2012/09/18

Би насан туршаа жинхэнэ урлагийн бүтээл хийхийг зорьж явсан

Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн, кино найруулагч Г.Жигжидсүрэнтэй хийсэн ярилцлага
-Кино урлагийн тухай таны хэлэх үг?

-Кино урлагийн тухай ярихад дэлхийн жишгээр асар том арилжааны кино ертөнц, урлагийн бүтээл гэсэн хоёр чиглэлээр хөгжиж байна. Дэлхийн кино наадмуудын тухай дурьдахад энэ наадмууд киноог урлагийн талаас нь нээж үнэлдэг. Хэдэн доллар зарж тэдийг оллоо гэх талаас нь эсвэл урлагийн бүтээл гэдэг хоёр үнэлэмжээр хоёр талд үнэлэгдэж нэг бол бүр энэ хоёр зэрэгцэн оршсон сайн бүтээл байж болно.

Өнөөгийн нөхцөлд монгол киног кино урлаг гэсэн нарийн шүүлтүүрээр шүүвэл урлагийн бүтээл гарч байна гэж хэлэхэд төвөгтэй, монголд кино урлаг хөгжиж байна гэж хэлэхэд бүр ч хэцүү юмдаа. Ямарч урлагийн бүтээл хүний сэтгэл зүрх оюун санаа ухааралд шингэж нөлөөлдөг тийм уран бүтээл л жинхэнэ урлаг, сайн кино болдог. Монголд уг нь найруулагч зохиолч оператор байна "хонгилын үзүүр дэх гэрэл" гэдэг шиг итгэл төрүүлсэн залуус ч байна. "Адам"-ын уран бүтээлчид гэх мэт. Урлагийн бүтээл гарах найдвар ч байна. Урлагийн бүтээл ч арилжааны кино ч байсан киноны судлаач шүүмжлэгч алга байна. Мэргэжлийн шүүмж судлал биш үзэгчдийн санал маягийн зүйл л гардаг болсон киноны урлагийн түвшинд харьцуулсан судлаж шүүмжилсэн мэргэжлийн судлаач хэрэгтэй байна. Социализмын үед бол бас урлаг талаасаа гэхээсээ илүү тухайн үеийн уран бүтээл үзэл суртал үйл ажиллагааны үнэлэмж талаасаа явдаг байсан, орчин үед арилжааны хэрэгсэл талаасаа харж байна.

-Насаараа кино урлагтай амьдралаа холбон кинонд зүтгэсэн уран бүтээлч хүний хувьд насны бүтээлээ хийсэн үү урлаг болсон кино хийх хүсэл мөрөөдөл байна уу?

 -Хүсч явсан зүйлээ хийсэн гэдэгт эргэлзэж байна. Монголын түүх соёл, тусгаар тогтнол, аюулгүй байдал, түүхт хүмүүсийн амьдралын тухай кино хийхийг хүсдэг сайн ноён хан Намнансүрэнгээр кино хийсэн. "Их хааны удам" "Эрээн луутай туган дор" "Алтан соёмбот туган дор" гэсэн цуврал, Хатан баатар, Амарсанаа ван, хотгойдын шадар ван Чингүнжав,чин ван Ханддорж нарын амьдралаар түүхэн кино хийхийг хүсч байлаа.

Социализмын үед хийх үзүүлэх гэснээ хийж үзүүлж чаддаггүй хэцүү байлаа. Одоо бол мөнгө санхүүгийн гачлан байна. Энэ бүхэн санасан бодсоноор биелэхэд хэцүү юм даа. Урт тууж романыг бодвол кино зохиол өгүүлэмж дүрслэл сайтай нүдэнд харагдахаар байдаг. Кино зохиолын онолын багш Алексей Каплерийнхаа нөлөөгөөр би кино зохиолыг гайгүй биччихнэ. Гүр хаан Жамухаар кино хийхийг хүсч зохиол бичсэн ч бүтээлээ уншихад зориулсан тууж болгосон. Чингис хаан шиг агуу түүхэн дүрээр кино хийхийг хүсдэгч тийм том юм барьж авах зүрх зориг хүрэхгүй байна. Дэлхийг хурааж эрхшээсэн эзэнт их гүрний агуу их хааныг, түүхэн цаг үеийг хүмүүст ийм байсан гэж үзүүлэх тийм амар зүйл бишээ.

