2012/12/10

Яасан аймшигтай юм бэ? Өнөө хэдийг чинь сүйд хийх нь

Би худлаа сүржигнээгүй, үнэхээр ингэж уулга алдлаа. Учир юун гэвэл, нэг нийтлэл санамсаргүй олж уншаад тийнхүү цочирдсон. Цочирдохгүй байхын ч аргагүй. Тэр нийтлэлд ооч мэнгэний сахал шиг өнөө хэдэн киног чинь цэнхэр дэлгэцээр гаргахыг хориглох цаг нь болсон гээд нэр жагсааж бичсэн байх юм. Цэнхэр дэлгэцээс арчина гэдэг чинь бүрмөсөн ид бад хийгээд авна гэсэн санаа биз. Манайд өрнөж байгаа “өнгөрснийг булшлах компанит ажил” Монголын урлаг соёлын үнэт зүйл рүү орж ирэх гэж байгаагийн түрүүч нь энэ байж таарна.

Хориглох киноны жагсаалтын аман хүзүүн дээр ямар киног нэрлэсэн гэж санана. “Цогт тайж" кино. Дахин хэлье, үнэхээр “Цогт тайж” маань хамгийн нэгдүгээрт нь жагссан байна билээ. Ийм явдал болно гэж даан ч бодож явсангүй. Цаг төр эргэнэ гэж ийм л байдаг юм байж. Бидний үеийнхэн чинь 1921 он гэхээр л зовхи нь өөдөө босоод ирдэгсэн. Тэгвэл одоо 1921 он гэхээр хулхи нь буугаад ирдэг болж. “За бас нэг хэсгийг нь устгах нь дээ” гэж боддог болохоор аргагүй биз ээ. Юм бүхэн өөр өөрийн цаг хугацаатай. Цаг нь болсон бол яалт ч үгүй л дээ. “Цогт тайж” киноны тухайд бол дэлгэцнээс буух цаг нь болсон гэж огтоос бодохгүй байна. Эх оронч үзлийн тухайд Нобелийн шагналд өрсөлдөхөөр бүтээгдсэн ховор сайн кино. Эх орноосоо урвасан бол хэнийг ч өршөөдөггүй байсан монгол төрийн зүтгэлтний тэрхүү ховор нандин түүхэн уламжлалыг ёстой л яс махан дээр нь мэдрүүлсэн, уран чадварын хувьдаа ч мундаг сайн кино. Түвдийн гоё гүнжийг хараад эх орон ард түмнээ мартан дайсныхаа талд урвасан учир өөрийн төрсөн хүү Арслан тайжийн амийг өршөөхгүй цаазлуулж байгаа нь энэ киноны улаан шугам мөн билээ.

Энэ тухайдаа Нобелийн шагналд дэвшүүлсэн ч болох маш ховор шийдэлтэй зууны манлай уран бүтээл гэдгийг манай урлаг судлаачид зөвшөөрөх байлгүй. Ер нь төрийн зүтгэлтнүүдийг өөрийн гүнжээр урхидаж ургийн холбоонд хүлж байсан баримт Манжийн колончлолын үед давтагдаж байсан. Энэхүү нарын явдлыг манайхан гадарлана. Тэгтэл эдүгээ цагийн Арслан тайж гэмээр төрийн түшээ, түшмэдүүд их мөнгө үзмэгцээ яг төвд гүнжийг харуут эрүүл ухаанаа алдсан Арслан шиг ухаан жолоогоо алдан урваж шарваж байна. Харамсалтай нь ийм олон тохиолдлыг Гүен баатар шиг хайр найргүй илчлэхгүй, Цогт хун тайж шиг цаазалж чадахгүй байна. Үүнээс шалтгаалан Монголын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал нь эдийн засаг улс төр, үзэл санаа, хэл соёлын талаар улам бүр ноцтой хэврэгшиж байна. Тэгтэл эх орноосоо урвахын хор уршгийг үзэгчдийн зүрхэнд нь хэлж өгдөг ганц олигтой киног нь хориглох гээд зогсож байдаг нь цаанаа ямар учир жанцантайг мэдэхгүй байна.

