2012/10/03

Нэгэн нарны дор сэтгэлийн дэм өгцгөөе

"Мөрөөдлийн хөлөг онгоц" телевизийн олон ангит уран сайхны кинонд бүтээсэн эсрэг тэсрэг характертай ихэр ах дүүс Гантулга, Гарьд нарын дүрүүдээрээ үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин, найруулагч Жанчивдоржийн Жамъянсүрэнг манай уншигчид "Нэгэн нарны доор", "С*ксийн эрх чөлөө", "Бооцоо", "Далан худалч" зэрэг олон арван тайз, дэлгэцийн уран бүтээлүүдээр нь андахгүй мэдэх билээ.

Харамсалтай нь авъяаслаг залуу найруулагч, жүжигчин маань 2009 оноос хойш бөөрний дутагдалд орж, өнөөдрийг хүртэл хүндээр өвчлөөд байгаа юм. Түүнд бөөр шилжүүлэн суулгахгүй бол амь насанд нь аюултай гэдэг мэргэжлийн эмч нарын дүгнэлт гараад байна.

Тиймээс Монголын хошин урлагийг нэгэн уул хэмээвээс ноён оргил нь болох гавъяат жүжигчин Л.Жанчивдорж агсаны ууган хүү Ж.Жамъянсүрэнгийн эмчилгээнд зориулан урлагийн анд нөхөд, ах дүүс нь "Нэгэн нарны доор" хэмээх хандивын тоглолт зохион байгуулж байна. 10-р сарын 06-ны өдөр "UB palace"-ийн концертын их танхимд 19 цагаас ганцхан удаа тоглогдох уг тоглолтонд АЖ А.Долгор, МУГЖ С.Батсүх нарын нийтийн дуучдаас гадна "Дижитал", "Extacy" тэргүүтэй рок попын хамтлаг дуучид болон "ТВ коктейль", "Маск" зэрэг хошин урлагийн продакшинууд оролцох аж.

Уншигч авхай та ч бас хийж бүтээх ид насан дээрээ яваа авъяаслаг жүжигчин Ж.Жамъянсүрэнгийн эмчилгээний зардалд хандив өргөж, сэтгэлийн дэм үзүүлэхийг хүсвэл үүрэн телефоны аль ч операторын хэрэглэгч байсан 150 100 дугаарт мессеж илгээн, хүндэлдэг жүжигчиндээ хэлэх сэтгэлийн үгээ дайж болох юм.

Нэгэн найрагч эмэгтэйн хэлсэн шиг түүний их "юм" уншдаг, боддог харц цаанаа л нэг өөр. Тийм бодол болсон мэт урсгал зөөлөн ухаалаг харц, сэтгэл татам сайхан инээмсэглэлтэй цэл залуухан жүжигчинд хийж бүтээсэн зүйл их ч хийж бүтээх зүйл бүр их биз ээ.

...Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном...

Хандивын данс "ХААН" банк - 5027613885
Мессежний данс - 150 100