-Хүннү гүрний түүхэн их ойн тухай та юу хэлэх вэ?

-Хүннүгийн түүх судалгаагаар Я.Ганбаатар томоохон бүтээлүүд гаргасан. Түүхэн эх сурвалж эрж хайх судлах талаар академич Ч.Далай гуайн дараа орохоор судлаач шүү. "Тэнгэрийн ташуур Атилла" "Модун шаньюу хаан" ны тухай түүхэн зохиолууд бичсэн.

Хүннүгийн түүхээр бид баримтат уран сайхны кино хийж байна. "Газар нутаг улсын үндэс" гэсэн түүхэн сурвалжийг үндэслэн хийхийг хүссэн юм. Гол зүйлсийг нь уран сайханжуулна. Сүүлийн хорин жилд хүннү гүрний судлал их хөгжлөө, Монголч эрдэмтэдийн их хуралд ч, судлаачдад ч их ач холбогдол өгч байна.
Хүннү нарын гал голомтыг сахиж буй улс бол бид монголчууд гэдгийг ч гаргахыг хүсч байна. Хүннүгийн үеийн дурсгал өвөр монгол, буриадын нутгаас олддогч ихэвчлэн жирийн хүмүүсийн булш байдаг харин монголын нутгаас дан хүннүгийн дээд язгууртнуудын дурсгал олддог. Төв азийн цээжинд анх удаа төрт улсыг байгуулсан торгоны зам, үндэстэн дамнасан худалдаа бий болгосон гээд олон зүйл энэ төв азийн өндөрлөгөөс эхэлжээ.

-Амьдрал гэж юу юм бол...?

-Хүн идэхийн тулд амьдардаг уу амьдрахын тулд иддэг үү гэдэг шиг миний бодлоор хүн ахуй материаллаг, аж төрөл амь зуулга гэхээсээ илүү бүтээх үлдээхийн төлөө амьдралын сайн сайхны төлөө амьдардаг, ахуй нөхцөл хэрэгтэй ч тэр хүний амьдралын утга учир мөн чанар биш юмаа. Ард түмний төр засагт итгэх итгэл алдарч хүмүүсийг нийгмийг үзэх амьдралыг үзэх үзэл бараан байна. Энэ үед хүн сэтгэл зүрх аз жаргалын төлөө гэхээсээ илүү ахуй амьдрал аж төрөлд нухлагдан хүний заяамал чанараа алдаж юуны төлөө амьдарч байна вэ гэдгийг хэлэхэд хэцүү эргэлзээтэй болгож байна.

Газрын хэвлийгээ ухан иргэддээ мөнгө тараах зөв сайхан бодлого мөн үү?  Хүний Хөгжлийн Сан сүүлийн хоёр жил 872 тэр бум төгрөг тараасан байна. Энэ нэг талаар хүмүүсийн өнөөдрийн асуудлыг шийдэх амь зуулгад хэрэгтэй ч бүтээх босгох хөгжих дэвших зүйлд зарцуулсан бол их л хөрөнгө, зохистойгоор эргэлтэнд орвол их баялаг. Гэтэл байгалийн нөхөгдөхгүй баялагаа аваад эдийн засгийн өсөх үржих эргэлтэнд оруулалгүй хэрэглээнд зарцуулж цацах нь салхинд хийсгэх мэт. Наад зах нь байгалын хам бүрдэл зүй тогтол алдагдах хамгийн ноцтой хүндрэлтэй асуудал юм даа. Хойд Солонгосын ерөнхийлөгч Ким Ир Сен хуучин СЭЗХНОрнуудын хэрэгцээнд уул уурхайн баялагаа ашиглуулан хамтарсан үйлдвэр байгуулах Солонгосыг хөгжүүлэх саналыг эсэргүүцэн би ирээдүй хойчдоо ухсан нүх үлдээх хүсэлгүй гэж хэлж асуудлыг шийдэж байжээ.

