хэл 17 тэр бумаар нь зарлагадаж байна. 17-н тэр бум шүү дээ. Надад бол тэр их л мөнгө харагдаад байгаа. Юм хийвэл тэгээд дуусах байх л даа. Хамгийн гол нь хүссэн зүйлээ хийж, хүссэн юмаа түүн дотроос гаргаж авах нь чухал.
Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
-Одоохондоо юм хийгээгүй ээ. Үхэн үхтэлээ юм хийе гэж бодож байна. Гэхдээ эцсийн нэг бүтээл хийнэ. Түүнийг нууцлая.

Урлагт зүтгээд 50 гаруй жилийг туулжээ. Ахмад уран бүтээлчийн зүгээс бусдад хэлэх таны үг?
-Янз бүрийн юм хэлмээр, уур хүрч, уушиг савсайсан ч юм хэлмээр байна. Урлаг мөнгө хоёрыг битгий холиоч гэж. Мөнгө урлаг хоёр чинь тэс өөр зүйл. Урлагт орсон л бол амь нас бүх зүйлээ түүнд зориулдаг байгаасай. Урлагийнханы ам бүлд цуцал нэмдэг хүн хэрэггүй. Гал түлдэг, түүнд нь ороод шатаж чадах хүн хэрэгтэй гэж дахин дахин хэлмээр санагдана. Мөн жинхэнэ хүн л байгаасай. Хүний л төлөө юм хийх хэрэгтэй . Инжинашийн хэлсэн их сайхан үг бий. "Хүний сэтгэлийг хөдөлгөж эс чадваас хөнгөн бийрийг хөшиж юу хийнэ." Энэ үгийг сайн бодох хэрэгтэй манай залуус үеийнхэн.

Ярилцсан: Ц.Чимэдрэгзэн