2012/08/31

Дурсамж нийтлэл: Ховорхон хүн

Би 1945 онд бага сургуулиа дүүргээд аймгийн төвийн дунд сургуульд шилжин суралцсан жилээ кино гээчийг анх үзсэн нь "Цогт тайж" байж. Тэр киноны цэцгэн дунд дуу аялж суугаа Улаан малгайт, цэцэрлэгч өвгөн хоёрын дүр санаанд их тод үлдсэн юмдаг. Дараахан нь "Анхдугаар хичээл" нэртэй кино үзэж суухад хэн нэгний "Гонгор баатрын энэ холбоочин-байлдагч чинь нөгөө "Цогт тайж" кинонд Улаан малгайттай дуулж суусан цэцэрлэгч өвгөн шүү дээ" гэхийг сонсоод "Ийм залуухан гэж үү" гэж бодсоор киног дуусгаж билээ.

Сургуульд байхдаа "Халх гол", "Интернационал", "Монгол морь", "Чойбалсан" гэсэн цөөн дуу дуулдаг байсан бол дунд сургуулиа төгсөн, багш болохдоо "Ган төмөр", "Аргагүй амраг", "Янжуур тамхи" зэрэг дуу мэддэг болж,

Зуны найртай өглөө
Зуслан дэнжийн зүлгэн дээр
Ус авахаар очиход минь
Уулзаж сууснаа санана уу
Эхний яриа яасан бэ

Үүрд намайгаа мартаа юу гэж хэн хүнгүй дуулдаг байснаас аяндаа сэтгэлд хоногшиж, мэддэг, дуулдаг болсон байв. Нас нэмж, төрсөн бууриа саа холдох тусам "Эр хүний замын хүзүү урт" гэдгийн учир тайлагдах мэт 1962 онд дээд сургууль төгсөөд "Монголкино" үйлдвэрийн анхны ерөнхий инженерээр томилогдлоо. Тухайн үеийн жишгээр үйлдвэрийн голлох хүмүүстэй уулзаж суухад хөнгөн шингэн хөдөлгөөнтэй, шаггүй сэргэлэн, туранхай өвгөнийг "Манай Щукарь" гэж надтай танилцуулж билээ. Тэгэхэд тэр өвгөн ерөнхий инженерээр ирсэн надад талархаад, өнгөрсөн жил Ц.Дамдинсүрэнгийн "Гологдсон хүүхэн" зохиолоор анхны киногоо хийсэн, одоо Д.Намдагийн зохиолоор "Нүгэл буян" нэртэй кино хийхээр болсноо их л дотно ярьж билээ.

-Таныг сая надтай уулзуулахдаа манай Щукарь гээд байсан. Таны нэр юм уу? гэвэл,

-М.Шолоховын "Сэтгэлийг шинэтгэсэн нь" жүжгийн Щукарь өвгөнд тоглосноос хойш тэгж нэрлэдэг болсон юм. ЧимэдОсор гэсэн урт нэр дуудахаас Щукарь гэсэн нь амар байгаа биз дээ гэх ухааны юм хэлээд "Өмнө нь "Анхдугаар хичээл", "Сүрэг чоно", "Цогт тайж", "Морьтой ч болоосой" зэрэг цөөн кинонд тоглосноос биш сургууль номд явж чадаагүй, олны хүчинд өдий зэрэгтэй явна даа, хүү минь" гэж билээ. 1962-1964 онд "Монгол кино" үйлдвэрийн цалин хөлс мэргэжлийн зэрэгт шилжиж, уран сайхны болон орчуулгын кино хийх, кино дуусгалын тайлан гаргаж, олон улсын жишигт нийцүүлсэн дуу, дүрсний эх хийгээд лаванд хувь, угсралтын хуудас зэргийг гаргаж, тэрхүү материалыг архивт шилжүүлдэг шинэ журам, дүрэмтэй болж нийт цех, тасгууд батлагд сан тех нологийг эхлэн хэрэг жүүлэх болсон нь Д.ЧимэдОсор ("Ийм байжээ"), Р.Дорж палам ("Энэ хүүхнүүд үү"), Б.Жамсран ("Нийслэл хүү") нарын бүтээлд таарч шинэ журмыг удирдан хийлгэсэн надтай Д.Чимэд-Осор гуай ч бусдын адил нягт ажиллах болсон юм. Анх надтай уулзахдаа "Щукарь" гэдэг нэрийг хэлэхэд амрыг бодож тэгээ биз гэсэн нь худлаа болоход,

