2012/11/02

Оддын дайн Disney-ийнх болж, Микки хулгана Жедай боллоо

Энтертейнмент кино ертөнцийн акул Disney кино компани ээлжит залгилтаа хийлээ. Тэд өмнө нь Pixar, Marvel гээд томоохон кино үйлдвэрлэгчдийг өөрийн эгнээнд нэгтгэж чадсан бол энэ удаад кино урлагт компьютер графикийг оруулж ирсэн арвин түүхтэй Lucasfilm-ийг 4 тэрбум ам.доллараар худалдан авлаа.

Disney-ийн захирал Robert Iger, Lucasfilm-ийн эзэн George Lucas
Ингэснээр алдарт Оддын дайн (Star Wars) тэдний мэдэлд очиж байгаа юм. Lucasfilm кино компанийн эзэн найруулагч, продюсер George Lucas энэ талаар хэлэхдээ:
- Оддын дайныг шинэ үеийнхэнд өгөх цаг болжээ. Би үүнийг эхлүүлж хойч үеийнхэн маань үргэлжүүлнэ гэдэг сайхан санагдаж байна.
гэжээ.

Оддын дайныг өөрийн болгосон Disney-ийнхэн 2015 онд Star Wars-ийн ээлжит анги STAR WARS: EPISODE 7 киног гаргахаар төлөвлөөд байгаа юм. Тэд 2005 онд төгссөн уг киног үргэлжлүүлэх боломжтой гэж үзсэн байна. Харин шинэ ангийн зөвлөхөөр George Lucas ажиллах гэнээ.

Мики хулгана ингээд Жедай боллоо

Сонирхуулахад ноён George Lucas кино компаниа худалдан олсон мөнгөө боловсролын салбарыг хөгжүүлэхэд зарцуулахаар шийдээд байгаа гэнэ.