2012/07/09

Коля: Жүжигчин болоогүй бол тогооч болох байсан

Драмын театрын туслах найруулагч, жүжигчин Э.Батхүүг дугаарын зочноор урьлаа. Түүнийг эрхэм уншигчид "Татар ажиллагаа" киноны Колягийн дүрээр андахгүй мэдэх биз.

-Та бага насныхаа дурсамжаас хуваалцахгүй юу. Багадаа ямар хүүхэд байв?

-Би айлын том хүү. Аав, ээж маань хоёулаа багш тул завгүй ажилладаг байлаа. Өглөө гараад оройн 20:00 цагаас нааш ирэхгүй. Тиймээс би гэр орноо цэвэрлэж, хоёр дүүгээ харах, хоолоо хийх гээд гэрийн бүх ажлаа амжуулна. Зан чанарын хувьд томоотой, хэрсүү хүүхэд байсан юм уу даа. Нэг их үймүүлж дэггүйтээд байдаггүй байсан. Бага насаа "Үйлдвэр комбинат"-д өнгөрөөсөн. 120 мянгатын унаган хүүхэд. Хааяа нэг найзуудтайгаа нийлэхээрээ "Танктай хөшөө" рүү авирч, "Богдын музей"-г тойрон сэлгүүцэж Туул гол, дунд гол хоёрынхоо д-унд л тоглож өслөө дөө.


-Айлын том хүү хариуцлага ихтэй. Магадгүй таныг найруулагч болоход чинь нөлөөлсөн юм шиг санагдлаа?


-Айлын том хүүхэд байх сайхан. Гэхдээ хариуцлага өндөртэй. Багадаа ямар хэцүү юм бэ, хамаг ажлаа ганцаараа хийх юм гэж боддог байсан. Тэгээд дүү нар томроод ирэхээр айлын том ах жаргадаг юм байгаа биз дээ. Арван жил төгсөөд оюутан болох цагт хоёр дүүдээ зааж зөвлөхөөс өөр юм хийхгүй. Түүнийг тэгээрэй, үүнийг ингээрэй гээд л хэлчихнэ. Нөгөө хоёр маань хийчихсэн л байна. Удирдан чиглүүлдэг гэдэг утгаараа найруулагч мэргэжилтэй адил төстэй байж болох юм. Би эрэгтэй, эмэгтэй хоёр дүүтэй. Харин одоо тэд маань сургуулиа төгсөөд гэр бүл зохиох боллоо. Айлын том ахын хувьд, ажил амьдрал нь ямар байгаа бол гэж санаа зовохоос эхлээд асуудал их.

-Та өөрөө гэр бүл зохиож амжсан байх. Хэдэн хүүхэдтэй вэ?


-Нэг охинтой. Наадмын дараа ой хүрнэ.

-Урлагийн хүн болох гараагаа хэрхэн хийж байв?

-Би 1998 онд аравдугаар ангиа Багануур дүүрэгт төгссөн. Тэнд шилжин очдог жил, сургуулийн урлагийн үзлэг боллоо. Тэгээд ангийн багш "Чи хотоос ирсэн юм чинь ангийн урлагийн үзлэгийг зохион байгуул" гэсэн юм. Тэр үед би урлаг уран сайхны тухай юу ч мэдэхгүй хүүхэд ангийнхныгаа нааш, цааш болгож байгаад тэр жил түрүүлсэн. Манай анги урьд нь хэзээ ч түрүүлж байгаагүй юм билээ. Тэгээд багш нар намайг магтаж, хотоос ирсэн хүүхэд гээд их хөөргөж билээ. Тэгээд дараа нь дөрөвдүгээр сарын 1-ээр "Инээцгээе хүмүүсээ" нэртэй байгууллагуудын дунд уралдаан зарласан юм. Тэр уралдаанд би сургуулийн багш нараа төлөөлөн баг бүрдүүлж оролцоод 10 гаруй байгууллага дундаас түрүүлсэн юм. Тэгсэн чинь Багануур дүүргийн "Ноён" телевизээс манайд ажиллаач гэсэн санал ирж тэнд хөтлөгч, найруулагч хийж байгаад урлагийн хүн болохоор шийдсэн юм.


-Та хэдэн кинонд тоглосон бэ. Татар ажиллагаа киноны Колягийн дүр хүмүүст хүрсэн байх гэж боддог?

-Тоглосон кино бол цөөхөн. Анх 2003 онд "Мөрөөдлийн театр"-ын Г.Эрхэмбаяр, жүжигчин Р.Анхням нартай хамтарч "Сүүлчийн хөхөөн дуу" нэртэй уран сайхны киноны гол дүрд тоглосон. Гэхдээ тэр кино нэг их гараагүй юм. Дараа нь "Би чамд хайртай 2" киноны туслах дүрд тоглосон. Хамгийн сүүлд "Татар ажиллагаа" киноны Колягийн дүрд тоглолоо. Би 2003 оноос хойш "Hero Entertainment "-тай хамтарч ажиллаж байгаа. "Драмын дөрвөл", "Hero Entertainment"-aap клип хийлгэж байх үед бид танилцсан юм. Бид онигоо ярьж байгаад намайг Коля гээд хочилчихсон юм. Тэр үед "Татар ажиллагаа" киноны зохиол гарчихсан байсан. Кинонд тоглох санал тавиад намайг Коля хочоор нэрлэсэн юм. Одоо хоёр кинонд тоглох санал аваад байгаа.

-Ямар киноны санал вэ?