-Аа золиг би л тэгж боддог юм. Тэгсэн хэрэг үү гээд жуумалзсан нь олон зүйлийн тайлал байлаа. Бид хоёрын хамгийн ойр, ажил хэрэгч холбоо "Ийм байжээ" киноноос эхэлсэн юм. Тэр үед уран сайхны киноны найруулагчаар мэргэжлийн дээд сургууль төгссөн Р.Доржпалам, дамжаа дүүргэсэн Д.Жигжид, Б.Жамсран, ерөөс сургуульгүй Д.Чимэд-Осор нар л ажиллаж байв. Дээрх шинэ журмыг хэрэгжүүлэхэд удирдан хийлгэсэн ерөнхий инженертэй нягт холбоотой ажиллаж, санаа бодлоо чөлөөтэй солилцох үүрэг холбогдох хүмүүст өгөгдсөн байснаас ямар нэгэн саад гараагүй юм. "Ийм байжээ" киноны зохиолыг Д.Намдаг бичиж Д.Чимэд-Осор гуай найруулсан нь ёстой нүдээ олсон хэрэг байлаа. Киног Соёлын яамны Уран сайхны зөвлөлд батлуулахаар 1963 оны зургаадугаар сарын 1-нд үзүүлэхэд "Кино гаргах гэсэн санаагаа илэрхийлж чаджээ. Харин нийтэд үзүүлэхийн өмнө төгсгөлийг өөрчилж, хөгжмийг нь шинээр хийх, Найдангийн аавын дүрийг шинээр оруулж, шашны хор нөлөөг үзүүлэх, Ловон ламын дүрийг улам тодотгон, түүний шившигт явдал илэрч байгаа үе дэх хоёр залуугийн хөдөлгөөнийг сайн үзүүлэн, киноны нэрийг "Нүгэл буян" гэдгээр нь тогтоож, "Монголкино" үйлдвэрийн Уран сайхны зөвлөлөөс өгсөн засвартай хамтатган хийх" зэрэг засвар өгсөн билээ.

Энэ нь тухайн үедээ хамгийн бага засвартай кино болсон бөгөөд яах аргагүй Д.Чимэд-Осор гуайн уран чадварын үнэлэлт байв. ШИГТГЭЭ "Нүгэл буян" киноны зураг авах ажил дуу саж, барьсан тайзаа буулгаснаас хойно Хүрээ Нямзав Тоо хуарынд ирдэг хэсэгт Тоо хуарт мөнгөн зоос тоолон өгч байгаа зураг нэмж авах болсон ч Ц.Цэгмид гуай эмнэлэгт хэвтсэнээс тэр зургаа авч чадахгүй хүлээж байсан юм. Нэг өдөр Д.Чимэд-Осор гуай сандруу гэгч нь орж ирээд "Цэгмид утсаар ярилаа. Эмч нь үдээс өмнө түргэн яваад зургаа авахуулахыг зөвшөөрч гэнэ. Та машин гаргаж өгөөч. Манай групп өнөөдөр машингүй байгаа" гэлээ. Д.Чимэд-Осор гуайтай цугтаа гарлаа. Энэ нөхөөс зургаа гаднах хашааны орох хаалганы хажуу дахь жижүүрийн жижиг шар байшингийн гадна талын нэг ханыг өмнө нь зураг авсан Тоо хуарын өрөөний ханатай ижил маягтай болгож зураг авахаар ширээ сандал зөөж бас цонхонд нь чимэг хийх зэрэг ажилтай сандруу байгааг нь анзааран "Та үүнийгээ бэлтгэж бай. Би Цэгмид гуайг аваад ирье" гэвэл дуртай нь аргагүй зөвшөөрч "Үзэж тарна аа" гэж билээ. Ц.Цэгмид гуайг ирэхэд хувцсыг дор нь со лиод нүүрийг нь будуулмагцаа шууд зургаа авч эхэллээ. Тоо хуар гараа тосчихсон хэрнээ сайхан инээмсэглэж, Хүрээ Нямзавын өгсөн мөнгийг авч байна аа.

