2012/07/31

The Shining дахин гялбах уу

Бүх цагийн үеийн шилдэг аймшгийн киноны жагсаалтад зүй ёсоор ордог 1980 оны The Shining сэтгэлзүйн аймшгийн киног мэдэхгүй кино сонирхогч ховор бизээ. Алдарт Stephen King-ийн романаас сэдэвлэн бүтээсэн уг киног шинэ цагийн аймшгийн киноны төрөлд классик бүтээл болон гарч ирсэн кино гэж өндрөөр үнэлдэг.  Мөн жүжигчин Jack Nicholson-ны гайхалтай дүр төрх, жүжиглэлт уг кинонд мөнхрөн үлдсэн юм.

Тэгвэл энэ гайхалтай бүтээлийг үргэлжлүүлэх тал дээр Warner Bros-ийнхан ажиллаж эхэллээ. Ямартай ч эрт бүтээгдсэн киноны үргэлжлэл бүтээнэ гэдэг хүнд. Тэр дундаа классик бүтээл бол бүр ч хүнд байх нь ойлгомжтой. Warner Bros-ийн мэдээлэлснээр өмнөтгөл (prequel ) түүхийг өгүүлэх анги бүтээх тал дээр ажиллаж байгаа гэсэн байна.

Хөгжүүлэлтийн багт зохиолч, продюсер Laeta Kalogridis (Shutter Island), James Vanderbilt (Zodiac) мөн Bradley Fischer (Black Swan) нар багтсан байна. The Shining романы зохиолч Stephen King уг романыхаа үргэлжлэл роман болох Doctor Sleep роман дээр ажиллаж байгаа бөгөөд ирэх 2013 онд хэвлэлтэнд гаргах аж. Хэрэв энэ роман сайн бүтээл болж чадвал тэд шууд энэ роман дээр тулгуурлан шинэ анги бүтээхийг ч үгүйсгэхгүй юм.