2012/08/24

Аз жаргалын эрэлд МУСК trailer

Дорнод аймгийн "Маршал энтэртайнмент", "A and O" студиуд хамтран анх удаа бүрэн хэмжээний уран сайхны киноны ажилдаа ороод байгаа ажээ. Киноны зураг авалт 8-р сарын 2-ны өдөр эхэлсэн бөгөөд 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.
"Аз жаргалын эрэлд" нэртэй уг киноны ерөнхий продюсерээр "Маршал энтертайнмент"-ийн захирал Н.Оюунбаатар, ерөнхий найруулагчаар "A and O" студи, ХДТеатрын найруулагч Б.Мөнх-Амьдрал ажиллаж байгаа юм байна.

Киноны үйл явдал 1995-2012 оны хооронд өрнөнө. Хоёр нийгмийн тогтолцоо, залуу хосуудын үнэнч хайр дурлал, хүн чанар, нутгаараа бахархах сэтгэлийг тод томруунаар, уран сайхны аргаар харуулсан бүтээл аж. Зохиолыг нь найруулагч Б.Мөнх-Амьдрал бичжээ. Тэрээр өмнө нь ХДТеатртаа болон бие даасан хэд хэдэн жүжиг, теле зохиомж найруулсан туршлагатай аж.


Уг кинонд Дорнодоороо овоглосон олон сайхан мэргэжлийн жүжигчид, уран бүтээлчид ажиллаж байгаа юм. Тухайлбал МУГЖ Ц.Ганзориг, СТА Б.Мангалжав, СТА Л.Батсайхан зэрэг туршлагатай ахмад уран бүтээлчид, КУДС-ын П.Баярцэнгэл, Э.Энхзул Э.Энхжин Э.Батболд нарын залуу уран бүтээлчид оролцож байна.


Киноны ерөнхий зураглаачаар "Төрийн дайсан", "Чонын дурлал", "Хайрлаж болох уу", "Сүүдрийн гэрэл" зэрэг олон шилдэг бүтээлийн ерөнхий зураглаачаар ажиллаж байсан "Монгол кино" нэгтгэлийн Ерөнхий зураглаач Г.Бат-ирээдүй ажиллаж байна.

Дорнод аймагт бүтээгдэж буй анхны бүрэн хэмжээний "Аз жаргалын эрэлд" уран сайхны кино ирэх 9-р сарын сүүлээр үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байгаа ажээ.