Гэтэл Чимэд-Осор гуай "Та бөөнөөр нь өгчихөв үү" гэвэл Ц.Цэгмид нэг сүрхий харснаа тойрч жаахан яваад эргэж ирэн гүүтээ шууд Тоо хуарын тоссон алган дээр зоосон мөнгөө нэг нэгээр нь цувуулан дарс хийн өгч байснаа хамгийн сүүлчийн зоосыг болих нь үү гэмээр болсноо нэмж өгөөд тоссон гарыг нь хоёр гараараа хумин атгалаа. Үүнийг харсан Чимэд-Осор гуай зураг дууссанаа хэлээд над руу харахад нь "За, зураг дууссан бол энэ машинаар жүжигчнээ хүргээд өгчих. Авсан зургийг чинь яаралтай угаах үүргийг лабораторид өгье" гээд санаанд нь нийцсэн бололтой сайхан инээмсэглэж байсан нь сэтгэлд тод үлджээ. Түүнээс хойш удалгүй Ц.Цэгмид гуай өвчний учир таалал төгссөнийг бодоход хоёр хөгшний хамгийн сүүлчийн уран бүтээлийн уулзалт байсан болов уу. ...

1962 оны намар Д.Чимэд-Осор гуай 50 насныхаа ойг нэн даруухан тэмдэглэсэн бөгөөд ойр дотнын хүмүүсээ цөөн хэдээр гэртээ урин тухтай сайхан цайлж, үүх түүхээ ярилцан суух нь юм үзэж, хашир суусан, алсын хараатай, хийж бүтээхийн төлөө заяасан, олонд нэртэй, урлагт тэргүүлэх нэгэн болох нь яахан мартагдах билээ. Тэгэхэд тэднийх өнөөгийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Рашааны 16 дугаар гудамж (тэр үед гудамжны дугаар нь 15 байсан)-нд манайтай ойрхон хэдэн хашааны цаана суудаг байсан. Бид хоёр өглөө, орой ажилд явах замдаа юу эсийг ярив даа. Анхлан Д.Чимэд-Осор гуайтай ах захын ялгаа их байснаас би тэр болгоныг ярьж чадахгүй бэргээд байдаг байлаа. Үүнийг мэдсэн юм шиг, -Аав, ижий чинь энд үү, эсвэл нутагтаа юу гэхэд нь -Аль аль нь нас барсан. Аав намайг цэрэгт байхад 1955 онд, ижий намайг ЗХУ-д суралцаж байхад 1957 онд өнгөрсөн, хэнтэй нь ч уулзаж чадаагүй гэвэл