Манай нийгэмд тэр тусмаа улс төрийн намуудын дотоод амьдралд албан тушаал эрх ямба хөөцөлдсөн аар саархан асуудлаар амь амиа аргацаах сэтгэхүй газар авч тэр хэрээр төр түмний хэргээс урвагчидтай хийх хамтын хүчирхэг тэмцлийн гал цог унтарч, хүч нөлөө саарч байна Ингэсээр байтал эх орон эзэнгүйдэх байдалтай боллоо. Өвөө эмээ, эцэг эх, ах эгч нарынхаа ухамсарт бүх амьдралаараа тэмцэж бүтээн байгуулсан ололт амжилт, баяр ёслол, хөшөө дурсгал, утга зохиол урлагийн үе үеийнхний бүтээл туурвилыг улс төржүүлэн доромжилж Монголоо алдаж байгааг хамгийн аюултай чимээгүй урвалт гэж үзвэл зохино. Монгол боловсролоо үнэгүйдүүлэн, Монгол хэлийг дорд үзэх явдлыг ч бас урвалт гэхээс өөрөөр зөөлөн нэрлэх аргагүй. Төрийн урвалт гэхгүй гэхэд нийгмийн амьдралд үзэгдэж байгаа мөлхөө урвалт мөн гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг нь болсон байлтай. Оюутолгойн гэрээг ч бас улс төрийн боддогоор халхавчилсан нууц урвалт гэж нэрлэмээр байдаг. Эдгээр олон төрх байдлын урвагчидтай тэмцэх тэмцлээс ухрах газар байхгүй, учир нь ар талд Монгол эх орон минь байгаа. Тиймээс эх орныхоо тусгаар тогтнолын сэтгэл оюуны манаанд бараг халаа сэлгээгүй зогсож байгаа “Цогт тайж” киног өмөөрөх нь бидний хүндтэй үүрэг мөн буй заа.

“Цогт тайж”-ийн дараа “Нүгэл буян”, “Сэрэлт”, “Өглөө”, “Тэмцэл”, “Дайсны цэргүүд сонсоцгоо,” “Говь хянганд тулалдсан нь”, “Хүргэн хүү”, “Морьтой ч болоосой”, “Баянбулагийнхан” киног нэр цохсон байна. Хорьдугаар зууны хоёрдугаар хагаст “Чингис” шүлэг бичсэнээр нь Дэндэвийн Пүрэвдоржийг, “Бух Гомбо” өгүүллэг бичсэнээр нь ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэнг, “Шөнө дунд чоно улив” өгүүллэгээр нь Донровын Намдагийг буруутгаж байсансан. Их гашуун бөгөөд тэв тэнэг тийм нэгэн зурвас үе манайд таараад өнгөрсөн байдаг юм. Ер нь бол хүйтэн дайны хаялга байсан байх. Дээр нэр дурдсан киноны зохиолыг хэн хэн бичсэнийг урлагтаа хайртай, урлаг уран сайхны уламжлалт өндөр хэмжээний соёлтой монголчууд андахгүй сайн мэднэ. Одоо тэгээд дээрх кино зохиолыг бичсэн гэж Монголын нүүрийг тахалж явсан тэдгээр алдартнуудаа нэг намын бууны ноход байсан мэтээр адлах болж байна уу. Арай дэндэнэ байлгүй. Төрийн шагналт эрдэмтэн зохиолч Бямбын Ренчин, мөн Донровын Намдаг, Ламзавын Ванган, Чойжилын Чимид, Сономын Удвал, Доржийн Гармаа нарын зэрэг ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн хэдэн зохиолчийн минь үнэнхүү зүрх сэтгэлээ зориулан байж бүтээсэн сор бүтээлүүдийн нэр тэнд орсон байна. Тэд бол цаг зуурдын бяцхан төөрөгдлөөр ард түмнийхээ тархийг угаах санаа сэдээд ямар нэгэн зүйл бичиж суух хүмүүс огтхон ч биш байсныг олон хүн гэрчилнэ гэж итгэж байна. Аливаа уран бүтээлийг өөрийн жинхэнэ итгэл үнэмшлээр бичиж мөнхийн бүтээл туурвидаг гайхамшигтай авьяас билэгтэн хүмүүс. Үхэж байсан ч ард түмнийхээ тархийг угаахгүй хүмүүс. Гол дүрүүдийг бүтээж олонд хүргэсэн төрийн шагналт Ардын жүжигчин Ц.Цэгмид, Л.Цогзолмаа, Цэвээнжав, Цэндээхүү, Н.Цэгмид, Ичинхорлоо, Цэрэндэндэв, Лувсанжамц Долгорсүрэн нарын зэрэг манай тайз дэлгэцийн алдарт жүжигчид тэгэхээр ард түмнийг хууран мэхэлж тархи угаах дүр бүтээснийхээ төлөө алдаршсан болж байна уу. Үгүй, Тийм бусармаг явдал хийх хүмүүс тэд яавч байгаагүй. Тэд чинь хүмүүн төрөлхтний түүхэнд мөнхрөн үлдэх мөнхийн дүр бүтээдэг хүмүүс байсан бөгөөд “Сэрэлт”-ийн Бумаа, Маарамба, “Өглөө”-гийн Сүхбаатар, сэлэм Тогмид, “Цогт тайж”-ийн Ц.Цэгмид, төвдийн гүнжийн дүр бүтээсэн үзэсгэлэнт Монгол бүсгүй Цогзолмаа, улаан малгайт баатар, “Нүгэл буян”-ы Тоохуар авгайн дүрийг мөнхийн дүр биш гэж хэн хэлэхсэн билээ. Хэн ч тэгж хэлж чадахгүй. Үнэхээр л үзэгчдийн сэтгэлд хүрч ой ухаанд нь хадагдсан мөнхийн дүрүүд мөн юм чинь.

