2013/03/19

Кино хүмүүжлийн хэрэгсэл мөн үү?

Ийм нэг сонин үзэгдэл байдаг. Аймшигтай хэрэг үйлдсэн алуурчид, хүчиндэгчид, гаж донтнууд баригдсаныхаа дараах мэдүүлэгтээ ёс мэт нэгэн зүйл ярих нь "Тийм, ийм киног үзээд , тэгээд л хэрэг хийхээр шийдсэн" гэх ажээ. Хол ойрын алуурчид гэм буруугаа кино руу чихэх дуртай. 1981 онд Мартин Скорсезегийн "Таксины жолооч" киног үзсэн мэдрэл муут эр Жон Хинкли киноны гол дүрд тоглосон Жүди Фостерт таалагдах, анхааралыг нь татах гэхдээ Америкийн ерөнхийлөгч Р.Рейганыг буудчихжээ. Нүгэл үйлдэхий    нхээ өмнөхөн Ж.Фостерт бичсэн хайрын захиандаа тэрбээр "Яг тэр киноны төгсгөлийг давтана, чинийхээ төлөө түүхэн гавъяа байгуулна" гэж бичжээ. Саяхан Норвегид гэм зэмгүй 70 хүний амийг хөнөөсөн Андерс Брэйвик бас л Ларс фон Триерийн «Догвилл» киноны төгсгөл хэсэг Утей арал дээр аллага үйлдэх санааг надад өгсөн» гэж мэдүүлжээ.

Монголын гэмт хэрэгтнүүд ч "киноноос суралцах" хөдөлгөөнөөс хоцрохыг хүссэнгүй. 16 настай охиныг зэрлэгээр алсан үеийнх нь таван хөвгүүн "Кино үзсэнээс л боллоо" гэж шогширцгоожээ. Ээж, аав нар нь "Элдэв балай кино гаргаад байдаг энэ телевизүүд л хүүхэд алж байна" гэсэн ярилцлагууд өгч амжив. 90-ээд оны дундуур "Загалмайлсан эцэг" киногоор жигүүрлэсэн хөөргөн залуус "Хөх зуут" бүлгийг байгуулан хужаа наймаачдыг тонох, дарамтлах бизнес эрхлэх гэж байгаад эхний үйлдэл дээрээ баригдчихсан түүх бий.

Гэмт хэргийн "уг шалтгаан үзсэн кинонд нь байдгийг" илчилсэн иймэрхүү тайлбарт итгэсэн гэнэн сэтгүүлчид, уймраа уншигчид ч тэр даруй "Одооны энэ кинонууд хэрэг алга, дээр үеийн кинонууд хичнээн сайхан байж вэ" хэмээн шаагилдна. "Хүчирхийллийг сурталчлахаа боль!" гэж тунхаглана. Үнэндээ бол кино бий болохоос хамаагүй өмнө, сармагчингаас салж явснаасаа хойш л хүмүүс нэгнийгээ алж, хүчирхийлж, гаж хүслээ зүй бусаар хангасаар ирсэн юм. Дундад зуун тэр чигтээ аллага хүчирхийлэл, тамлал, зовлонгоор бялхаж байсан ч тэдэнд үзэх, жишээ авах кино байсангүй.

Одоо хийгдэж байгаа, ирээдүйд хийгдэх бүх кино нэгэн дуугаар цэвэр ёс суртхуун, ариун явдлыг номлолоо ч гэсэн хүмүүс нэгнийгээ алсаар, дээрэмдсээр, хүчирхийлсээр л байх болов уу. Тийм "сайхан" үе бидэнд байсан шүү дээ. Социалист аж төрөх ёсоор битүү хучигдсан,  "хар энергийн" өчүүхэн ч хэлтэрхийгүй кино ноёлж байсан тэр цаг дор Монголд жижиг дээрэм ердийн үзэгдэл болсон байлаа. Уг нь бүгдээрээ коммунист киногоо үзээд ариусч, хүмүүжсэн байх ёстой атал гудамжныхаа буланд таарсан танихгүй хүний сээгий малгайг булаах гээд гэтэж явдаг байсан гэх. Сээгий шүүрэх аргыг үзүүлсэн кино огт хийгдээгүй байхад шүү!

