2012/07/06

"ЖЕКСОН АМЬД..." Адал явдалт инээдмийн уран сайхны кино танилцуулга

Зовж олсон мөнгө тосон мөртэй, зольж олсон мөнгө цусан мөртэй...

Энэ бол "Жексон амьд" адал явдалт инээдмийн уран сайхны киноны уран бүтээлчдийн үзэгчид та бүхэнд хүргэх гэсэн үг, уран бүтээлээрээ дамжуулан илэрхийлэх гэсэн санаа юм. "Эрхэм элч" уран бүтээлийн нэгдэл болон Herub интертайнмент хамтран бүтээсэн энэхүү кинонд МУСТА жүжигчин С.Лхагвасүрэн, МУСТА Ш.Доржсүрэн, МУСТА Ц.Цэрэнболд, С.Баттулга, Н.Цэнгэлжаргал нарын жүжигчид тогложээ.
 

33 хоногын турш зураг авалтаа хийсэн кино багийн хувьд урьд нь хэд хэдэн уран сайхны кинон дээр ажилласан туршлагатай баг юм. Ерөнхий найруулагч С.Баттулга "Ийм нэгэн дурлал" киногоор найруулагчийн ажлын гараагаа эхлэж, хамгийн сүүлд "Худалч залуу" хэмээх инээдмийн киног үзэгчдийн хүртээл болгосон юм. Харин ерөнхий зураглаач Г.Баттулгын хувьд "Мойлхон", "Зөрлөг", "Учиртай гурав", "Аравт" зэрэг кинонууд дээр ажилласан туршлагатай уран бүтээлч юм.


Төсвийн мөнгө завшсан хэргээр 10 жил ял эдлэсэн Данс, хулгайн хэргээр 2 жилийн ял эдлэсэн жижиг гарын хулгайч Огурций хоёр нэг өдөр шоронгоос суллагдсанаар эхэлдэг. Нэг нэгнээ сайн танихгүй хэдий ч тэд хамтдаа нэгэн хуучин оёдлын машины эрэлд гарах болдог. Харин Огурций шоронгоос гарч ирээд хар нялхаасаа шүтэж, дуурайж ирсэн Майкл Жексон үхсэнийг сонсоод ямар ч амьдрах итгэл найдваргүй болно. Гэвч Данс, Майкл өөрийгөө хөлдөөсөн, амьд байгаа хэмээн итгүүлдэг... Ийм нэгэн итгэл сэтгэлээр нэгдсэн хоёр хүн хүнд хэцүү замд гарч, амьдралынхаа хоёр дахь ботийг зохиохоор зүтгэнэ. Гэвч тэдний араас мөшгих хүн олон...

Ийнхүү кино санаанд оромгүй сонирхолтой, хөгжилтэй үйл явдлуудаар өрнөх бөгөөд  "Жексон амьд" хэмээх өвөрмөц, сонин нэр нь киноны үйл явдлыг хөтөлж юунд хүргэх бол.

Жексон амьд киноны зураг авалтын зурагуудыг эндээс үзнэ үү.