2013/01/28

"Ану Хатан" үзсэн тэмдэглэл

Монгол түмний хайртай хатдын нэг Ану Хатны тухай өгүүлэх зохиолч Шүүдэрцэцгийн Домогт Ану Хатан роман 4 жилийн өмнө уншигчдийн гарт хүрч байсан бол эдүгээ кинотеатрын дэлгэцнээс үзэгчидтэй уулзаж байна. Энэ хугацаанд театрын тайзан дээр ч уг бүтээл амилсан гэдгий хүн бүр мэдэж байгаа байх.

Түүхэн кино гэдэг хаа газрын уран бүтээлчдийн хувьд хамгийн хүнд сэдэв байдаг. Нэгэнт өнгөрсөн түүхийг эргэн харуулна гэдэг уран бүтээлчдийн хувьд асар их ур ухаан, харин киноны продюсер төсөв хариуцсан нөхдүүдэд асар их мөнгөны асуудал үүсгэдэг гэдгийг киночид бүгд мэднэ. Олон үзэгчидтэй хөрвөх чадвар сайтай кино зах зээлд кино компаниуд энэ асуудлыг төвөггүйхэн давдаг бол манайх шиг шоу бизнес хөгжөөгүй жижиг зах зээлтэй оронд энэ бол томоохон эрсдэл дагуулсан төсөл юм.

Үүнийг харин тус кино багийнхан бие даан шийдвэрлэж чадсан нь манайд кино урлаг болон продюсерийн түвшин маш ахицтайгаар урагшилж байгаа гэдгийг харуулж байна. Ингээд киноны талаарх сэтгэгдэлд анхаарлаа хандуулъя.

1. Кино зохиол
Номноос сэдэвлэн кино зохиолыг бичсэн гэхээр нэг бодлын амар нэг бодлын хүнд нөхцөл зохиолчид бий болсон байх. Магадгүй роман бичсэн хүн киноны зохиолыг  бичсэн, өмнө нь кино зохиол бичиж байгаагүй, бүх л түүхийг багтаах гэсэн хүсэл гээд олон зүйл зэрэгцсний улмаас кино зохиолын хувьд жаахан учир дутагталтай нөхцөл бий болсон байж болох юм. Энэ нь киноны үндсэн зангилаа Ану юу аль эсвэл Галдан уу эсвэл бүр Ойрад түмний дайчин тэмцэл, ноёдын хагарал уу гээд үзэгчийн хувьд олон тийш цамнасан дүрслэлийг бий болгож байсан нь Ану Хатан гэсэн намтарчилсан түүхэн киноны хувьд хэт их түүх харуулсан юм шиг санагдсан.

     2. Киноны найруулага
Киног “Үтрээний хүүрнэл” жүжгийн найруулагчаар ажиллаж байсан найруулагч Алтантуяа хэмээх бүсгүйг найруулсан гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Киноны найруулагын хувьд чамлахааргүй сайн байсан гэдэгтэй маргах юм байхгүй. Кино зохиол яаж бичигдсэн тэр замналаар найруулага явагдсан. Харин зарим сонгосон хэсгүүд жишээ нь устай тулааны хэсэг, Анугийн амь хамгаалагч эмэгтэй дайчин үхэхдээ үс нь задгай унаж байгаа хэсэг дээр арай өөр шийдлээр харуулахаар байж дээ гэсэн бодол төрж байлаа . Олны хэсгүүд дээрх ажил бол үнэхээр сайн болжээ. Гэхдээ киног жаахан театр тал руугаа тайзнаас үзэгчдэд хүрч байгаа юм шиг найруулсан юм шиг санагдсан.