-"Хамгийн сайхан бүсгүй" нэртэй инээдмийн киноны зураг авалт эхлэж байгаа. Мөн наадмын дараа "Ганган төгс" кинонд тоглоно. Ард түмний санал асуулгаар кино бүтээх "Кино код" төслийн хүрээнд "Манжийн дарлалын эсрэг тэмцэгч-Шилийн сайн эрс"-ийн тухай өгүүлэх "Ганган Төгс" кино бүтээхээр болсон. Тэр кинонд биеэ бэлдэн, үсээ ургуулж, тав гэзэг тавьж байна.

-Таны багын мөрөөдөл жүжигчин болох байв уу?


-Тогооч болно гэж боддог байсан. Манай өвөө ч намайг дэмжиж тогооч болгоно гэдэг байлаа. Тэгээд аравдугаар анги төгсдөг жил тогоочийн курсэд суухаар өвөө бид хоёр тохирчихсон байсан юм. Яг аравдугаар ангиа төгсдөг жил "Music Holl" дээд сургууль элсэлт авч байна гэж сонсоод санаандгүй шалгалт өгсөн чинь тэнцчихсэн. Тэгээд өвөөдөө хэлсэн чинь "Чи тогооч болно гэсэн яасан бэ" гээд дургүй байсан юм. Тиймээс урлагийн сургуульд найруулагч мэргэжлээр суралцахын хажуугаар өвөөгийнхөө хүслийг биелүүлж тогоочийн курсэд суралцсан. Одоо би тогоочийн гуравдугаар зэрэгтэй. Оюутан байхдаа хичээлийнхээ чөлөөгөөр Хөдөө аж ахуйн яамны ресторанд бэлтгэл тогооч хийнэ. Зуныхаа амралтаар Хар хорин захын цайны газарт ахлах тогооч хийдэг байлаа. Жүжигчин болоогүй бол тогооч л болох байсан даа.

-Та их хөдөлмөрч хүүхэд байжээ. Өөрөө бие дааж жүжиг найруулах уу?


-Тийм бодол байлгүй яах вэ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард "Гэрэлт Гэнжийн туульс"-д оролцлоо. Саяхан "Гамлет" жүжгийг найруулан тавих багг орсон. Драмын урлаг, драмын ажил барагдахгүй их. Найруулагч Н.Наранбаатар ах надад дүр оноовол тоглочихно. Ойрд наадам гээд ажил их байна.

-Та цаашид драмын урлаг, дэлгэцийн бүтээл хоёрын алинд нь ажиллах бол?

-Урлагийн сургуульд суралцаж байх үедээ энэ урлагийн гэгээн сүмийг мөрөөдөж, түүнд зүрх сэтгэлээ өгсөн болохоор драмын театраасаа урвахгүй. Гэхдээ жүжигчин хүний хувь сэтгэлд нийцсэн кинонд бол тоглоно.

-Танд ер нь олон киноны санал ирнэ биз?

-Одоо үед бараг хүн болгон л кино хийх гээд байгаа юм биш үү. Нэг зохиол бичсэн л бол түүнийгээ кино болгож байж санаа нь амардаг шиг байна. Ер нь бол надад санал ирнэ л дээ. Гэхдээ би дуудсан болгонд нь очоод байх хүсэл алга. Зохиол, кино багийнхныг нь харж байж тоглох үгүйгээ шийддэг. Мөнгө амласан юм уу, найз нөхдийн гуйлтын кинонд бол тоглохгүй шүү.

-Та хэр тууштай хүн бэ?

-Аль болох тууштай, өөрийнхөө зорьсныг биелүүлэхийг хичээдэг. Гэхдээ мөнгөгүй бол энэ нийгэмд хөдлөх аргагүй байна шүү дээ. Тиймээс хаяа мөнгөний ажил хийнэ. Сайн найруулагч байхын тулд их зүйлийг уншин судалж, олон талын мэдлэгтэй байхыг хичээж байна. Багадаа уншиж байсан сонгодог зохиолуудаа дахин сэргээн уншиж байгаа. Саяхан "Гамлет"-ыг дахин уншлаа. Шал өөр мэдрэмж, бодол санаа төрсөн шүү. Тууштай байна гэдэг зохиол, амьдрал хоёр дээр харьцангуй ойлголт юм шиг санагдсан.

-Та хас тэмдэг зүүж явдаг юм билээ. Ямар учиртай юм бэ?


-Миний багшийн сүлд эм хас. Намайг даатгаж, ивээж явдаг юм. Би үндсэрхэг үзэлтэй. Гэхдээ ямар нэгэн бүлгэмд хамааралгүй. Эх орон газар шороо, элгэн саднаа хаана ч, хэзээ ч дээдэлнэ. Тиймээс би тоглох киноныхоо зохиолд үндсэрхэг үзэл санаа хэр зэрэг туссан эсэхийг хардаг.

-Таны ертөнцийг үзэх үзлийг сонирхмоор байна?


-Би өөдрөг үзэлтэй хүн шүү. Надад сайхан аав, ээж, амраг хань, хүүхэд байна. Дутуу зүйлгүй сайхан амьдарч байна. Бэлэн юман дээр суух сонирхол надад байхгүй. Өөрийнхөө хүч хөдөлмөрөөр, өөрийн амьдралаа цоо шинээр бүтээж, цогцлоохыг боддог. Багаасаа энэ зан чанараа гээгээгүй явна.

Зууны мэдээ Г.Лхагвадорж