Гэмт хэрэг хийх нь ямар нэгэн кино үзсэн эсэхтэй үнэндээ огтхон ч хамааралгүй юм. Хүчирхийлэл, гэмт хэрэг бүхний угт кино байдаг гэж би лав боддоггүй. Кино үзээд л хүчирхийлэл үйлдэх сэдэл төрдөг нь үнэн бол бидэнд энэ орчлонд тайван нэг алхах ч боломж байхгүй болохсон. Чоно, туулай хоёр нэгнийгээ нүдэж балбаж, бүх төрлийн тээврийн хэрэгслээр дайруулан, тахийлгаж, ёхийлгож, шатааж, живүүлэх "хүчирхийлэлт үзвэрийг" тогтмол үзэж өссөн бидний үе. Том, Жерри хоёр нэгнийгээ тэднээс дутахгүй тарчлааж, "хүчирхийлэхийг" таашааж өссөн хүүхдүүдийн маань үе. Үзсэн кинондоо автдаг, дууриадагсан бол хайруулын тавгаар нэгнийхээ толгойг хавтгайлахаа ердийн нэг зугаа гэж үзэх байлаа.

Ер нь бол ихэнх кинонд хүчирхийлэл хэтрээд, бахархлын төвшинд очиж байгаа нь үгүйсгэхээргүй үнэн. Хүчирхийллийг учиргүй магтах, алдаршуулах хэрэггүй, гэхдээ зүхэж хориглох бас хэрэггүй. Би аугаа найруулагч Питер Гринуэйн "Жинхэнэ урлаг хүчирхийлэл, с*кс хоёрыг л харуулах ёстой" гэж хэлсэнд итгэж, бахаддаг.

Урлагаас зөвхөн "гэгээлэг юм" хүсэн хүлээдэг хүмүүс бол худалч, хуурамч, хоёр нүүртнүүд. Учир нь хэрвээ хоёр цагийн турш хэн нэгэн жаргасаар байгаад дуусдаг кино байх юм бол хэн ч үзэхгүй. Урлагийн мөн чанар нь хүний зовлон гунигийн дуулал билээ. Урлаг нь хүний дотоод эргэцүүлэл, эрэлхийллийг өдөөгч билээ. Зөвхөн сайн сайхан, аз жаргалант, гэрэлт ертөнцийг дүрсэлсэн урлаг удаан амьдардаггүй.

Өрсөлдөөн, амьд үлдэх тэмцэл, шалгарал, сорилоор оршин байх эсэх нь тодорхойлогддог хүний ертөнцөд хүн бүрийн дотор "хүчирхийллийн эрмэлзэл" уугиж байгаа. Харин видео тоглоом, кино нь тэр эрмэлзлэлийг "хуурамчаар гүйцэлдүүлж"(фрустраци) сэтгэл зүйн аюулгүй байдлыг хадгалж өгдөг ажээ. Сталлоне өөдгүй новшнуудыг болгож өгөхийг үзэж суугаа үзэгчийн сэтгэлд "адилтгал" явагдаж хэн нэгэнд хорсож явснаа тайлах шиг болдог. Мэдээж сэтгэцийн хувьд хэвийн хүмүүсийн хувьд л тийм. Харин гаж хүмүүс бол үзсэн харсанаа давтахыг хүснэ. Тэрийг хэн ч мэдэж, зохицуулж чадахгүй. Аз гийхэд гаж сэтгэц цөөнх юм.

