2012/07/30

Нугасны муухай дэгдээхий Nicole Kidman

Хүүхэлдэйгүй хүүхэд нас
Nicole Kidman-г Австралид төрсөн учраас л авьяастай байгаа юм гэж үздэг хүмүүс цөөнгүй. 1967 оны зургаадугаар сарын 20-нд төрсөн Nicole өөрийнхөө төрсөн нутгийг нарлаг Хавай гэж ярьдаг. Эцэг эх нь АНУ-д гэрлэж түүнийг төрүүлсэн ч биохимич аав нь ажлын шаардлагаар төрөлх Австралидаа охиноо дөрвөн настай байхад эргэн ирж суурьшжээ. Бяцхан охидын мөрөөддөг бүхэн Nicole-д байсан ч хүүхэлдэйгээр огт тоглож үзээгүй гэнэ. Учир нь, түүний гэр бүлийн ёс заншлаас үүдэн хүүхэлдэй авахыг ээж нь зөвшөөрдөггүй байв. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тууштай тэмцэгч ээж нь барби бол эмэгтэй хүний сайн сайхныг доромжилж буйн жишээ гэж үздэг байснаас хүүхэд нас нь хүүхэлдэйгүй өнгөрсөн аж. Харин аав нь эрүүл амьдралын хэв маяг гэж байнга ярьдаг байсан учраас зурагт үзэхийг нь хүлээн зөвшөөрдөггүй байжээ. Балетын сургуульд суралцана, драмын дугуйланд явна гээд л тэрээр хүүхэд насандаа үндсэн мэргэжил хүмүүжлээ төлөвшүүлсэн авьяастай охин байв. 14 настайдаа Австралийн "Бушийн төрсөн өдөр" кинонд тоглосон байна. Ийнхүү тэрээр кино урлагт хөл тавьж цаашид ч ажил, амьдрал, амжилтынх нь эхлэл кино урлаг байх болно гэж мэдэрчээ.


Өөрийгөө хамгийн сайн нь гэдгийг батал
Нугасны муухай дэгдээхий үзэсгэлэнт хун болдгийг үлгэрээр Кидман хэний ч хараа булаам сайхан бүсгүй болов. Тиймээс Австрали биш Холливудыг байлдан дагуулахыг хүслээ. Буржгар шар үстэй Кидманыг анх найруулагч Филлип Нойс олж харсан байна. "Үхдэл" кинонд анхных нь дүрийг санал болгож дараа нь "Аянгат өдрүүд" кинонд Том Крузын хамт тоглов. Кидманы хувьд энэ кино зөвхөн Холливуд дахь карьерыг нь нээгээд зогсоогүй аугаа хайртай нь учруулжээ. Анх "Үхдэл" киноны зураг авалтын үеэр Том Nicole Kidmanыг олж харчихаад зөвхөн энэ бүсгүй миний дараагийн киноны хамтрагч байх болно хэмээн найруулагчдаа тулган шаардсан байна. Газрын төлөө үхэн хатан тэмцэж Америкт ирж суурьшиж байгаа цагаачдын амьдралын түүхийн өгүүлсэн энэ кино олон хүний сэтгэл зүрхэнд хоногшсон билээ. "Бангконг Хилтон" киноны багтраа өвчтэй охины дүр түүнийг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн жүжигчин гэдгийг нь батлав. Том Круз анхны эхнэрээсээ гэрлэлтээ цуцлуулсан даруйдаа Никольд гэрлэх санал тавьжээ. 1990 оны арванхоёрдугаар сарын 24-нд тэд гэрлэжээ: Том гэр бүлийн амьдралд тэргүүлэх үүрэгтэй хүн гэдгээ батлахыг энэ удаад мөн л хүсч байлаа. Үнэндээ өөрөөсөө ялимгүй өндөр, үзэсгэлэнтэй эхнэр нь түүний хувьд жинхэнэ эр хүн гэдгийг нь илтгэх чимэг байсан аж.


