2012/11/07

Сүхбаатар аймагт шинэ кино театр байгуулагдлаа

Сүхбаатар аймгийн Баруун-Урт хот дах "Сүхбаатар" кино театрыг /Sukhbaatar Cinema / тус аймгаас сонгогдон гарсан УИХ-ын гишүүн М.Зоригт нь аавынхаа дурсгалд зориулж Монгол улсын хүний гавъяат эмч, доктор Я.Мөнхчулууны нэрэмжит болгон "Мөнхчулуун" сангийн хөрөнгө оруулалтаар байгуулсан юм. "Сүхбаатар" кино театр нь техник технологийн хувьд 35 мм-ийн кино хальсны проектр, 7.1 Dolby Digital дугаралттай бөгөөд Монголын кино уран бүтээлчдээ дэмжих үүднээс хамгийн сүүлийн үеийн HD цацалттай проектртой. Ингэснээрээ Монгол улсын хэмжээнд 3 дахь буюу Өргөө, Тэнгис кино театртай адил бөгөөд орон нутагт анхдагч кино театр болж байна.

Кино театрийн өдөр бүрийн тогтвортой үйл ажиллагааны нээлт өнгөрөгч 11-р сарын 06-нд болсон бөгөөд энэхүү үйл ажиллагаанд Монгол улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн М.Зоригт болон орон нутгийн удирдлагууд оролцож тууз хайчилснаар үйл ажиллагаа нь эхлэв. 

"Сүхбаатар" кино театр нь 200 хүний суудалтай 1 танхимтай, өдөрт 6 удаагийн үзвэртэй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд цаашид аймгийн ард иргэдийн амралт, чөлөөт цагийн томоохон цогцолбор хүрээлэн болох төлөвлөгөөтэй ажиллаж байна.  Яг одоогоор тэдний дэлгэцнээ "Би эмэгтэй хүн", "Хоёулаа унтах уу" гэсэн уран бүтээлүүд гарч байгаа гэнэ.