-Хөөрхий дөө гээд хэсэг чимээгүй байснаа, -Үхэл гэдэг хэцүү, тэр тусмаа харж байгаад үхүү лэх тун хэцүү. Ах нь 1936 онд цэргээс халагдах жилээ Батаа гэдэг бүсгүйтэй дэр нийлж, амьдрал ид тэгшрэн, бас үр заяан гэдсэндээ тээж явахдаа 1941 оны хавар намайгаа үүрд орхин хорвоогоос хальж билээ. Түүнээс хойш хэдэн жилийн дараа дахин ханьтай болж хөөрхөн охинтой, эцэг хүний жаргал эдэлж эхэлтэл хань минь савны хүнд өвчнөөр 1950 оны сүүлчээр өнгөрдөг байна. Ингээд газар, тэнгэр нийлэх шиг болж, гансрал гутралаа түр ч болов мартах гэж аргаа барахдаа архи ууж, ажил төрлөө мартан завхарч явахад ээж минь "Миний хүү нутгаа нэг бараадвал яасан юм" гэж билээ. Ижий минь маршал Чойбалсангийн нас бардаг жилийн Цагаан сарын үеэр бурхан болж, би ч бас нутаг зүглэж, ээжийнхээ хэлс нийг дагахаар сэтгэл шулуудсан юм. Ер нь ой рынхоо хүний нүд анихыг харна гэдэг мөн хэцүү дээ! Өөрөө ээж, аавтайгаа уулзаж чадаагүй өнгөрүүлсэндээ их л харамсаж бай гаа. Хэн хүнгүй л дэргэд байж толгойг нь түшиж чадсанг үй гэж өөртөө гоморхож бодно доо. Уг нь харахаас хараагүй байсан бол амьд сэрүүнээрээ сэтгэлд мөнхрөх байж дээ гэж бодогддог юм.

Тэгээд 1953 онд нутгаа явж, өсөж төрсөн нутаг ус, тоглож байсан газар, үерхэж явсан нөхөд, айл саахалт, хамаатан саднаа хараад гутрал гунихралаа мартаж явахдаа одоогийн ханьтайгаа учирсан юм. Энэ маань надаас 20 насаар дүү, хүүхдээрээ амьтан гээд над руу харах нь "Энэ хүү ч бас нялхаараа юм" гэж хэлэх шиг бодогдож билээ. Үүнээс хойш миний бэргэлт үгүй болж олон жилийг өнгөрөөжээ. 1964 оны дөрөвдүгээр сараас Л.Түдэвийн "Жинс алдахын өмнө" зохиолоор уран сайхны бүрэн хэмжээний кино хийхээр найруулагч Д.Чимэд-Осор зургийн хэсгээ бүрдүүлэн, тухайн үедээ ховорхон байсан инээдмийн кинонд хүчээ сорих болсон нь түүний санаанд бүрэн багтаж байсных юм. Киноны бэлтгэл ажил эхлэн төсөв, төлөвлөгөө зохиож байх үедээ Д.Чимэд-Осор гуай жаазтай зураг барьсаар нэг залуутай орж ирлээ. Дагуулж яваа залуугаа өөрийн киноны зураач Үржнээ гэж танилцуулаад "Манай кино нэг тайж, хоёр зарцтайг та мэдэж байгаа шүү дээ. Гэтэл төсөв зохиогч заавал ийм өндөр зарц, тийм том бүдүүн тайж байхдаа яадаг юм гээд хувцсанд орох материалыг жирийн орцоор бодоод байх юм" гээд барьж ирсэн зургаа үзүүллээ. "Энэ чинь жүжигчин Жамъянжав уу" гэвэл Үржнээ "Яаж байна. Би Жамъянжавыг зураагүй. Долдойг иймэрхүү төрхтэй байх юм л гэж төсөөлсөн" гэхэд Чимэд-Осор гуай хачин баясаж "Долдойд Дуурь бүжгийн театрын жүжигчин Д.Жамъянжавыг л тоглуулна гэж дотроо бодоод байгаа юм. Үржнээтэйгээ энэ талаар ярилцаагүй байгаа. Одоо л ямар дүрд хэнийг тоглуулахаа сонгож батлуулна даа" гэлээ. Ийм яриа болж байх үед төсөв зохиогч ирээд бидний яриаг сонсож байв.