3. Зураач, Зураглаачийн ажил
Түүхэн киноны хамгийн чухал үүргийг зураач, зураглаачид үүрдэг. Энэ киноны зураач, зураглаачийн ажил бол маш сайн болсон гэхэд хэн ч үгүй гэхгүй байх. Лхас, Алтай гээд яг л төсөөллийн гэмээр орчинг уран бүтээлчид бий болгож чадсан. Алтантүрүү мөнх цаст уулс гээд хүмүүсийн сэтгэлд үлдэх маш олон хэсгийг кинонд бий болгосон. Тухайн үеийн хувцас хэрэглэл, орд өргөө, дайн байлдаан гээд зураачийн ажлыг үнэхээр бахадмаар. Харин ганц л юм харагдаагүй. Уудам цэлгэр ногоон тал, торойх ч үүлгүй хөх тэнгэр

4. Киноны хөгжим
Анх трайлерийг нь үзээд киноны хөгжим их сайхан болж байнадаа гэж бодсон. Киног үзээд урам хугарсан. Киноны хөгжмийн хувьд үнэхээр хангалтгүй ажилласан. Энгийн үзэгчийн хувиар дүгнэхэд нэг л хөгжмөөр киног дуусгачихсан шиг санагдсан. Магадгүй киноны хөгжимд хэт өндөр ач холбогдол өгснөөс ч тэгж санагдсан байж болох юм. Гэхдээ миний бодлоор түүхэн кино бүтээж байгаа, Алтайн өндөр уулс гарна гэж бодохоор хөөмэй, цуур энэ кинонд зайлшгүй байх ёстой юм шиг санагдана. Монгол гэдэг уянгалаг хөгжим киноноос эгшиглэсэн гэхэд хэцүү л санагдаж байна. Кино яг гадаад зах зээлд гарахад тийм ер бусын гэмээр илэрхийлэл хөгжим талаасаа бол ажиглагдахгүй нь.

5. Кино жүжигчдийн баг
Ану Хатны дүрд дуучин Отгонжаргалыг тоглуулсан нь дүр төрхийн хомсдолд орсон киночдын хувьд үнэхээр зөв сонголт байсан. Дүрээ ч сайн бүтээсэн. Жүжигчин Мягмарыг Галдан хааны дүрээр харахад яг  л ийм хаан байсан даа гэж бодогдохоор дүрээ бүтээжээ. Мандарваагийн дүрийг бүтээсэн жүжигчин Долгорын хувьд Үл таних бүсгүй дээрх дүрээсээ ч илүү энэ дүрийг бүтээж чадсан. Жүжигчин Ариунбямба Данжила  баатрын дүрийг үнэхээр сайн бүтээсэн. Улаан малгайттай зүйрлэхүйц сайн дүр болсон гэж бодож байна. Жүжигчин Оюундарь кинонд тийм ч өндөр үүрэгтэй дүр бүтээгээгүй ч өөрийн дүрээ маш  чадварлаг, үзэгчдийн сэтгэлд нэг л зөөлөн уур амьсгалыг бий болгосон дүрийг гаргажээ. Бүх л хэсэг нь түгшүүртэй ийм бүтээлд чимэг болсон сайхан дүр. Харин Ахай хатны дүрийг бүтээсэн Бадамцэцэг найруулагч, продюсер, зохиолчийн алдаа байсан байж болох юм. Жүжиглэлт маш муу байсан, ямар хатан хүн их хатныхаа өөдөөс ч мишээгээд ер нь тэгээд киноны туршид л мишээгээд байх вэ дээ. Энэ дүр ёстой таалагдаагүй. +18 хэсэг ч байх шаардлагагүй байсан юм шиг санагдсан.

6. Сэтгэлд үлдэм хэсэг
Киноны туршид сэтгэлд үлдэм хэсэг их байсан ч киноны хамгийн сайхан хэсэг бол миний бодлоор аав хүү 2-н тулааны хэсэг байлаа. “Баатар хүн, эр хүн” гэдэг үг ч сайхан санагдав.

Төгсгөлд нь дүгнэхэд "Ану Хатан" түүхэн кино бол манай киночдын түвшин ямар түвшинд хүрснийг илтгэх сайхан бүтээл болжээ. Бид өмнө нь монгол киног нэг л итгэлгүй үздэг байсан бол одоо бардам үзэх цаг ирсэн байна.