2012/10/16

Япон киноны өдрүүд эхэллээ (Гарах кинонуудын танилцуулгууд)

Японы ЭСЯ, Япон сангаас Өргөө синема кино театртай хамтран зохион байгуулж байгаа 6 дахь удаагийн "Япон киноны өдрүүд" 2012 оны 10 дугаар сарын 17- 21-ний өдрүүдэд "Өргөө 2" кино театрт зохион явагдах гэж байна. Японы кино өдрүүдээр дараах кинонууд үнэ төлбөргүй монгол  орчуулагатайгаар гарна.



Камиказэ охид
10-р сарын 17-ны Лхагва 19:00
(2004 оны бүтээл, Найруулагч: Накашима Тэтүяа, 102 мин, инээдмийн төрөл)

Ибараки мужийн Шимоцүма хот. "Лолита" хувцаслалтын загварт нүдээ өгөхөөс ч буцахгүй ахлах ангийн сурагч Момоко хувцас худалдан авах мөнгө цуглуулахаар брендийн хуурамч бүтээгдэхүүн зарна. Гэтэл түүний амьдралд үнэлэмж, хэв маяг, загвар төрхөөрөө тэс өөр "Янки" стилийн охин Ичиго орж ирнэ.  Ингээд Момокогийн амьдрал хэрхэн эргэх бол ? Зөрчил тэмцэлээр дүүрэн хоёр охины харилцаа нэг л өдөр өөрчлөгдөж, амьдарлынхаа төлөө цор ганцаараа зүтгэх Момокогоос тэсвэр хатуужлыг олж харсан Ичиго үе үе түүн дээр зочлох болж, улмаар тэдний хооронд нарийн ээдрээт нөхөрлөлийн холбоо үүснэ.


Сонгууль
10-р сарын 18-ны Пүрэв 19:00
(2007 оны бүтээл, Найруулйгч: Сода Казүхиро, 120 мин, баримтат кино)
2005 оны Кавасаки мужийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуулийн бодит түүхийг харуулсан баримтат кино. Өөрийн хотдоо марк, зоосны худалдаа эрхэлдэг Ямаүчи Казүхико гэнэтийн эргэлтээр Либерал Ардчилсан намаас иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвших болдог.  Кавасаки мужид Ардчилсан нам болон Либерал Ардчилсан намын суудлын тоо тэнцүү болоод байлаа. Ялагдвал сөрөг хүчинд суудлаа алдах энэ хариуцлагатай сонгуульд Либерал Ардчилсан нам хотын жирийн иргэн Ямаүчиг нэр дэвшүүлнэ. Түүний сонгуулийн сурталчилгаанд тухайн үеийн Ерөнхий сайд Коизүми Шиничирогоос эхлээд хэд хэдэн том улс төрчдийг оролцуулж, том хэмжээний компанит ажлыг өрнүүлдэг. Нэр дэвшигч Ямаүчи хотын сүм хийд, баяр ёслол, сургууль цэцэрлэгийн спортын тэмцээн, автобусны зогсоолоор явж, хүн бүртэй гар барин ёслож, өөрийн бүх хүч бололцоогоо дайчилж байлаа.


Үхлийн сэлэм: Шувуу баригч
10-р сарын 19-ний Баасан 19:00
(2010 оны бүтээл, Найруулагч: Хираяама Хидэюүки, 114 мин, Самурайн цаг үеийн кино)

Японд түүхэн сэдэвт зохиолоороо нэрд гарсан зохиолч Фүжисава Шёохэйгийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн кино. Гурван жилийн өмнө тодорхой шалтгааны улмаас мужийн захирагчийн амраг бүсгүйг хөнөөсөн Санэмоны ялыг яагаад ч юм хэрэгсэхгүй болгодог. Санэмон энэ явдалын учрийг олох гэсэнгүй жирийн амьдралдаа эргэн орж, өдөр хоногийг өнгөрүүлж байтал нэг өдөр түүний дарга нууц аллагын төлөвлөгөөг хориглохыг үүрэгдэнэ.

Хувь заяагаар даажигнасан Самурайн зовлонт тавилан, уг киноны сүүлийн 15 минутны сэлмэн тулааны хэсэг таны анхаарлыг татах нь дамжиггүй.


8 дахь өдрийн голио
10-р сарын 20-ны Бямба 15:00
(2011 оны бүтээл, Найруулагч: Наришима Изүрү, 147 мин, саспенс төрөл)

Японы Утга зохиолын салбарын хоёр том шагналын нэг болох "Наоки" шагналт зохиолч Какүта Мицүёогийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн кино. Нууц амрагийнхаа охиныг хулгайлсан эмэгтэйн гунигт түүх, гэмт хэргийн золиос болон өсөж, торниж буй охины ээдрээт амьдралыг өгүүлнэ. Гэр бүлтэй эрэгтэйд дурласан Кивако бүсгүй түүний сүүнээсээ ч гараагүй бяцхан охиныг хулгайлана. Хохирогч охин Эрина энэ олон жил төрсөн эхийгээ гэж бодож явсан хүн нь түүнийг хулгайлсан гэмт хэрэгтэн болохыг мэднэ. Гэмт хэрэгтэн 4 жил зугтаж амьдарсны эцэст баригдана...


Өмнөд туйлын тогооч
10-р сарын 21-ний Ням 15:00
(2009 оны бүтээл, 125 мин, инээдмийн төрөл)

Амьд амьтан байтугай нян вирус ч амьдрах боломжгүй Өмнөд мөсөн туйлд 8 залуугийн бүрэлдэхүүнтэй ажиглалтын баг ирнэ. Гол дүрийн баатар Нишимура Ацүшигийн үүрэг бол багийнхандаа өдөр бүр амттай хоол хийж өгөх. Түүнийг гэрт нь эхнэр, 8 настай охин, дөнгөж төрсөн хүү нь хүлээж байгаа. Үе үе гэр бүлийнхэн нь санагдаж, яагаад ч юм нүдийг нь нулимс бүрхэнэ. Гэвч гэр бүлээсээ 14,000 км алсад бүтэн жил хагасын хугацаанд ажиллах томилолт дуусах яагаа ч үгүй байлаа. Гэр бүлээсээ хичнээн хол байсан ч ямар ч үед амттай хоол идэхэд сэтгэл нь өөдрөг болно.
Тэдгээр залуусыг Японы амьдралаас тэс өөр төсөөлж ч байгаагүй хүнд бэрх мөсөн туйлын амьдрал тосч авна. Хүнд хэцүү байгалийн шалгарал дор өнгөрөх өдөр хоногуудад багийнханы хооронд бат бэх андын холбоо үүснэ.