Тэгээд би түүнд хандан "Энэ хүмүүс "Жинс алдахын өмнө" бүтээлээ өөрсдөдөө биш, бид хоёроос эхлээд үзэгч түмэн олонд зориулан бүтээх гэж байгааг мэдсэнээс хойш хэдхэн метр материал хэмнэх гээд яах вэ. Эдний зурсан хэмжээгээр төсвийг өгье. Үүний баталгаа болгож Долдойн зургийг надад үлдээгээрэй" гэснээр бидний яриа дууссан юм. Я.Үржнээгийн төсөөлж хийсэн Долдойн зураг миний өрөөний хананд кино дуустал өлгөөстэй байж билээ. Энэ кино дэлгэцэд "Зэрэг нэмэхийн өмнө" нэртэй гарах болж "Монголкино" үйлдвэрийн Уран сайхны зөвлөлөөр 1965 оны хоёрдугаар сарын 25-нд батлагдсан ч, Соёлын яам болон үзэл суртлын байгууллагаас хянахдаа "ур дүй муутай, ангийн тэмцэлгүй болж" хэмээн элдэв янзын засвар хийх чиглэл өгч байв. Тухайлбал: а. Эхний үдэлтийн хэсэгт энэ ноёны өөдгүй мууг нь тодотгож өгөх, хэрвээ зэрэг хэргэм нэмбэл гаарах амьтан. Иймээс зэрэг нэмүүлэхгүй байх талаар аргалахыг угийн овжин Боролдойд нутгийн олон нь захиж, үүгээр Долдойг олонтой нь холбох, б. Боролдой, Долдой хоёр хамтдаа чадагдахгүй байх, ноёндоо үнэнч Долдойг Боролдойн нөлөөгөөр өөрчлөх, хуурч авсан морийг эзэнд эргүүлж өгөх арга олох, г.

Киноны төгсгөлд ноёны малгайг нохойд зориуд өмсгөх Ийм засварыг хийхэд хялбар байгаагүй. Анхнаасаа харгис хатуу, хамжлага ардаа дарладаг ноёны тухай биш Богдын хүрээ орж нутаг орон, хамжлага олноо даатгаж мандал өргөхөөр яваа ноён, зарц нарын хооронд аян замын уртад тохиолдож байсан хөгтэй явдлыг үлгэрт гардаг хэлбэрээр нь нэрт эрдэмтэн, зохиолч Л.Түдэв хүүхдэд зориулан инээдмийн зохиол бичсэнийг Д.Чимэд-Осор гуай аятайхан кино болгосныг тухайн үед "Монголкино" үйлдвэрийн Уран сайхны зөвл өлийн гишүүн байсны хувьд гэрчлэх юм. Засвар хийлгээд киногоо дахин үзэхдээ "Ерөө- сөө зүгээр зөнгөөрөө байгаа ноёныг хоёр зарц нь зориуд өдөөд байгаа юм шиг харагдаад бай- на. Хуучнаасаа бараг дордож" гэж хэлэх хүн ч байв. Ер нь киног дууссаны дараа түүний агуулгыг өөрчлөх засвар өөдтэй болдоггүйг энэ кино тод харуулсан ч, угаасаа сайн хийсэн кино хэрийн юманд дарагддаггүй ажээ.