-Хүн болж төрсөний хувьд хамгийн чухал зүйл юу вэ?

-Амьдралын утга учиртай байх хүн болж төлөвших, хүнээрээ байх нь хамгийн чухал юм даа хойч үеэ хүн болгож үлдээхэд их утга учир байна.

-Таны итгэл найдвар,  урам зоригийг бадраадаг зүйл юу вэ ?

 -Надад оргилуун бадрангуй бүтээлч сайхан үе байсан,  гэхдээ одоо нэг л хүйтэн хөндий хүнээ л харж байж ханддаг болж. Ер нь "Дуракууд ертөнцийг авч явдаг" гэж нэг сонин сайхан үг байдаг.

-Яруу сайхан аз жаргалын талаар ?

-Амьдралыг тусгаж харвал гэрэл гэгээтэй талаас нь харж байхгүй бол хүний амьдрал хэцүү, оюунд гэгээ өгдөг зүйлс урлагийн бүтээл л хүн төрөлхтөнийг сайн сайхан гэрэл гэгээнд даллан дууддаг даа. Олзуурхууштай сайхан зүйл бол яруу сайхан яруу сайхныг мэдрэх гэж нэг юм байна. Энэ бол урлагийн бүтээлийн гол амин сүнс нь энэ бүхнийг мэдэрч өөрчилж мэдэрч өөрчлөгдвөл тэгж яруу сайхныг илэрхийлэл өгүүлэмж өгөгдвөл урлагийн бүтээл болдог. Урлаг хүний сэтгэлийг догдлуулж хөдөлгөн хөглөж бүх сэтгэлийн ертөнцийг хөгжил хөдөлгөөнд оруулсан байх ёстой. Дан сайн сайхнаар хүний сэтгэлийг догдлуулна гэдэг худлаа муухайгийн туйлаар ертөнцийн гэгээн гэрлийг харьцуулан мэдрүүлж болно. Ертөнцөд сонгодог идеал алга байна. Дан дагуулагч биш эсрэг талаас нь юм юмыг харуулах хэрэгтэй. Үнэн туйлын үнэн гэж байхгүй түүнийг үнэн болгох гэж үздэгт хамгийн үнэт чанар нь байна. Явуу бидэнд нэг ийм шүлэг уншиж байсан
Үхэх төрөх хоёр үнэн
Үйлийн үргүй үнэн гэж үү
Үүнээс өөр үнэн зүйл
Үйлийн хорвоод үгүй гэж үү гэж бичиж байсан юмаа

-Мөнгөний тухай та юу хэлэх вэ ?

- Мөнгө бол юу ч биш . Зоосны нүхээр хүний хорвоог амьдралыг харвал хүн биш болно. Мөнгөнд гэхдээ тэгж хандвал амьдрахад хэцүү болно

-Хүний хөгжил хүчин зүйлийн тухай ?

-Хүнийг хүн болгох хүний хөгжлийн тулгуур үндэс нь орчин юм. Ямар орчинд төрж өснө түүнээсээ хамаарч хүн болдог юм байна. Зөв сайхан орчин зөв сайн сайхан хүнийг төлөвшүүлдэг.

 -Хүмүүст хандаж хэлэх таны үг ?

-Хүний итгэлийг дааж явах хамгийн чухал итгэл алдвал бүх юм дуусна. Сэтгэлийн ертөнцийнхөө гал дөлийг бүү алд тэгвэл амьд үхдэл болно. Хүнийг амьдруулж авч яваа юм бол дотоод мэдрэмж зөн билиг, дотоод сэтгэлд тулгуурласан гэгээн мэдрэмж сэтгэл бол хамгийн агуу зүйл.


Геологи уул уурхайн мэдээ