Хүүхэдгүй он жилүүд
Хэдийгээр тэд гэрлээд хоёр жил гаруй болсон ч хүүхэдгүй л байлаа. Николь бүх л эмч домчоор явж боломжтой гэсэн арга бүхнийг хэрэглэхийг хүсч байв. Гэтэл эмч түүнд биш нөхөрт нь асуудал байгааг дуулгажээ. Николь нөхөртэйгээ ярилцаж түүнийг эмчид хандахыг хүссэн боловч нэр төрдөө дэндүү хайртай Том хүүхэд үрчилж авсан нь дээр гэж шийджээ. 1993 онд тэд бяцхан Изабелла охиныг дараа нь хар арьст Коннор хүүг өргөж авчээ. Энэ хугацаанд тэдний уран бүтээл нь үнэхээр амжилт дагуулсан он жилүүд байлаа. Хоёулаа хилийн чанадад зураг авалтад орж, уран бүтээлдээ хамаг бүхнээ зориулж байв. Үүнээс үүдэн гэр бүлийн харилцаа нь таагүй байдалтай болчихжээ.

Харин энэ үеэр Том Пенелопа Крустай учрав...
Арван жилийн хамтын амьдралын дараа Николь сонин дээрээс хайртай нөхөр нь салах өргөдлөө өгөх гэж байгааг олж уншжээ. Чухам яагаад Том ийм шийдвэр гэнэт гаргах болов. Бидний амьдралд юу болохгүй байсныг Николь хэдэн өдөр толгой гашилган бодсон боловч Томын Пенелопатай хамт олны нүднээ гарч ирэхэд л хэргийн эзэнг олжээ. Николь амьдралын хүнд цохилтод өвдөг сөхрөхгүйн тулд зөвхөн ажилдаа, кинондоо хамаг анхаарлаа төвлөрүүлж байв. "Мулен Руж" дуулалт кино. Ертөнцийг байлдан дагуулж чадлаа. Америкийн кино академийн дээд шагнал Оскар, Алтан бөмбөрцөг гээд бүх л шагналыг түүв. "Өөр", "Цаг" гээд түүний бүтээлүүд ар араасаа амжилт дагуулсаар байлаа. Жил бүр түүний тоглосон хоёроос гурван кино нээлтээ хийж байв. Гэхдээ Николь ажил, ажил гээд завгүй байсан ч хувийн амьдралдаа анхаарал тавьж амжсан гэнэ. Өнөөдөр түүний хүү Коннор нь кино урлагт хөл тавиад байгаа юм. Тэрээр 2006 онд тэрээр дуучин Кейт Урбантай гэрлэж хоёр жилийн дараа 41 насандаа охинтой болсон билээ. Бяцхан Сандэй өдгөө дөрвөн настай. Ийнхүү хожуухан ч ээж болсон сайхан бүсгүй охинтой болсныхоо дараа "Би түүнийгээ харах болгонд өмнө нь ямар ч үр бүтээлгүй амьдарч байж гэж боддог" хэмээн сэтгэлээ нээсэн нь бий. Төрсөн цагаасаа л уран бүтээлч ээж аавыгаа даган дэлхийгээр хэрэн тэнэх болсон  түүний охин хэдийнэ бяцхан аялагч болж амжсан аж.

Дашрамд дурдахад
1994 онд Николь НҮБ-ын хүүхдийн санг санаачилжээ. Тэрээр эмнэлгийн тусламж авч чадахгүй байгаа хүүхэд, эмэгтэйчүүдэд туслах сан байгуулан багагүй мөнгө хуримтлуулсан байна. Мөн хорт хавдарын эмчилгээг шинэ төвшинд гаргахад түүний оруулсан хувь нэмэр их. Зөвхөн өвчин зовлонгүй гачигдал дутагдал гэлтгүй тэрээр төрөлх Австралийнхаа авьяаслаг хүүхдүүдийг байнга дэмжиж суралцах боломжоор хангаж, тэдэнтэй уулзаж зөвлөж байдаг.

Топмэдээ