Ингэхлээр Монголын урлаг, уран зохиолын ийм л нэр цууд гарсан алдарт алтан үеийнхнийг маань чухам хэн болгож харагдуулах гээд байгаа хэрэг вэ. Монголын үндэсний ардчилсан хувьсгалын түүхэн их ялалт, социалист бүтээн байгуулалтын гайхамшигт амжилтаас санаа сэдэж бүтээсэн уран бүтээлийг одоочлон дүгнэж ингэж үзэн ядах дүр эсгэж байгаа нь үнэхээр өрөвдөлтэй хэрэг болж байна. Яагаад өнгөрсөн он жилүүдэд биш заавал өнөөдөр ийм хачин санаа сэдэж байгаа нь “Шинэчлэлийн засгийн газар” гэсэн дуулианыг далимдуулах гэсэн хэрэг байж мэднэ. Шинэчлэл хийхийн тулд хуучныг устгадаг жам ёсон бий. Уран сайхны кино гэдэг чинь шинжлэх ухааны лекц, улс төрийн илтгэл, намуудын ухуулах хуудас, уриа лоозон биш гэдгийг эрхбиш ойлгож байх учиртайсан. Юу л гэгч нь болоод байна даа манай монголд. “Амиа аргацаах үзэл газар авахаар хамтран тэмцэх ухамсар унтардаг” гэсэн А.Гитлерийн үг санаанд орж байх чинь юусан билээ. Одоохондоо цөөн тооны киноны тухай ярьж байвч улмаар жүжиг, дуурь, балет, уран зохиол, дуу хөгжим гээд соёл урлагийн бусад салбар руу улангасан дайрч болзошгүй нээ. Ингэхийг эдүгээ цагийн либерал ардчилсан засаг төрийн ноёд түшмэдээс гадна энэхэн завшааныг ашиглан алтан үеийн алдартнуудын бүтээл дундуур улс төрийн шавхайтай гутлаар туучин алдар хүнд олохыг горилогчид хүлээж л байгаа болов уу. Муу эр дайнд хөөрдөг гэсэн үгтэй болохоор хорьдугаар зууны урлаг уран зохиол, дуу хөгжмийн сор дээжийг хог руу хаях хийрхэл гарч ирэх ч юм билүү хэн мэдлээ. Хятадад өнгөрсөн зууны жараад онд гарсан соёлын хувьсгал маягийн улс төрийн хийрхэл урьдчилсан дохио зангаагаа ийнхүү өгч байж ч магадгүй.

Либерал ардчилал Монголд огт таарахгүй байгаа нь энэ мэтчилэнгийн олон баримтаар харагдах боллоо. “Хэрвээ бурхдын улс орон гэж байсан бол тэр ардчилсан төртэй л байхсан. Засаглалын тийм төгс хэлбэр учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм” гэж алдарт соён гэгээрүүлэгч, ардчиллын загалмайлсан эцэг Жан Жак Руссо бичсэн байдаг. Монголын ардчилалд нийт олны бурханлаг хүмүүжил илт дутаад л явахгүй байна. Бас тохиолдлын чанартай олиггүй хүмүүс гарч ирэх боломжтой байдаг учраас Английн нэрт удирдагч Уинстон Черчиль бээр түүнийг муу засаглал гэсэн болов уу. Гэхдээ тэр бол Английн либерал намын даргаар олон жил ажиллахдаа ялж бас ялагдаж ч явсан хүн. Хамгийн сүүлд 81 насандаа Ерөнхий сайдынхаа албанаас чөлөө гуйж ажлаа өгөөд түүнээс хойш арван жил энх тунх амьдарсан байдаг юм. Харин нийгмийн ардчилал бол либерал ардчиллаас огт өөр ертөнц мөн билээ.

Эх: Өдрийн шуудан. Х.Цэвлээ