1965 оны есдүгээр сарын 16-нд Соёлын яамны Уран сайхны зөвлөлийн 25 дугаар тогтоолоор "Зэрэг нэмэхийн өмнө" гэдэг кинонд Төв Хорооны Үзэл суртлын хэлтэс, Соёлын яам, Яамны Уран сайхны зөвлөлөөс удаа дараа өгсөн засварыг үндсэнд нь хийсэн гэж үзээд дэлгэцээр гаргахыг зөвшөөрсөн ч, уран бүтээлчдэд олгох шагналыг нь өгөөгүй юм. Д.Чимэд-Осор гуай тэр үеэс эхлэн 1987 он хүртэлх хугацаанд гадаадын 70 шахам уран сайхны киноны 80 шахам дүрд дуу оруулсны дотор "Торгон цэргийн дууль" киноны Кутузов, "Берлиний уналт"-ын Гитлер, Калинин, "Цэргийн эцэг" киноны Георгий Ма харашвилийн дү рүүд багтдаг билээ. 1950 онд "Берлиний уналт" киноны I ангийн дууг оруулсны дараа найруулагч Б.Гомбо "Сталинд Ц.Цэгмид, Гитлерт Д.Чимэд-Осор дуу оруулсан бөгөөд тоглолтын хувьд Сталиныхаас Гитлерийн дуу оруулах тоглолт илүү хүнд байсан ч уран бүтээлийн шагналд нэг нэг мянган төгрөг олгохоор санал болгоход Ц.Цэгмидэд 1500 төг, Д.Чимэд-Осорт (Гитлерээс Сталины дуу оруулалтын шагнал өндөр байх ёстой гэж үзжээ. С.Б) 1000 төгрөг олго гэж дээрээс шийдэж билээ" гэж ярьсан нь яахын аргагүй үнэн байсныг миний бие "Монголкино" үйлдвэр үүсэж хөгжсөн түүх" номоо (УБ.2009) бичиж байхдаа Үндэсний түүхийн төв архивын 13 дугаар хөмрөг, данс 1, хадгаламж 269-д байсныг харж билээ.

Тэрбээр орчуулгын киноны дуу оруулж байс наас гадна "Альпийн дуулал", "Чапаев", "Санч рын төгсгөл", "Илд бамбай" киноны III анги зэрэг 15 уран сайхны киноны орчуулгын най руулагчаар ажилласан юм. Эдгээрээс "Альпийн дуулал" киног хөрвүүлэхэд хамгийн бэрхшээлтэй, хэцүү байсан гэж өөрөө ярьдаг байв. "Цогт тайж" киноноос хойш "Би дэнд юу саад болж байна" (1956), "Гурван найз" (1958), "Морьтой ч болоосой" (1959), "Ардын элч", "Салхины амт" (1960), "Үүрээр" (1961), "Төөрсөөр төрөлдөө" (1966), "Өглөө" (1968), "Өндөр ээж", "Талын цуурай" (1970), "Тунгалаг Тамир" (1970), "Эх бүрдийн домог" (1975), "Давааны цаана даваа" (1977), "Хүний сайхан сэтгэл" (1980), "Сахиул уу, Сахиус уу" (1983), "Мандах нарны туяа" (1987) зэрэг 40 орчим киноны 50 шахам гол ба туслах дүрүүдийг бүтээсэн. Д.Чимэд-Осор гуай дүрийг том, жижиг гэж голж шилдэггүй, ямар ч дүрийг амилуулж чаддаг, тэр дундаа жижиг дүрийн мастер байсныг түүний тоглосон олон киноноос харж болно. Тиймээс ч түүнийг мэддэг олон найруулагч өөрийн киноны туслах дүрд сонгосон хэрэг юм. Д.Чимэд-Осорын тоглосон жүжиг, киноны олон дүрийг тал бүрээс нь нухацтай үзэхэд Монголын театр, киноны жүжигчдийн дотроос Ц.Цэгмид гуайн өмнө нь гардаггүй юмаа гэхэд дандаа ард нь яваад байх жүжигчин биш, эн зэрэгцэхүйц жүжигчний нэг байсан гэхэд хэтрүүлэг болохгүй. Тэрбээр ямар нэгэн сургууль, эрдмийн мөр хөөж суралцаж үзээгүй ч угийн гярхай, ажигч, харсан үзсэнээ зүгээр орхидоггүй заавал учир, шалтгааныг ухан ойлгох гэж мэрийж, мэдсэнээ ажил болгож ахуй амьдралдаа хэрэглээд зогсохгүй, бас бусдад зааж сургах гэж явдаг нь түүний төрмөл зан, хүн болгонд заяагаад байхгүй чанар иймээс түүнийг "ховорхон хүн" гэж хэлэхээс өөр үг надад олддоггүй юм

С.БАТЧУЛУУН (Монгол киноны ахмад ажилтан)
өнөөдөр сонин