Урлаг хүмүүжүүлэх ёстой эсэх бол ээдрээтэй, олон талтай асуудал. "Кино хүмүүжүүлэх албатай юу?" гэсэн асуултанд би үгүй, бас тийм гэж л хариулна. Хэнд зориулсан ямар кино гэдгээс л хамаарах байх.

Нэг киног хүссэн хүсээгүй бүх нийтээрээ үзэж, харилцан яриаг нь зүйр үг болтол нь цээжилж суудаг байсан үе ард хоцорч киног бүр нарийн ангилал, сэдэв, хэлбэр бүлгээр үзэх болжээ. Зарим нэг нь киног үдшийн бүрийд сэтгэлт хүнтэйгээ хоёр цаг хамт байх боломжийг олгогч гэж ойлгож байхад, зарим нь эрж яваа асуултынхаа хариуг хайна, бүр нэг хэсэг нь маргааш өмсөх хувцасныхаа өнгө загварыг тодорхойлохын тулд ч кино үзэж байх шиг. Нийгэм хар мянган бүлэгт хуваагдаж бүлэг бүр өөрийн хүсэл сонирхол, таашаалыг илэрхийлж, эрэлхийлэхийг хүсдэг. Кино улам бүр жижиг бүлгүүдэд зориулагдаж байна. Ижил хүйстний бүлэг өөрсдийнх нь тухай киног амьсгаа даран шимтэн үзэж байхад малчин ардууд сонсдог дуучин нь болхи бүдүүлгээр марзаганан тоглосон киног үзээд жаргаж, сэтгэл тэнийнэ. Харин өөрийгөө боловсролтой гээд  итгэчихсэн хэсэг нь сонгодог зохиолоор хийсэн сонгодог хөгжимтэй сонгодог кино хайж ч байх шиг.

Кино бол цэнгээний бизнес. Цаг нөхцөөх хэрэгсэл. Иргэншсэн нийгэмд хүмүүст хэтэрхий их чөлөөт цаг гараад байгаа тул цагийг нөхцөөх (kill time) гэдэг тун чухал зүйл болж байна. Кино, тоглоом, бүжиг, дуу, спорт зэргээр цагийг боловсон "алахгүй" бол "ажилгүй хүн юугаараа оролдоно" гэдэг болчихдог гэмтэй.

Кино бол танин мэдэхүй. Ертөнцийг, хүмүүсийг киноноос л илүү ихээр, тод томруунаар танин мэдэж болно. Бүхнийг чадагч доллар, бүхнийг харуулагч кино хоёр ноёлж байгаа иргэншилд бид хамаарч байгаа. Өөр ямар ч хэрэгсэл, бурхан багш хүртэл кино шиг оройд нь ортол ойлгуулж чадахгүй. Тийм болохоор зарим хүн кино бүрээс юм сурах гээд шаардаад байдаг болчихсон ч байж мэднэ.

Кино бол урлаг. Гоо сайхны хийгээд гүн ухааны охь. Харин нийгмийн аль бүлэгт байгаагаас тань хамаараад энэ хэмжүүр янз бүр байдаг. "Аватар"-ыг үзээд урлагийн дээд гэж хэлэх нэгэн байхад "хүүхдийн кино" гээд нулимах ч хүн таарна. "Туяагийн хурим"-ыг үзээд "онигоотой юм" гэж уурссан хүнтэй зөрөөд "энийг л урлаг гэдэг юм" гэж нөгөө нь мэтгэнэ.

Тэгэхээр хэлэх зүйл бол хэзээ, хаана, хэнд зориулагдсан кино гарч байгааг эхлээд мэдээд дараа нь үзэх эсэхээ шийдэх ёстой болох нь. П*рно кинотой таарчихаад хүмүүжил шаардах утгагүй. Хөгжөөн, хөөцөөлдөөнтэй киноноос гүн ухаан хайх нь оновчгүй.

Кино хүмүүжлийн хэрэгсэл биш, үгүй мөн.

Р.Батсайхан